
АРИУН СҮНСний буулт
Библи, Үйлс ном, 2 дугаар бүлэг, 1-41
Сүмийн өмнөх талбайд тоо томшгүй олон хүн шавалджээ. Энэ өдөр Иэхүдаад Ургацын баяр тэмдэглэж байгаа тул мөргөлчид олноороо цугласан нь энэ. Алгасал баяраас хойш тавь хоноод энэ баяр болдог аж.
Иэсүстэй нөхөрлөж явсан хүмүүс нэгэн уужуухан байранд цугларав. Тэд залбирч, яриа өрнүүлж байлаа. Гэтэл гэнэт хүчтэй салхи хүүгэх мэт янзын чимээ дуулдав. Чимээ шуугиан улам бүр нэмэгдсээр байрыг эзлэн дүүргэжээ.
Яг тэгтэл, олон жижиг дөл заль буй болоод, ирсэн хүмүүсийн толгой дээр бууж байв. Үнэндээ, энэ бол жинхэнэ гал биш харин Ариун Сүнсний тэмдэг, энэ үйл явдлын онцлог нь тухайн тэр үзэгдэл биш, харин хүмүүсийн зүрх сэтгэлд буй болсон явдал юм. Тэр хоромд, хүмүүс баяр хөөрийг мэдэрч, чанга дуугаар Бурханд магтаалыг өргөж эхлэв.
Энэ сацуу бас, Бурхан тэднийг хичнээн өгөөмрөөр соёрхож, Иэсүс тэдэнд хичнээн сайхныг хэлж ярьж, хийж үйлдэж байсан нь тодорхой болоод, хүмүүс Түүнийг харахгүй байгаа ч оршихуйг нь мэдэрч байлаа. Элч нар асар их урам зоригтойгоор Бурханд талархаж хавтгайдаа бахдан уухайлж, мөргөж залбиран, ая дуун өргөж байв.
Хэсэг хугацааны дараа анзаарвал тэд огт мэдэхгүй хэлүүдээр яг л төрөлх хэлээрээ юм шиг, Бурханыг магтаж байв. Энэ үед, зөвхөн элч нар төдийгүй, өөр бусад хот, бүр өөр улс орноос ирсэн хүмүүс ч тэдний хэлийг ойлгож байлаа. Ромчууд латин, грекүүд нь эллин, персүүд перс, арабууд араб, африкчууд төрөлх аялгаа сонсож байв.
Нэг хэсэг нь, гайхамшгийн хэрэг болж байна гэж үзээд айж балмагдаж, харин зарим нь нөгөөдүүлийг шоолон
– За, цаадуул чинь бүгд согтуу байна! гэлцэнэ.
Гэтэл элч нарын нэг нь босож ирээд, үг хэлэх гэж байгаагаа гар өргөн мэдэгдсэн нь Пээтр байв. Тэр
– Иэхүдаа эрчүүд ээ, холоос ирсэн хүмүүс ээ, хэлэх үгийг минь анхаарцгаа! хэмээн номлолоо эхлээд
– Энэ хүмүүс, та нарын бодож байгаа шиг согтуу биш ээ. Тэгээд ч одоо өглөө эрт байна. Эрт цагт эш үзүүлэгч Иоэль өнөөдрийн болсон явдлыг зөгнөж хэлсэнчлэн, бид Ариун Сүнсийг хүлээн авсан юм. Бичвэрт урьдчилан зөгнөсөн олон зүйл сүүлийн долоо хоногуудад биелэлээ олсоор байгаа. Харин, өнөөдөр арай өөр явдал болж, Ариун Сүнс бууж ирлээ. Назаарын Иэсүстэй холбоотой үүссэн бүхнийг эртний эш үзүүлэгчид зөгнөж хэлсэн байдаг.
Иэсүс, олон олон гайхамшгаар Бурханы Хүү гэдгээ нотлон харуулсан. Харин та нар энэ бүхнийг тоолгүй, ромчуудын дэмжлэгээр Түүнийг загалмайд цовдолсон. Гэвч Бурхан Түүнийг амилуулсан юм. Бид өөрсдөө гэрч нь тул үүнд итгэж байна. Цаазлуулсных нь дараа бид Түүний амьд байгааг өөрийн нүдээр харж, тэнгэрт өргөгдөхөд дэргэд нь байсан билээ. Ингээд Тэрээр Ариун Сүнсийг илгээсэн байна. Энэхүү Иэсүсийг Бурхан л бүхний дээр Эзэн болгосныг мэдэж авцгаа! хэмээжхүй.
Энэ хүнээр дамжиж Бурхан Өөрөө тэдэнтэй ярьсныг ихэнх хүн анзаарчээ.
Элчийн хэлсэн үг үнэнд нийцэж, түүний номлол зүрх сэтгэлийнх гүнд хүрч байгаад тэд эргэлзсэнгүй.
– Одоо бид тэгээд яах болж байна? хэмээн Пээтрээс тэд асуухад
– Гэмшицгээ, та нар Бурханы тусламжтайгаар шинэ амьдрал эхлүүлье гэж хүсэж байвал баптислуулцгаа. Тэгээд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна. Яагаад гэвэл эш үзүүлэгчдийн хэлсэн нь та нарт ч хамаатай юм гэлээ.
Пээтрийн номлолыг мянга мянган хүн сонсоод, тэр өдөр гурван мянга орчим хүн баптислуулжээ. Тэд бүгд л баяр хөөртэйгөөр Иэсүс Христийн сайнмэдээг хүлээн авлаа.
Тийнхүү, Пентэкостын өдөр буюу Ариун Сүнсний бууж ирсэн өдөр анхны чуулган буй болжээ.
Ярилцах асуултууд
4 асуултЭлч нар Ариун Сүнсийг хүлээн авсан гэдгийг юу тодорхой гэрчилсэн бэ?
Пээтр юун тухай номлов?
Тэр өдөр хэдэн хүн баптислуулсан бэ? Тэд ямар учраас ингэв?
Ямар баярыг Чуулган төрсөн өдөр гэж үздэг вэ?