Шаул итгэгч болов

Шаул итгэгч болов

Библи, Үйлс ном, 9 дүгээр бүлэг, 1-30

Стээфаны үхэлд онцгой баярласан нэг хүн бол, христитгэгчдийг мөшгөн хавчигч, хуулийн багш Шаул гэгч залуу байв. Христийн шинэ Чуулганд үлэмж үүрэг нөлөөтэй Стээфаны үхсэнд сэтгэл хангалуун байгаагаа ч тэр нуусангүй.

Стээфаны үхлийн дараа, итгэгчдийн дээр аймшигтай хавчлага дарамт эхэлж, Шаул ч үүнд дуртайяа идэвхийлэн оролцож байв. Үүнийгээ тэрээр Эзэнд зүтгэж буй хэрэг хэмээн үзэж байлаа.

Шаул нэг удаа, Дамааск орж, тэнд онцгой олон байдаг христитгэгчдийг баривчлан Иэрүшалээмд авчирч, гэмт хэрэгтний ёсоор шоронд хийхийг зорив. Үүнд бүр өмнөөс бэлдэж, тэргүүн тахилчийн зөвшөөрлийг ч авсан байв. Дамааскт ойртож явтал, түүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн нэгэн явдал болжээ. Гэнэтийн хурц гэрэл түүнийг сохолж орхив. Шаулыг газар унахад, тэнгэрээс нэгэн дуу хоолой

– Шаул, Шаул аа! Чи юунд Намайг хавчаад байна! гэж сонстов.

Шаул айдастайгаар

– Эзэнтээн, Та хэн бэ? гэвэл мөнөөх дуу

– Чиний хавчиж мөшгөөд байгаа Иэсүс Би байгаа юм гэсэн тул Шаул айдас хүйдсээсээ болж дагжиж чичрэн, урьд нь ямагт хуурамч эш үзүүлэгч, мэхлэгч гэж нотлохыг хичээсээр ирсэн мөнөөх Иэсүсийнхээ өмнө сөхрөв.

Харагтун, Христийн чуулганы догшин хавчигч Шаул одоо харин буруугаа ухаарчээ. Тэнгэрээс түүнтэй ярьсан Иэсүс бол Бурханы Хүү бөгөөд, эш үзүүлэгчдийн зөгнөж хэлсэн мөнөөх Машияах мөн гэдэг нь түүнд илэрхий болов.

Иэсүс бас түүнд

– Бос, хот руу яв! Юу хийхийг чинь тэнд чамд хэлж өгнө гэв. Шаул босож, нүдээ нээх гэж оролдохдоо л, сохорсноо сая ойлгов.

Цуг байсан хүмүүс нь түүнийг хөтөлж Дамааск хүргэх ёстой байж. Тэнд очоод гурав хоног сохор хэвээрээ, юу ч идэж, юу ч уусангүй.

Энэ зуур тэрээр гагцхүү Эзэнийг дуудаж, өршөөл эрэн залбирсаар байлаа. Гурав хоног болоод Бурхан, Шаул руу Ананиа гэгч хүнийг явуулав. Тэрээр Шаул дээр гар тавин, эргэж хараа орохын төлөө залбирчээ. Шаул хараа ороод, баптислуулж, Христийн Чуулганы хүн болов.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Шаул яах санаатайгаар Дамааск явсан бэ?

  2. Түүний төлөвлөгөөг хэн сайшаав?

  3. Шаулыг Дамааскаас холгүйхэн хэн зогсоосон бэ?

  4. Шаул замдаа сохрохдоо юуг ухаарч мэдсэн бэ?

95. Шаул итгэгч болов00:00 / 04:05