
Иэсүсийн өргөгдөл
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 24 дүгээр бүлэг, 44-53, Үйлс, 1 дүгээр бүлэг, 9-11
Амилсан Аврагч, Эзэн Иэсүс, шавь нартайгаа уулзаж ярилцсан тэр өдрүүд юутай гайхамшигтай сайхан байсан гээч.
Гэлээ ч энэ өдрүүд эцэс төгсгөлтэй эс үргэлжлэв. Иэсүс, тэнгэр дэх Эцэгтээ буцаж очих ёстой байлаа.
Чидун уул бол уулзаж нийлэхэд аятайхан газар тул Иэсүс найз нөхдөө тийш нь аваачив. Иэсүс мөдхөн тэднийг орхино гэдгийг мэдсэн тул шавь нар нь их л гунигтай. Алгасал баяраас хойш дөч хоног өнгөрчээ.
– Битгий гуниглацгаа. Би Эцэгтээ, тэнгэрт очих тусмаа та нартай хамт байна. Тэр ч бүү хэл, Миний тухай сайнмэдээтэйгээр дэлхийн дайдад хүрэхэд чинь ч Би Ариун Сүнсээр тэнд байх болно. Би тэнгэрт одохдоо та нарт нэгэн Туслагчийг илгээнэ гэдгээ нэг биш удаа хэлж байсан даа хэмээн Иэсүсийг ярихад шавь нар нь Багшийгаа гайхсан янзтай харж байв.
Тэрбээр үргэлжлүүлэн
– Иохан усаар баптисласанд хүмүүс шинэ амьдралаар амьдрах хүслээ илчилсэн. Ариун Сүнс мөн энэ маягаар үйлчилнэ. Тэрбээр та нарыг шинэ хүн болгож, сайнмэдээ түгээх хүчийг өгнө. Ариун Сүнсээр дамжин Би та нартай хамт явах болно. Тэрбээр, Надтай харилцаж, Намайг ойлгож, хайрлахыг та нарт зааж хэрэгжүүлнэ. Та нар Бурханаас хүчийг аваад Миний тухай газар сайгүй ярих болно. Эхлээд энэ Иэрүшалээмд, дараа нь Исраэль дахинд, эцэст нь дэлхий даянаа гэрчилнэ гэв. Дараа нь Тэр, тэнгэр өөд мутраа сунган, шавь нараа ерөөгөөд гэнэт газраас өөд өргөгдөж, улам улам дээшилсээр үүлэн дунд орж шавь нарын нүдэнд үзэгдэхгүй болов.
Энэ нь тэдний хувьд даанч санамсаргүй ер бусын хагацал байлаа. Хамаг олны харсаар байтал, тэнгэрт өргөгдөх байдлаар Иэсүсийг Эцэгтээ буцна гэж хэн ч санасангүй. Одоо Тэрээр үл үзэгдэх өөр ертөнцөд Эцэгтэйгээ хамт байгаа.
Тэд тэнгэр гайхан ширтэж тэндээ зогссон хэвээр байлаа. Одоо яах болж байна аа? Энэ агшинд, гэрэлтсэн цагаан өмсгөлтэй хоёр хүн шавь нарын өмнө гараад ирлээ. Тэр бол Тэнгэрэлч нар бөгөөд нөгөөдүүлд хандан, Иэсүс дахиад тэнгэрээс газарт бууж ирнэ. Тэгэхдээ нялх хүүхэд биш, харин сүр хүч, алдар суут аугаа Шүүгч, Төгс хүчит Хаан болж залрах болно. Тэр цагийг болтол, Тэрбээр итгэгчдийн зүрх сэтгэлд амьдарч, тэнгэрт хаанчлах юм хэмээжхүй.
Шавь нар нь Иэсүсийн сүүлчийн хэлснийг санаад, баяр хөөртэйгөөр Иэрүшалээмд эргэн ирлээ.
Ярилцах асуултууд
3 асуултИэсүс шавь нартайгаа ямар байдлаар салах ёс хийв? Тэдэнд Тэр юу хэлсэн бэ?
Эзэн тэднээс ямар байдлаар явж одов?
Шавь нарт нь Тэнгэрэлч юу гэж хэлсэн бэ?