Исраэль хаан шаардсан нь

Исраэль хаан шаардсан нь

Библи, 1 Шэмүэль номын 8-10 дугаар бүлэг

Шэмүэль бүр хөгшин болжээ. Тэрбээр олон жилийн туршид, Бурхан өөрөөр нь исраэльчуудыг удирддаг хүн нь байж ирсэн билээ. Тэрээр маргааныг шийддэг шүүгч, хүмүүсийг Бурханд дуулгавартай байхыг уриалдаг эш үзүүлэгч байв.

Гэвч, исраэльчууд шүүгчийг биш, харин бусад улс түмнүүдэд байдаг шиг хаантай болохыг хүсжээ.

Тэд Шэмүэль дээр ирээд

– Биднийг захирах хааныг томил! гэцгээв.

Шэмүэль ихэд дургүйцэн, Бурханд залбирч эхэлсэн тул Бурхан залбирлынх нь хариуд

– Ард олны дуу хоолойг сонс доо... Тэд чамайг үгүйсгэж байгаа даа биш, харин Надаар хаанчлуулахгүй гэсэндээ тэгж байгаа юм гэлээ.

Тэгэхэд Шэмүэль хамаг исраэльчуудыг цуглуулаад

– Бурхан та нарт хааныг өгнө өө. Гэхдээ та нар хааны өмнө ямар үүрэг хүлээнэ гэвэл хөвгүүд чинь хааны цэрэг, зарим нь түүний сүйх тэргийг дагалдагч морьтон, хэсэг нь байлдааны тэрэгний зэвсэг хэрэгсэл хийгч, бусад нь түүний газрыг хагалж тариалан, ургацыг нь түүнд хурааж өгөх болно. Охид чинь түүний хоолыг хийж, талхыг нь барих болно. Үзмийн тариалан, талбай цэцэрлэгийн чинь олигтой гэснийг хурааж аваад ойр тойрныхондоо өгнө. Ургацын чинь аравны нэгийг албатууддаа авч өгнө. Зарц нарын чинь аль шилдэг нь түүний ажилд зүтгэх болно. Тэр цагт та нар, хаан хүсэмжилсэндээ харамсан, түүнээс ангижруулж өгөхийг Бурханаас гуйх боловч Бурхан та нарыг сонсохгүй гэж хэлэв.

Гэлээ ч, тэд Шэмүэлийн үгэнд оролгүй, үргэлжлүүлэн

– Бид хаантай болмоор байна! гэцгээсэн тул Эзэн тэдний хаанаар Шаулыг тавихаар тушаав. Шаул бол өсвөр залуу, үзэсгэлэн гоо, өргөн олноос өндөр нуруулаг нэгэн авай.

Исраэльчууд түүнийг баяр хөөр болон угтаж

– Хаан урт наслах болтугай! хэмээн хашхиралдаж байв.

Гэвч, Шаул сайн хаан байж чадсангүй. Тэрбээр Бурханы тушаал зааврыг дагалгүй, өөрийн дураар загнах болжээ. Иймд Бурхан Шаулын үр удмыг исраэль түмний хаан болгохоос татгалзан, Шаулыг өнгөрсний дараа ард олны хаан болгох хэмээн нэгэн залуу хүнийг сонгож авчээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ард олны хувьд Шэмүэль чухам хэн байсан бэ? Тэр ямар үүрэгтэй байв?

  2. Ард түмэн яагаад хааныг хүсэмжлэв?

  3. Энэ тухайд Бурхан юу хэлсэн бэ?

32. Исраэль хаан шаардсан нь00:00 / 03:55