
Мөшээгийн намтар
Библи, Гэтлэл номын 1, 2 дугаар бүлэг
Иааков хөвгүүдтэйгээ Иосээф дээр Мисиирэд ирснээс хойш олон жил өнгөрчээ. Одоо тэд зүгээр л нэг гэр бүл биш, харин жинхэнэ ард түмэн, Исраэль үндэстэн болсон байна. Мисиирчүүд Иосээфийг, бас түүний ач тусыг аль эрт мартжээ. Фараоны ээлж дараалан солигдсоор, одоогийн энэ Мисиирчүүдийн хувьд дээрх ирмэл хүмүүс тэдэнд заналхийлж байгаа мэт санагдах болсон аж. Тиймээс шинэ фараон нь Исраэльчуудыг боол болгож хувирган, шавар, сүрлээр тоосго хийх албадлагын хөдөлмөрөөр тэдний амьдралыг хүнд гашуун болгож орхив. Тэрбээр еврэй нарыг захиран хүнд ажлаар дарамтлах дарга нарыг томилжээ. Оноосон тооны тоосго хийж чадаагүй нөхцөлд энэ дарга нар харгис хэрцгийгээр тэднийг занчина.
Гэвч, исраэль түмнийг Мисиирчүүд доош дарахыг хичээхийн хэрээр нөгөөдүүл нь улам олширч жил жилээр хүчирхэгжиж байлаа. Тиймээс исраэль хөвгүүдийг төрмөгц нь устгаж байх аймшигтай зүйлийг фараон сэдэж оллоо.
Шударга зөв еврэй эмэгтэйгээс нэгэн хүү төржээ. Бурхан л хүүг нь аварч чадна гэдгийг эх нь мэдээд, Түүнд шаргуу залбирч байлаа. Тэгээд хүүгээ Мисиирчүүдээс нуусаар нэлээд удсан ч хүү нь гурван сартай болоход цаашид нууж чадахгүйгээ мэдэв. Хүүгийн эгч Мариим, ус нэвтрэхгүйгээр дотроос нь давирхайдсан сүлжмэл сагсан хүүг хийхэд нь ээждээ тусалжээ. Тэгээд тэд сагсаа авч Ниил мөрөн лүү явлаа. Тэнд, эргээс холгүйхэн зэгсэн дунд сагсаа тавив. Энд, сагсыг ус урсгаад явчихгүй, бас өөрөө хөвөөд холдчихооргүй ажээ. Мариим сагсыг ойрхон газраас ажиглан, юу болохыг харж байв.
Тун удалгүй, гол руу ирж яваа эмэгтэйг охин олж харлаа. Бүгдийн түрүүнд, тансаг хувцасласан залуу хатагтай яваа нь фараоны охин ажээ. Харин бусад нь түүний үйлчлэгч шивэгчингүүд бололтой. Хааны охин энд усанд орохоор ирсэн бөгөөд хувцсаа тайлаад ус руу явж орлоо. Сагсанд хийсэн дүүгийнх нь байгаа газар луу фараоны охин ойртохыг Мариим зүрх дэлсэн дэлсэн ажиглаж байлаа.
- Энэ юү вэ?! гэж гүнж хашхираад нэг шивэгчиндээ тушаан сагсыг уснаас авчруулан тагийг нь онгойлгов. Фараоны охин
- Энэ мэдээж, исраэль хүний хүүхэд байна. Эх нь манай эцгийн цэргүүдээс нуух гэсэн хэрэг хэмээхэд бараа бологсод нь
- Үүнийг чинь одоо яах вэ? гэж асуувал
- Энэ хүүхдийг алуулмааргүй байна! гэх сацуу, болгоомжтой нь аргагүй дөхөж яваа Мариимыг олж харлаа.
- Чи хаанаас гараад ирэв? гэж фараоны охин асуухад Мариим түгдэрсхийн
- Би юү? Энүүхэн энд тоглож байсан юм аа. Хэрэв та хүсвэл би хүүхдийг хөхүүлэх эмэгтэйг олж, дуудаад ирье гэсэн тул фараоны охин зөвшөөрч Мариим ч гэрлүүгээ хар хурдаараа жирийв. Ингээд болсон бүхнийг амьсгаагаа дарж ядан үгүүлэхүй, эхийнх нь царай гэрэлтэн
- Бидний залбирлыг Бурхан сонсжээ хэмээв.
Дараа нь тэд голын зүг яаран ирвэл, фараоны охин
- Энэ хүүхдийг гэртээ аваачиж асарч торд гэж тушаагаад
- Би төлбөрийг нь төлнө. Хүүхдийг том болохоор авчирч өгөөрэй. Тэр миний өргөмөл хүү болог гэлээ.
Эх нь үг хэлж ч чадахгүй болтлоо үнэхээрийн аз жаргалд автаж зөвхөн толгой дохилоо.
Фараоны охин нялх хүүг үнсэж
- Баяртай, миний хүү! гээд сүйх тэргэндээ суув.
Эх Мариим хоёр бас хүүг үнсээд
- Гэртээ тавтай морил! гэв.
Хүү гэртээ хэдэн жил өсөж торниход Бурханыг хайрлан Түүнд залбирч сургаад эх нь түүнийг фараоны ордонд хүргэж өгөв.
Гүнж түүнд Мөшээ гэдэг нэр өгөөд олон зүйлийг зааж сурган, фараоны хүүгийн ёсоор хүмүүжүүлэхэд санаа тавьсаар байв. Мөшээ боломж л гарвал эцэг эх, эгч Мариим, ах Ахароонтойгоо уулзаж учирдаг байлаа.
Тэгээд бас ордноос гарч Исраэльчуудын суурингаар явахад “Энэ Мисиирчүүд ийм сайхан амьдарч байхад миний ард олон ингэж ядарч зүдэрч байгаа нь шударга бус хэрэг. Исраэльчууд өглөөнөөс үдэш болтол ажиллан, өлөн зэлмүүн амь зууж, өөрсдийгөө ч өөд татаж чадахгүй байна” гэх бодол түүнийг нэрвэж байв.
Тэрээр нэг удаа, исраэль хүнийг нэгэн Мисиир хүнд ачаа үүрүүлээд ташуурдан хөөж явааг үзэв. Исраэль нь газар унахад нөгөө Мисиир түүнийг босгох гээд ташуурдаж гарлаа. Мөшээ ийм харгис хэрцгий, шударга бус явдлын хажуугаар зүгээр өнгөрөөд явчихаж түвдэлгүй, хүн амьтан байгаа эсэхийг хяламхийн хараад гүйж очин нөгөө Мисиирийг нударч орхижээ. Алуулсан хүнийг хараад л юу хийчихсэнээ сая тэр ухаарав.
Дараа өдөр нь, арцалдаж байгаа хоёр исраэлийг Мөшээ хараад тэдэн дээр очиж, буруутай гэсэн нэгэнд
- Түүнийг зүгээр орхи! Яагаад чи ах дүү болох хүнээ зодож байгаа юм? гэсэнд нөгөөх нь
- Чи юу юм? Өчигдрийн Мисиирийг алсан шигээ намайг бас алах нь уу? гэжээ.
Мөшээ айснаасаа болж царай нь цонхийн “Яасан хурдан тарчихдаг байна аа? Хэрэв Мисиир хүн хороосныг минь фараон мэдчихвэл намайг цаазалж таарна. Зугтах хэрэгтэй!” гэж бодов. Тэр дахин ордонд ирсэнгүй. Фараон ч, аллага үйлдсэнийг нь мэдээд түүнийг цаазлахаар эрж хайхыг зарлиглав.
Айдас хүйдэс, зовлон гунигаар дүүрч, өөртөө сэтгэл гутарсан Мөшээ, мөрдөж мөшгөгсдөөс нуугдахын тулд Мисиирээс улам бүр алсалсаар Мидиан нутагт хүрч иржээ. Элс, чулуу хоёроос өөр юмгүй энэ нутагт нэг худаг олсондоо Мөшээ баярлан цангаагаа тайлаад байтал хэдэн охид хонио услахаар тууж айсуй харагдав. Тэдэнд тусалж хонийг нь услалцсанд охид түүнд талархан хамт цайлахаар урив.
Энэ долоон охины эцгийг Иэтроо гэх агаад хүүгүй түүнд чухамдаа, онцын зорилгогүй хэсэж яваа Мөшээ шиг, тэр тусмаа чадал тэнхээтэй идэр залуу тун ч аятай санагдан, эндээ үлдэх санал түүнд тавив. Мөшээ ингээд, фараон хааны тансаг ордонг Мидиан газрын майхнаар солилоо. Мөшээ төдий удалгүй, Иэтроогийн ууган охин Циппораатай гэрлээд, тэднийд нэг хүү төрөв. Хадмынхаа мал сүргийг Мөшээ адуулж маллан Мисиирийг Маартгнаж, төрөлх түмнээ ч бодохоо бараг больжээ.
Гэвч харин, исраэльчуудыг Бурхан Маартлгүй, тэдний зовлон зүдүүрийг харж үзэж, залбирал гуйлтыг нь сонсон, тэдэнд туслахаар шийджээ. Үүний тул Тэрбээр Мөшээг дуудав.
Ярилцах асуултууд
4 асуултФараон юунд исраэльчуудыг хүнд ажлаар дарамталж байв?
Исраэльчуудыг үгүй хийхийн тулд фараон юу бодож олсон бэ?
Мөшээгийн ээж балчир хүүгээ хэрхсэн буй?
Мөшээ төрсөн гэртээ өсөж хүмүүжих зуур эх нь юу сургаж амжив?