
Итгэлийн ялалт
Библи, 1 Шэмүэль номын 17 дугаар бүлэг
Шэмүэлийг айлчилснаас хойш ч Давиид хонио хариулсаар л. Хонио бэлчээрт гаргахдаа тэрээр ятгалигаа авч явах нь цөөнгүй. Мал нь налайн өвс хазлах зуур тэрээр ятгалиг хөгжмөө тоглон, өөрийн хувьд шинэ шинэ дуу зохиодог байлаа.
Гэвч хоньчинд маань заримдаа хэцүү юм тохиолдоно оо. Тийнхүү нэг удаа хонио баавгайнаас хамгаалах хэрэг гарч. Эгээтэй л нэг хурга алдчихалгүй өнгөрөөд “Би хониндоо яаж ханддаг шиг, Бурхан надад бас тэгж ханддаг” гэж Давиид ухааран
– Тэрээр намайг харж хандан, халамжилж анхааран аюул нүүрлэхэд авран хамгаалдаг байна хэмээв.
Тэгээд, Давиид ятгалигаа аван, жаахан бодолхийлээд, чавхдасыг нь хөглөж дуулсан нь
– Эзэнбээр миний хувьд хоньчин минь билээ
Иймээс би юугаар ч үл гачигднам болой
Цэцэг ногоон бэлчээрт амраанхан тухлуулж
Цэнгэг дөлгөөн усруу гилж залнам бөлгөө
Аху сэтгэл юуг минь тэнхээжүүлэнхэн бэхэлнэ билээ
Алдар нэрийнхээ төлөөнөө үнэний мөрөөр хөтөлнө болой
Үхэл хүүшлэх хөндий туулавч би
Үтэл муугаас үл эмээнэм буюу зэ
Үүний учир хэмээвээс Та надтай эгнэгт цуг байж
Үргэлжид, таяг, саваа тань тайвшруулнам билээ...
Шаул нэг удаа бас л галзууран аашилж, ордныхон нь бүгд л айдас хүйдэст автан чичирч дагжив. Дараа нь өөрөө учир зүггүй харуусан халаглах боловч, үе үе ийнхүү ер бусын уур хилэн түүнийг эзэмдэн оволзуулдаг байв. Иймээс, ятгалиг сайн тоглодог Давиидийг ордонд дуудаж авчрах саналыг нэгэн албат нь гаргаснаар хааны ордонд Давиид иржээ.
Өөдөөс нь харж суугаа энэ хүнд Шэмүэль хаанчлалын тосолгоо хийснийг Шаул хэрвээ мэдсэн бол! Гэвч тэрбээр ийнхүү сэжиглэсэнгүй, удалгүй тэрээр залуу Давиидийг чин сэтгэлээсээ хайрлах болжээ. Ятгалигаар түүний тоглох нь Шаулын сэтгэл санааг бүлээцүүлдэг байлаа. Шаулыг пэлээшэтчүүдтэй дайтахаар явах зуур Давиид гэртээ ирэх боломж олдов. Ятгалиг хөгжимчин залуу, дайны талбарт юуны хэрэг болох билээ?
Ингээд, ах нар нь Шаултай хамт дайнд мордсон болохоор, Давиид дахиад л хонио маллах болж.
Нэг удаа эцэг нь түүнийг дуудаад, цэргүүдийн байгаа газарт очиж ах нартаа идэх юм хүргэж өгөх хэрэгтэйг хэлэв. Дайчдын байгаа газар хүрэхэд ядаж л хэдэн цаг явах ёстой болов. Тэрээр ах нартаа хоолны нэмэр хүргээд, тэдэнд ойртон, цэргүүдийн яриаг чагнаж суулаа. Гэтэл нөгөөдүүл нь гэнэт дуугаа хураан, алсыг харуулдаж эхлэв.
Пэлээшэтчүүдийн нэг нь Исраэлийн цэргүүд рүү дөхөж ирлээ. Энэ нь юун дайчин бэ гэвэл, нэр нь Голиат, өндөр нь бараг гурван метр, бөөн булчин шөрмөс болсон бадриун чийрэг нэгэн ажээ. Хүнд гэгчийн зэвсэг хэрэглэлтэй болоод, гартаа асар том жад барьжээ.
– Миний санал хэвээрээ шүү! хэмээн тэр хашхираад
– Нэг хүн гаргаад ир, би түүнтэй чинь халз тулъя. Хэрвээ тэр намайг дийлбэл, би ялагдсанд тооцъё. Харин би дийлвээс танайхан ялагдсан хэрэг болно. Хулчгарууд минь айгаа юу? гэсэнд Давиид
– Тэр одоо юу вэ, та нарыг ирүүлд дуудаа юу? гэж ах нараасаа асуулаа.
– Тийм ээ, анх удаагаа ч биш. Гэхдээ энэ дэмий хэрэг. Энэ доёгортой тулна гэдэг, үхэхээс өөрцгүй гэсэн үг! гэлцэв.
– Гэлээ ч, Бурхан манай талд шүү дээ! хэмээн Давиидийг гайхан хэлэхэд цэргүүд хөхрөлдөж
– Энэ чинь Бурханд юуны хамаа байна? Чадал тэнхээ, арга самбаа, шилдэг зэвсгийн тухай яриа болж байна. Энэ Голиатыг ялсан хүнд Шаул хаан охиноо гэргий болгож өгөхөөр амлачихаад байгаа юм. Гэхдээ, хэн ч зүрхлээгүй байна гэцгээжээ.
Өөрт нь ятгалиг тоглож өгдөг Давиид хүү дайчид дээр ирснийг Шаулд дуулгавал, түүнийг дуудуулжээ.
– Пэлээшэтчүүдтэй тулалдахыг минь зөвшөөрөөч хэмээн Давиид гуйсанд.
– Санахын ч хэрэггүй! хэмээн хаан хариу дуугараад
– Чи бүр дэндүү балчир, харин Голиат бол хүчирхэг болоод туршлагатай дайчин гэсэнд Давиид
– Гэхдээ, би сүргээс минь хурга шүүрэхээр ирсэн баавгайг ч, арсланг ч дийлж байсан. Тэгэхэд Бурхан надад тусалсан бол, пэлээшэтчүүдийн эсрэг ч бас тусална хэмээн мань залуу итгэлтэйеэ үгүүлэв.
– Итгэл чинь намайг гайхашрууллаа. Чамаас өөр хэн ч дуудлагыг минь хүлээн авахыг хүсээгүй юм. Миний хувцас өмсгөлийг өмсөж, зэвсгийг минь аваад Бурхантай хамт яв гэлээ. Шаулын өмсгөлийг Давиид тааруулж үзвэл, түүнд дэндүү хүнддэж, тэрээр дөнгөж л хөлөө зөөх төдий хөдөлж байв. Тиймээс түүнийг тайлж орхиод, дүүгүүрээ таван ширхэг гөлгөр чулуу, хурганы ууттайгаа аваад пэлээшэтчүүдийн зүг явлаа.
– Ха-ха-ха! хэмээн, өөдөөс нь дүүгүүртэй ирж яваа залууг харсан нөгөө хүн хөхрөөд
– Энэ чинь одоо, чи надтай тулалдах нь уу? гэсэнд
– Чи илд, жад бариад надруу ирсэн бол, би харин Исраэлийн дайчдын Бурхан, Эзэний нэрийг барин чам дээр ирлээ хэмээн Давиид хариуу хашхираад, дүүгүүрэндээ чулуу хийж эргүүлэн пэлээшэтрүү явууллаа. Чулуу нь нөгөө аваргын дуулганаас цухуйх цохонд нь тусаж, Голиат газар харуулдан уналаа.
Давиид гүйж очоод пэлээшэтийн илдийг сугалн толгойг нь тастаж зүйл дуусгав. Үүнийг үзсэн исраэльчууд ялалтын зориг ороод, пэлээшэтүүдийг аймшиггүйгээр довтлон нутаг орноосоо хөөжээ.
Ярилцах асуултууд
3 асуултДавиидад Шаул ямар зэвсэг өгсөн бэ?
Голиат хэрхэн Давиидийг элэглэж шоолов?
Давиид хэрхэн Голиатыг ялсан бэ?