
Иосээф ах нартайгаа уулзсан нь
Библи, Эхлэл номын 42, 43, 44 дүгээр бүлэг
Дараагийн долоон жил нь Мисиир нутаг үр тарианы арвин ургацтай байлаа. Үүний дараа долоон жил ургац ер гарсангүй. Мисиир нутаг даяар өлсгөлөнд автаад, хүмүүс фараоноос үр тариа гуйж
- Идэх юм юу ч үгүй бид турж үхэх нь ээ гэхэд нь фараон
- Иосээф дээр оч, тэр та нарт тусална гэдэг байв.
Ард олон, Иосээф дээр ирж, тэрбээр Мисиирийн агуулахуудаас тэдэнд үр тариа худалдана. Өөр бусад олон орноос талх тариа авах хүмүүс Мисиирэд ирж байлаа. Талх тарианы үнэнд хүмүүс уут уутаар нь цагаан мөнгө авчирч, Иосээф мөнгийг аваад уутыг нь үр тариагаар дүүргэж өгнө. Хэрэгтэй бүхэнд зарж хүрэхүйц тийм их үр тариа Мисиирийн агуулахуудад байжээ.
Иааков гэр бүлээрээ амьдарч суугаа Кэнаан газарт ч бас өлсгөлөн болжээ. Мисиирэд үр тариа байгааг Иааков дуулж мэдээд хөвгүүдээ явуулав. Урт удаан, хүнд хэцүү аяны эцэст тэд фараоны хүрээнд ирлээ. Тэднийг тэнд нэг хүнд хүргэж өгөхөд тэр хүн бүхий л байдал төрхөөрөө тэдэнд аймшиг, хүндлэлийг төрүүлж байв. Түүний өмсгөл зүүсгэлийн сүр жавхаатайг яана! “Энэ хүн бол фараоны тэргүүн сайд буюу Мисиирдээ хоёрт орох их эрх мэдэлт хүн байх учиртай” хэмээн том ах Рэүвэн нь бодож байлаа. Энэ нь харин тэдний дүү Иосээф болохыг тэр таамагласангүй. Ахан дүүс тэргүүн сайдын өмнө хүндлэл үзүүлж газар элэглэн унав.
- Эзэнтэн минь биднийг өрөвдөж үр тариа худалдаач! Бид хангалттай үнэ төлнө гэцгээв.
Иосээф ах нараа таниад, жаахан харзнаж “Ах нар маань өөрчлөгдөж үү гэдгийг үзье. Бузар муу хэргээ санаж, хийсэн үйлийнхээ төлөө харамсах нь уу?” хэмээн дотроо бодов. Ингээд
- Та нар, муусайн нууц туршуулууд! Энэ газар нутгийг тандаж тагнаад дараа нь довтолж дайрахаар иржээ! гэсэнд ах нар нь
- Үгүй ээ, үгүй! хэмээн цөхрөнгөө барж учирлаад түүний өмнө түрүүчийнхээсээ ч дорд бөхийн наманчлав. Яг энэ үед Иосээф, ах нарынх нь боосон юүж түүний юүжинд мөргөж байгааг эрт нэгэн цагт зүүдэлснээ эргэж нэг саналаа.
Рэүвэн, зориг орж
- Бид цөмөөрөө нэг эцгийн хөвгүүд. Ах дүүс арван нэгүүлээ байснаас нэг нь алга болж, отгон маань гэртээ үлдсэн гэвэл, Иосээф
- Аан тийм үү гэснээ
- Та нарын үнэн ярьж байгаа эсэхийг би магадлах учиртай. Ингэхийн тулд нэгийг чинь энд харгалзаж үлдээнэ. Бусад нь үр тариагаа авч яваад, дараа ирэхдээ бага дүүгээ авчир. Хэрвээ тэр ирвэл та нар дахин тариа будаа аваад харьж болно. Эргэж ирэхгүй бол та нар худал ярьсан хэрэг бөгөөд нууц туршуулууд мөн гэлээ.
Тийнхүү тэд ах дүү нарын нэг болох Шимооныг үлдээгээд, уут саваар дүүрэн будаа тариатай буцаж явав. Хөвгүүд нь эргэж ирээд, болсон бүхнийг ярихад отгон хүү Бэниаминыгаа явуулахыг Иааков хэрхэвч зөвшөөрсөнгүй.
Хэдэн сар болоод хоол хүнс дууссан тул тэрээр бөх зүрх гарган байж отгон хүүгээ ах нартай нь явуулжээ. Бэниаминд муу юм тохиолдохгүй байх талаас нь сайтар анхаарах болно гэдгээ Иэхүдаа амлав.
Мисиирийн том хотод тэднийг орж ирүүт л тэргүүн сайдынд аваачсан нь ахан дүүсийг түгшүүлжээ. Бүр гайхмаар нь, найрын ширээ зассан их танхимд тэднийг оруулав. Яагаад фараоны тэргүүн сайд чухамхүү тэднийг найранд урьдаг билээ? Хүн бүрд зааж өгсөн суудал нь яг насны дарааллаар байх юм. Мисиирчүүд яахаараа тэдний насыг ингэж сайн мэддэг билээ. Найрын дундуур, гэр орныхныхоо талаар илүү ихийг мэдэх гэсэндээ тэргүүн сайд ах дүү нартайгаа хэлмэрчээр дамжуулан ярьж байв. Маргааш өглөө нь аян замдаа гарлаа. Шимоон ах дүүстэйгээ буцаж, уут сав дүүрэн тариа будаатай, Иааков тэднийг гэртээ угтаад хичнээн их баярлах бол!
Гэвч ер холдож амжаагүй явтал, зэр зэвсэг агсаж, морь унасан хүмүүс тэднийг гүйцэж ирээд
- Та нар чинь яахаараа манай тэргүүн сайдаас хулгай хийдэг билээ? хэмээн тэргүүлэгч нь хашхиран
- Тэр таануусыг найранд урьж байх, харин та нар мөнгөн аягыг нь аваад гарахаасаа ичдэггүй ээ! гэлээ.
- Гэхдээ, эзэнтээн гэж Рэүвэн өмөөрөнгүй дуугараад
- Бид яалаа гэж хулгай хийх вэ дээ. Бидний ачаа барааг нэгжээд үз. Хэн нэгнээс маань тэр аяга гарвал тэр цаазлуулж, бид эзэнтний боол болцгооё гэлээ.
Бүгдээр уут савныхаа амыг тайлахад Бэниамины хүүдийнээс нөгөө аяга унаад ирэх нь тэр. Бэниамины хүүдийд тэр аягаа хийх ажлыг Иосээф өөрөө зохицуулсныг тэд яаж мэдэх билээ.
Иосээф сүүлчийн удаа ах нараа сорьж үзэхийг хүсжээ. Айдас хүйдэс болсон тэд буцаад фараоны ордон зүглэлээ. Бэниаминыг Мисиирэд боол болгож үлдээхийг Иосээф тушаажээ. Тэгэхэд нь Иэхүдаа зориг гарган
- Эзэнтээн, танд гуйлтаа хандуулахыг минь зөвшөөрөөч. Отгон хүүд нь ямар ч муу юм учруулахгүй гэж эцэгтээ би андгайлсан билээ. Хэрэв Бэниамин эргэж харихгүй бол эцэг минь уй гашуунаасаа болоод үхнэ. Тиймээс түүнийг явуулаад оронд нь би боол болж үлдье гэлээ.
Тэр нэгэн өдөр түүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг одоо тэдэнд сургамж болжээ гэдэгт Иосээф итгэв. Боол болгож худалдахын оронд харин өмнөөс нь боол болж үлдээд түүнийг аврахад бэлэн байна шүү дээ. Өмнийн тэд алга болж, Бурхан тэднийг өөрчилжээ. Ах нарыгаа гайхтал, Иосээф гэнэт чангаар уйлав. Жаахан тайвшраад
- Би Иосээф дүү чинь байна! гэхэд арван нэгэн ах дүүс нь түүнийг анх харж байгаа юм шиг цоо ширтээд, ганц үг ганхийх сөгөөгүй зогсов.
Мисиир даяныг гартаа атгасан энэ хүн чинь, эцэг нь илүүтэй хайрласны төлөө нэгэн цагт тэдний атаархаж явсан, эцсийн эцэст боол болгож худалдсан өнөөх Иосээф гэж үү?
- Битгий ай гээд Иосээф
- Би та нарт муу санахгүй ээ. Яагаад гэвэл, та нарыг бас өөр бусад олныг өлсгөлөнгөөс аврахын тулд Бурхан намайг Мисиир рүү илгээсэн гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Тэгээгүй бол энэ аюул гамшгийн улмаас бид бүгдээрээ үхэх байж. Ган гачиг эхлээд дөнгөж хоёр жил болж, долоон жил болтол үргэлжилнэ. Энэ бол Бурханы санаа байж гэдагт би та нарын ирсэн тэр цагаас л үнэмшсэн юм гэж ярилаа.
Ах нар нь хөдлөх ч үгүй хөшжээ. Өөрсдөө түүнд зөндөө муу муухайг учруулсан тэр дүү нь одоо ийм их сүр хүчин төгөлдөр болчихоод тэдэнд өс хонзон санахгүй байгаад тэд итгэж чадахгүй байв. Гэвч энэ байдлыг
Иосээф эвдэн
- Бэниамин! Чи чинь Иосээф ахыгаа танихгүй байна уу? гэж хашхирав. Тэгэхэд нь Бэниамин ухасхийн очиж тэврээд баяр хөөр болон уйлалдав. Хагацлын хаалт задарчээ. Ах нар нь ар араасаа ирж Иосээфийг тэврэв. Тохиолдсон бүхэн нь үнэн гэдэгт тэд итгэж чадахгүй байлаа. Ахан дүүс Иосээфтэй ярих л гэсэн бүхнээ зөндөө удаан хөөрөлдлөө.
Иосээф дээр ах дүүс нь ирснийг дуулаад фараон түүнийг дуудаж
- Ах дүү нартаа хэл, тэд эцгийгээ бас гэрийнхнээ Мисиирэд авчирч, өлсгөлөн зогстол энд байцгааг. Гэр бүлээ Кэнаанаас авчрах сүйх тэрэг тэргүүтнийг би тэдэнд өгнө. Тэд эд хогшил гэж санаа зовох хэрэггүй, тэндээ орхиг. Энд хэрэгтэй бүхнийг нь би өгөмц хэмээхүй, Иосээф фараонд мэхийн ёслоод
- Эзэнтэн минь, та надад мөн ч энэрэнгүй хандах юм. Тушаалыг тань гүйцэтгэхээр яаравчлая гэлээ.
Дараа өдөр нь ахан дүүс Иааковыг гэр бүл, мал сүрэгтэй нь авахаар Кэнааныг зорив. Иосээф ч Бэниаминыг гараараа даллан далласаар харагдахгүй болтол нь тэдний хойноос зөндөө удаан харж зогслоо.
Ярилцах асуултууд
3 асуултТалбай дээрх юүжний тухай, Иосээфийн зүүд хэрхэн биелсэн бэ?
Уутан дахь мөнгөн аягыг олоод ах нар нь юунд тэгтэл айж түгшив?
Иааков яагаад Бэниаминыг ах нартай нь Мисиир явуулаагүй вэ?