
Улаан тэнгисийн усан дундуур
Библи, Гэтлэл номын 13:20-22, 14, 15:1,22
Исраэльчуудыг дөнгөж хөдлөв үү үгүй юү, фараон тэдэнд ийнхүү зөвшөөрсөндөө харамсжээ.
- Тэднийг хөөж гүйцэх хэрэгтэй! Буцааж авчраад хатуу цээрлүүл гэж цэргүүддээ тушаав.
Хурдан морьд хөллөсөн, хоёр дугуйт тэргэн дээр, дэлбэгчтэй нь зэрэгцэн харваачид зогсоод Мисиирчүүд хөөж гарлаа.
Исраэльчууд Кэнаан нутаг тийш оджээ. Бурхан тэдний замыг Өөрөө зааж байлаа. Тэрбээр үүлэн баганаар, шөнө нь галан багана болон явж байв. Өдрийн халуунаас үүл халхалж, шөнө нь галан багана замыг нь гэрэлтүүлж байлаа.
Үүл зогсоход хүмүүс Мөшээгийн тушаалаар майхнаа татан амарна. Үүл хөдөлж эхэлмэгц дахиад л замдаа гарна. Ийн явсаар тэд Улаан тэнгис хүрч, хөвөөнд нь хүрээлэн отогложээ. Дөнгөж майхнаа бариад байтал ард нь их дуу шуугиан хадаж, морин төвөргөөн тачигнав. Мисиирийн зүг хараад, фараоныг бас түүний тэрэгт болон морьт цэргүүдийг тэд алсаас олж үзлээ. Фараон тэднийг Мисиир рүү буцаахаар хөөж иржээ. Ойртож яваа тэрэгнүүдийг тэд мэгдэж тэвдэн харцгаана. Одоо яана аа? Урд нь Улаан тэнгис, ард нь фараон цэргүүдтэйгээ.
Исраэльчууд ихэд айж тэвдэн, Мөшээг буруутган зэмлэж
- Чи яахаараа биднийг цөлд үхүүлэхээр авчрав? Энд ингэж үхсэнээс Мисиирийн боолчлолд байсан нь дээр байж. Ингэж ярихдаа тэд өөрийг нь таашаахгүй байгаагаа харуулсан ч Мөшээ тэднийг аядуухнаар тайтгаруулан
- Бүү түгшицгээ! Эзэн хэрхэн туслахыг өнөөдөр та нар харна. Эзэн та нарын төлөө тулалдаж, та бүгд тайвшрах болно гэлээ.
Ингээд ер бусын явдал боллоо. Отгийн өмнө өдөржин зам зааж байсан үүлэн багана исраэльчууд болон Мисиир цэргүүдийн дунд шилжиж очив. Мисиирчүүд гэнэт, өмнөө байгаа багир үүлэн баганыг харлаа. Энэ нь тэднийг төөрөхөд хүргэсэн тул үүл арилтал хүлээхийг фараон тушаалаа.
Мисиирийн талд үүл ямар харанхуй байсанчлан, Исраэлийнхний замыг тод гэрэлтүүлж байлаа. Исраэльчуудын айдас арай намжив. Гэлээ ч, одоо яах билээ? Бүгд л Мөшээг царайчлан харж, Бурхан түүнд
- Таягаа өргөж, тэнгисийн дээгүүр гараа сунга, исраэльчууд тэнгисийн дундах хуурай газраар гэтлэх болно гэлээ.
Мөшээ тэнгисийн эрэгт зогсоод усан дээгүүр гараа сунгав. Тэнгис хөөсрөн оволзож, салхин дэгдээд улам бүр ширүүссээр усыг хажуу тийш хэлбийтэл үлээлээ. Тэнгисийн дундуур өргөн хуурай зурвас гарчээ. Эцэст нь тэдний өмнө хонгил буй болж, салхинд хаагдсан ус хоёр талаар нь өндөр хана болон тогтлоо.
Бурхан гайхамшигийг үйлджээ! Исраэльчууд дахин зоригжив. Тэнгисийн чийглэг ёроолоор түрүүлж алхсан Мөшээгийн араас исраэльчууд бүл бүлээрээ цувран дагалаа.
Үүл алгуурхан дээшлэхэд Мисиирчүүд морьдоо ташуурдаж, тэнгис дундуур хөтөлсөн замыг хараад түүгээр шуурхайлан довтолгов. Төдөлгүй харин тэрэгнийх нь дугуй нойтон шороонд зууралдавч фараон цэргүүдээ цөхрөлтгүй урагш элдсээр байв. Энэ зуур исраэльчууд хэдийнээ нөгөө эрэг хүрчээ. Мөшээ тэнгис зүг эргээд таягаа түүн дээрээс буулгахад салхи шууд зогсон, тэнгисийн ус буцаж эрчиллээ. Исраэльчууд тэнгисийг бэргэж сүрдэн харуулдсаар зогсоно. Мисиирчүүд ер үзэгдэхийг болиод, тэрэгний хэсэг бусаг хэмхэрхий хамхархай л уснаа хөвж авай.
Исраэльчууд нэгэн зэргээр уухайн цуурай хадааж “Авралын минь шилтгээн, алдрын минь шалтгаан, а-яа Эзэн мину. Аврал минь, Бурхан минь мөний тул алдаршуулах болно оо, эгнэгт Таныгаа” хэмээн дуулах Мөшээтэй хамт ёслол хүндлэлийн дуун түрлэг өргөсөөр бөлгөө.
Ярилцах асуултууд
3 асуултМисиирчүүд яагаад исраэльчуудыг мөрдөж мөшгөв?
Фараоны цэргийг Эзэн хэрхэн зогсоов?
Эзэн ямар байдлаар тэнгисийг хуваасан бэ?