
Итгэлийн баптисм
Библи, Үйлс ном, 8 дугаар бүлэг, 26-39
Хийц чамин сүйх тэрэг хээр цөлөөр аажуухан урагшилна. Тансаг хээнцэр өмсгөлтэй, африк төрхийн нэгэн эр бүрхүүл дор нь суугаад, орчин тойрноо ер анзаарах шинжгүй, хуйлмал бичвэр уншиж явна.
Эх нутаг Этиопдоо бол тэрээр нэртэй баян, цуутай ноён бөгөөд сангийн сайд хэдий ч тэр тийм ч их аз жаргалыг мэдэрдэггүй байж. Тэрбээр “Юун төлөө би амьдраад байгаа юм? Үхсэнийхээ дараа би яах ёстой бол? Гэм нүглийг минь өршөөх хэн байна? Намайг байгаагаар минь эрхэмлэж хайрлах хүн байна уу?” гэхчилэн түмэн асуултад хариу олох гэж яддаг байв.
Мань Сангийн сайд, Бурхан эрт цагт исраэль түмэнтэй хамт байж, хэрхэн зөв амьдрахыг тэдэнд заахаар сонгож авсан хэмээн нэгтээ сонссон юмсанж. Тийм учраас, Иэрүшалээм орж сүмд мөргөн, сэтгэл дэнсэлгэсэн асуултууддаа хариу олохыг хичээж яваа аж. Гэтэл, Исраэльд харьяалалгүй тул сүмд орохыг түүнд зөвшөөрсөнгүй. Ингээд учир битүүлиг асуудал зөндөө үлджээ.
Гэлээ ч, Иэрүшалээм орох аян талаар өнгөрсөнгүй, тэрээр үнэ цэнэтэй хуйлмал ном олж авсан байна. Тэр ном нь олон зууны тэртээ Иэшаяа үзүүлэгчийн хэлсэн бүхнийг бичсэн ажээ. Энэ ноён эргэж харих замдаа сүйх тэргэндээ суугаад, эш үзүүлэгчийн хэлсэн ёсоор, Түүнд хамаатай олон хүний төлөө сайн дураараа тамлуулан алуулах нэг Хүний тухай уншиж яваа нь энэ. “Энэ ер нь юу гэсэн үг вэ?” хэмээн сайд өөрөөсөө асуух агшинд нэг хүн
– Харин та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэх нь тэр.
Энэ бол Фиилип. Тэр элчийг цөлийн замд оч хэмээн Бурхан хэлсэн аж. Тэгээд Фиилип, энэхүү бараан арьст ноёнтон, эш үзүүлэгч Иэшаяагийн номыг чангаар уншиж байгааг сонсжээ.
– Би ердөө, юу ч ойлгохгүй байна. Чи мэддэг бол надтай яваад тайлбарлаж өг л дөө гэж нөгөө этиоп хэллээ.
Фиилипп тэрэг рүү авиран мөнөөх ноёнтой зэрэгцэж суув.
– Энд хэний тухай яриад байна аа? гэж Фиилипээс асуухад нь
– Иэсүсийн тухай
– Иэсүс ээ? Энэ хэн билээ? гэхэд Фиилип, Иэсүсийн тухай “Тэр хэрхэн өвчтөнүүдийг эдгээсэн, ямар гайхамшгуудыг үйлдэж, хичнээн хүнд хэрхэн тус болсноос авахуулаад Бурханы Хаанчлалын тухай хүртэл” ярьж өгөв. Түүнчлэн, фарисаичууд, тахилчид Түүнийг хэрхэн үзэн ядаж, эцэст нь ромчуудын дэмжлэгтэйгээр хөнөөсөн болохыг ч ярив.
– Харамсалтай юм. Би бол Түүнтэй баяртайгаар танилцах байсан даа гэж нөгөө ноёнтон дотроо хэлээд
– Үүнийг чи одоо хийж чадна даа! Учир нь Тэр амилсан шүү дээ гэхэд элч Фиилип тэр этиоп хүнд шавь нар гэрч нь болсон бүхий л зүйлийг, бас хэрхэн тэнгэр өөд өргөгдсөн болон Ариун Сүнсний тухай, эцэст нь Түүнд хамаатайгаа үзүүлэхийн тулд шавь нар нь хэрхэн баптислуулсныг хэлэхэд
– Би ч гэсэн баптислуулмаар байна! хэмээн тун ч шамдангуй дуугарав.
– Иэсүст үнэхээр итгэж байвал би дуртайяа баптислах байна хэмээн
Фиилип хэлэхэд этиоп эр зөвшөөрөн толгой дохиод
– Иэсүс Христ бол Бурханы Хүү! гэлээ.
Сүйх тэрэг ус булагтай баян бүрдийн дэргэдүүр явж байх үед тэд тэнд бууж Фиилип нөгөө хүнийг баптислав. Нөгөө ноёны зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхаж, Фиилипд талархал илэрхийлэх гэсэн боловч цаадах нь аль хэдийнээ алга байлаа. Тэглээ ч, Иэсүс одоо өөртэй нь эгнэгт хамт гэж итгэсэн тэрээр баярлаж баясан замаа үргэлжлүүлэв.
Ярилцах асуултууд
5 асуултФиилип яагаад цөлийн зам дээр ирсэн бэ?
Алдартай тэр ноён ямар хэргээр Иэрүшалээмд ирсэн байв?
Библийн ямар номыг тэр уншиж явсан бэ? Тэрээр Фиилипээс юу асуув?
Баптислуулахынхаа өмнө тэр этиоп юун тухай гэрчилсэн бэ?
Тэр юуны учир тийм их баяртайгаар цааш явав?