Маана ба хад

Маана ба хад

Библи, Гэтлэл номын 16, 17:1-7

Исраэльчууд цөлөөр явсаар, хүн, мал ус ууж болохуйц булаг шанд газар ирвэл тэнд хасарваанийн дал ургасан нь амарч хоргодох сүүдэр болж байлаа. Дахиад л тэд цааш Сийн цөл рүү хөдлөв. Мисиирээс авч гарсан жаахан хүнсээ тэд хэдийнээ баржээ. Одоо юугаа иддэг билээ?

Исраэльчууд Бурханаас хоол хүнс гуйх хэрэгтэй байлаа. Бурхан тэднийг өлсгөж үхүүлэхээргүйгээр хайрладаг шүү дээ.

Гэвч Бурханд найдаж дадаагүй исраэльчууд дургүйлхэн гоншигнолдож гарав. Тэд Мөшээ Ахароон хоёр дээр ирээд

- Өө, бид Мисиир газар үхсэн ч болоосой. Тэнд чинь мах зөндөө, бас бид боов талх цадталаа иддэг байлаа. Та нар биднийг өлсгөж алах гэж энэ цөлд авчирчээ гэлцэн, Бурханд ч Мөшээд ч ая талгүй хандаж байв. Гэвч өршөөл энэрэл, үлэмж хүлээцэт Эзэнбээр Мөшээд

- Ард олныхоо үгийг Би сонслоо. Тэдэнд хоол хүнс өгнө өө гэв.

Дараа өглөө нь исраэльчууд майхнаасаа гарахад газрын гадарга цайран цайвартаж үзэгдэв. Мөшээ

- За энэ бол тэнгэрээс Бурханы явуулсан талх. Хураагаад майхандаа оруул гэж тэдэнд хэлэв.

Исраэльчууд тэнгэрийн талх болох энэхүү мааныг цуглуулахад бүгдэд нь хүрэлцлээ. Бурхан түүнийг өглөө эрт буулгах бөгөөд өглөө эртлэн эс хурааваас нар гарахад хайлчихдаг байв.

Мөшээ тэдэнд үгүүлрүүн

- Бурхан өдөр бүр маана илгээх учир түүнийг үүц нөөц болгож илүү битгий түү гэсэн ч зарим нэг нь үгэнд оролгүй дараа өдөрт нөөцлөн авчээ. Маргааш өглөө нь босоод идэх гэтэл өнөөх нь өтөж өмхийрсөн байх тул хууд нь хаяхаас аргагүй болжээ.

Удалгүй бас исраэльчууд усгүй болж пижигнэв. Цөл хээрийн газарт гол мөрөн, нуур цөөрөм, худаг ус гэж үгүй. Гэлээ ч, Бурхан тэднийг харангадааж ална гэж үү? Мэдээж, үгүй. Гагцхүү исраэльчууд Бурханд хандалгүй, аанай л бас гомдол тээсээр Мөшээ дээр ирээд

- Чи яах гэж биднийг Мисиирээс гаргаа вэ? Үр хүүхэд, сүрэг малтай минь хатааж үхүүлэх гэж тэр үү? хэмээн орилолдож, Мөшээ рүү чулуу нүүлгэж алахаас ч сийхгүй болтлоо цухалдаж бухимджээ.

Мөшээ ч дахиад л энэ гачаалыг нь Бурханд уламжилж

- Энэ олон түмнийг би яалтай нь билээ? хэмээвэл Тэрбээр хариуд нь

- Таягаа аваад толгод өгс, цаадуулаас чинь нэг нь чамтай явна биз. Нэг хаданд тулж очоод таягаараа цохь, түүнээс ус урсаж гарна гэлээ.

Мөшээ ч очоод хадыг цохивоос цэвэр цэнгэг ус бургилан урсаж гарвай. Ангаж ундаассан улсад энэ бол мөн ч сайхан хэрэг байлаа. Уруул нь омголтож, хэл хоолой нь шатахыг шахсан хүмүүс одоо ханатлаа ундаалж, сав суулгандаа ус аваад зогсохгүй хамаг малаа услав.

Исраэль түмэн цөлд байх бүхий л цаг үедээ, Өөрт нь бүрнээ итгэж найдалгүй ямар нэгэн гомдол ямагт тавьж байсан ч Бурхан тэднийг орхисонгүй билээ.

Ярилцах асуултууд

5 асуулт
  1. Цөлийн байдал ямаршуу янзтай байсан бэ?

  2. Өлсөхийн цагтаа исраэльчууд ямар аяг гаргав?

  3. Бурхан тэднийг хэрхэн цатгав?

  4. Мааныг нөөцөлж хадгалах гэхэд яагаад муудаж байв?

  5. Усгүй болохдоо исраэльчууд яаж байсан бэ?, Бурхан юунаас ус гаргаж өгсөн бэ?

21. Маана ба хад00:00 / 04:15