Христийн төлөөх анхны хэлмэгдэгч

Христийн төлөөх анхны хэлмэгдэгч

Библи, Үйлс ном, 6, 7 дугаар бүлэг

Иэрүшалээмын Чуулган өссөөр олон мянган итгэгчтэй болжээ. Элч нарын зүгээс гачигдаж дутагдсан хүмүүсийн хэрэгцээнд үйлчлэхэд ихээхэн цаг шаардлагатай болж байлаа. Тиймээс, энэ асуудлыг шийдэх тусгай хүмүүс буюу үйлчлэгчдийг сонгохоор болжээ. Үйлчлэгчид нь зөвхөн ядуусыг халамжлах төдийгүй бас номлол хийдэг байв.

Тэдний нэг болох, Ариун Сүнсний хүч дүүрэн Стээфан олон хүнийг гэмшилд авчирч, Эзэн Иэсүсийн нэрээр гайхамшгийг үйлддэг нь иэхүдаачуудын атаа хорслыг ихээхэн хөдөлгөх болжээ. Энэ нь явсаар, Стээфаныг тэр үеийн иэхүдаа шашны дээд шүүх буюу санхэдрионы өмнө өчиг өгөхөд хүргэв.

Түүний үг бараг л номлол байлаа. Стээфан эхэндээ, Исраэлийн ард түмэнтэй Бурхан хэрхэн харьцаж ирсэн түүхийг ерөнхийд нь ярьсан болохоор ял хэлэлцээд байхаар юм гарсангүй.

Гэтэл мөдхөн, Стээфан тэднийг илчлэн шүүмжилж

– Та нар бол зөрүүд, Бурханы үгэнд дүлий! Өвөг дээдэс чинь бүхий л эш үзүүлэгчдийг хүлээн аваагүйн адил та нар ч Иэсүсийг хүлээж аваагүй гэв.

Дараа нь Стээфан тэнгэр өөд ширтээд

– Бурхан нүдийг минь нээсэн тул тэнгэрт би Түүнийг, бас хажууд нь зогсож байгаа Иэсүсийг харж байна гэлээ. Үүнийг сонсоод санхэдрионы гишүүд уур хилэнгээ барьж дийлэлгүй босон харайцгааж Стээфан руу дайран хотоос чирч гаргаад түүнийг алах гэж чулуугаар шидэж гарав.

Хүндээр шархадсан Стээфан залбиран байж

– Эзэн Иэсүс минь, намайг Өөртөө аваач! гэлээ.

Тэгээд чулуунд цохиулан сөхөрч унахдаа

– Эзэн минь! Энэ хүмүүсийг хийсэн нүглийнх нь төлөө битгий шийтгээрэй! хэмээн загалмай дээр Иэсүсийн залбирсантай яг адил, чангаар хашхиран залбирч гуйв. Ингэж, Иэсүс цовдлогдсон үедээ хэрхсэн лугаа адилаар, дайснуудынхаа төлөө залбирч амжаад амьсгал хураажээ.

Стээфан ийнхүү, Иэсүсийн дагалдагчдаас, Аврагч, Эзэн Иэсүст итгэсэн итгэлийнхээ төлөө амиа алдсан анхны хүн болов.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Элч нар ямар чухал үйлчлэлд цаг хүрэлцэхгүй болсон бэ?

  2. Энэ бэрхшээлийг тэд хэрхэн давсан бэ?

  3. Стээфан гэж хэн байв? Яагаад тэр иэхүдаачуудын уур хилэнг тэгтэл хөдөлгөв?

  4. Чулуугаар шидүүлж байхдаа Стээфан юу гэж залбирсан бэ?

94. Христийн төлөөх анхны хэлмэгдэгч00:00 / 03:53