Залуу эш үзүүлэгч

Залуу эш үзүүлэгч

Библи, 1 Шэмүэль номын 3 дугаар бүлэг

Амлагдсан газарт, исраэльчууд олон жилийн турш амьдран суув. Тэд байшин барьж, газар хагалж үзмийн цэцэрлэг тариалаад газар нутгаа дайснаас ямагт хамгаалж иржээ.

Ариун газрын майхан буюу Асар, цөлд хэсүүчилж явахдаа хадгалж байсан, Бурханы арван тушаал бүхий хавтан одоо уулын өндөрт байрлах болжээ. Хүмүүс Бурханд залбирч, тахил өргөхөөр өгсөж ирэхийг харан тахилч Элий ариун газрын үүдэнд суудаг байлаа. Тэрбээр хэдийнээ өтөлж өвгөрөөд, тахилчийн албаа хашихыг больж, хөвгүүд нь одоо үүнийг гүйцэтгэх болжээ. Харамсалтай нь, тэд Бурханд дуулгаваргүй бөгөөд бузар мууг үйлдэх нь их болж. Элий энэ муу явдлыг мэдээд, буруу аашилж байгааг нь хэлэвч тэд эцгийнхээ үгийг ер хайхардаггүй байв.

Нэг удаа Элий дээр, бяцхан хүү хөтөлсөн эмэгтэй ирээд

– Амар байна уу! Намайг Ханнаа гэдэг. Санаж байна уу? Хэдэн жилийн өмнө, энэ Асарын урд ирээд би хүүгийнхээ талаар Бурханд залбирч байсан даа. Тэгэхэд би бүр уур уцаар болж, гомдоллож уйлж байсныг минь санаж байна уу? Одоо бол би жаргаж байна аа. Энэ миний хүү гээд нөгөө эмэгтэй хүүгээ энхрийлэн харж

– Залбирлыг минь Бурхан сонсоно гэдгийг та өөрөө хэлсэн дээ. Хүүг минь Шэмүэль гэдэг. Тэр одоо таны дэргэд үлдэж, танд туслан Бурханд үйлчилнэ. Түүнийг Эзэнд ариулан тусгайлах амлалтыг би өгсөн билээ гэсэнд Элий

– Бурхан чамайг ерөөг, Шэмүэль. Явья, байх байрыг чинь чамд зааж өгье гэлээ.

Элийд туслах нь Шэмүэльд таатай сайхан байлаа.

Нэгэн орой, Шэмүэль ядраад ариун авдрын хажууханд унтчихаж. Гэнэт, нэрээр нь нэг хүн дуудсанд тэр сэрээд

– Юу болов оо? хэмээн дуугарсан ч хариу алга тул босож Элий дээр гүйж очоод

– Та намайг дуудав уу? гэж асуув.

– Үгүй ээ, би дуудаагүй. Буцаж хэвтээд унт гэлээ.

“Хачин юм даа” гэж бодсон Шэмүэль, буцаж очоод удалгүй унтчихав.

– Шэмүэль! гэхийг дахин сонссон хүү эмээн Элий рүү гүйж хүрээд

– Харин сая та намайг дуудаа биз? гэвэл

– Үгүй ээ, хүү минь би чамайг дуудаагүй хэмээн Элий толгой сэгсрээд

– Явж унт! гэв.

Шэмүэль дахиад л унтлаа. Одоо бүр нэрээр нь чанга дуудсанд “Би бас л андуурч байж мэднэ” гэж бодсон ч Шэмүэль дахин Элий дээр гүйж ирээд

– Би ирлээ, Элий! Танд юм авчрах уу? гэсэн тул Бурхан Шэмүэльд хандаж байгааг тахилч мэдлээ.

– Буцаж очоод унтахаар хэвт. Бурхан дахиад нэрээр чинь дуудахаар “Эзэн минь айлдаж хайрла, боол тань сонсож байна!” гээрэй хэмээв.

Шэмүэль орондоо чимээгүйхэн хажуулаад хүлээж байлаа. Гэтэл мөнөөх дуу хоолой дахиад л

– Шэмүэль, Шэмүэль ээ! гэх нь тэр.

– Эзэн минь айлдаж хайрла, боол тань сонсож байна! хэмээн чичирхийлсэн намуун дуугаар Шэмүэль хариу хэлэв.

Тэгэхэд Бурхан түүнд

– Би Элийгийн гэр дээр шүүлт буулгана. Өөрсдийн ааш араншингаар Бурханыг гутааж байгааг мэдсээр мөртлөө хөвгүүдээ хорьж цагдаагүй тул түүнийг Би шийтгэнэ. Тэд хоёул нэг өдөр үхэх болно гэлээ.

Эзэний энэ аймшигт мэдээг сонсоод Шэмүэль өглөө болтол нүд хамхисангүй. Нар мандмагц Шэмүэль, Асарын үүдийг нээхэд Элий

– Бурхан чамд энэ шөнө юу хэлэв? гэж асуув.

Шэмүэль хариу хэлэхээ жаахан түдгэлзэж, Эзэний аймшигт сануулгыг дуулгахыг үл хүсэвч, эцэст нь бүгдийг Элийд хэллээ.

Тахилч хэсэг дуугүй байснаа, толгой дохин, гунигтайгаар

– Хэрэв Бурхан хэлээ бол бүгд ёсоороо болно. Тэр бол Эзэн гэв.

Шэмүэльд тэр шөнө Бурханы хэлсэн бүхэн хэдэн жилийн дараа яг тодорхой биелжээ. Шэмүэль жил жилээр өсөж торнин, Эзэн түүнтэй хамт байлаа.

Шэмүэль бол Эзэний эш үзүүлэгч байх нь зохистой гэдгийг Исраэль мэдэж, Эзэнээс Исраэлийн ард түмэнд хэлүүлсэн чухал чухал үнэнийг Шэмүэль дамжуулдаг байв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Бурхан яагаад Элийд сэтгэл ханамжгүй болов?

  2. Эзэн, сүм дотор Шэмүэльд хэдэн удаа хандсан бэ?

  3. Бурхан Шэмүэльд юу гэж хэлсэн бэ?

31. Залуу эш үзүүлэгч00:00 / 06:46