
Асан дүрэлзэх бут
Библи, Гэтлэл номын 3-12 дугаар бүлэг
Мөшээ нэг өдөр Синай уулын хавьд хонио хариулж явлаа. Гэтэл гэнэт, нэг ер бусын юм харсан нь асан дүрэлзэж буй махирсын бут бөгөөд “Энэ бут хурц дөл гарган дүрэлзтэл асах мөртлөө шатчихгүй байгаа нь мөн хачин аа!” хэмээн гайхсаар Мөшээ тийшээ дөхөж очив. Тэр дороо хэн нэгний дуу хоолой сонстож
- Мөшээ! Мөшээ ээ! гэх нь тэр. Тэгснээ
- Мөшээ, Би бол Аврахаамтай, Иэцхаактай бас Иааковтай ярьсан Бурхан байна. Египэт дэх исраэльчуудын хэлмэгдлийг Би харж, тэдний бархирааныг сонслоо. Би тэднийг боолчлолоос ангижруулж, сүү балаар халгисан Кэнаан нутагт гаргаж аваачихаар шийдсэн. Иймд яв. Би исраэль түмнийг Мисиирээс гаргахын тулд чамайг фараон руу илгээлээ. Бүү зүрхшээ, Би чамтай хамт байх болно гэсэнд Мөшээ
- Би юү? За яахав, би ард түмэн дээрээ очоод, Эзэн минь, өвөг дээдсийн маань Бурхан намайг та нар луу явууллаа гэхэд тэд “Түүнийг хэн гэдэг вэ?” гэж асуувал би юу гэх билээ? гэж асуув.
- Би байгаа бол Би байгаа юм хэмээн асаж буй махирсын бутнаас хариу дуулдаад
- Би бол цорын ганц Бурхан, Аврахаамын, Иэцхаакийн бас Иааковын Бурхан гэлээ.
- Би чинь уран цэцэн үггүй, муу ярьдаг, хэл хазгай хүн гээд Мөшээ цааш нь
- Исраэльчууд, тэр тусмаа фараон намайг бүр ч сонсохгүй дээ гэвэл Бурхан
- Хүнийг Би бий болгоод, түүнийг бас ярьж сургаагүй бил үү? Хэрэгтэй гэсэн үгийг хэлэн дээр чинь тавих нь хэцүү хэрэг үү, Надад? гэв.
Мөшээ дахиж эсэргүүцсэнгүй ч
- Өөр хүн явуулаач дээ! гэсэнд Бурхан хилэгнэж
- Үгүй ээ, Мөшээ, чи үүнийг хийх ёстой! Хэрэв чи ярихаасаа айгаад байгаа бол Ахароон ахыгаа аваад яв. Тэр чамаас дээр ярина. Гэвч чи Миний элч болж, Исраэлийн ард түмнийг боолчлолоос гаргана! хэмээжихүй.
Ингээд, Мөшээ Бурханы тушаасныг биелүүлэхээр Мисиирэд эргэж ирлээ. Гэтэл, Мөшээ Ахароон хоёр исраэльчуудыг чөлөөлж явуулахаар фараоныг ятгах гэж хичээсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр цагт исраэлийн ард түмэн улам их ажиллахаас өөрцгүй болж, цааз шийтгэл бүр ч ширүүсэв.
Бурхан, фараонд болон Мисиирийн газар нутагт, аюул гамшиг, ургамлын хортон, өвчин гэхчлэн арван шийтгэл илгээсэн ч фараон ард түмнийг чөлөөлж, амлагдсан газар тийш гаргаж явуулахыг хүссэнгүй.
Тэгэхээр нь Бурхан, айл болгон бие хаа гэмтэл согоггүй нэг нэг хурга алгасалд зориулан нядлахыг Мөшээгээр дамжуулан тушаав. Алгасал гэдэг бол «хажуугаар нь өнгөрөх» гэсэн үг аж. Хурганы цусыг аяганд аваад, тэр оройдоо хаалганыхаа хоёр хатавч ба тотгонд түрхэх бөгөөд тэр шөнө нь Эзэний Тэнгэрэлч Мисиир даяар явж, бүхий л уугануудыг хөнөөх тул хэн ч гэрээсээ гарах ёсгүй байлаа.
Гагцхүү хаалганыхаа яс модонд цус түрхсэн айлыг л үхлийн тэнгэрэлч алгасаж өнгөрөх байв.
- Хоолны өмнө бид нэгэн зүйлийг хийх хэрэгтэй хэмээн өрхийн тэргүүн хэлэх бөгөөд энэ нь хүн бүр аян замын хувцсаа өмсөж таягаа аваад, хурганы махыг яаравчлан идэх учиртай байлаа. Энэ бол Эзэний Алгасал болой.
Бурхан, энэ өдрийг дурсаж санан үеийн үед баяр болгож тэмдэглэхийг тушаасан юм. Гэр бүлээрээ ширээнд суухад, гашуун ногоогоор амталсан махыг авчирлаа. Махны амт хүүхдүүдэд таатай байсангүй тул эцэг нь тэдэнд
- Мисиир дэх албадлагын хөдөлмөр бидний хувьд энэ ногоо шиг гашуун байсан юм гэж тайлбарлалаа. Тэдний өмнө авчирсан талх мөн л жирийнхээс арай өөр ажээ.
- Исгүүр хөрөнгөгүй гурилаар үүнийг хийсэн. Исгүүргүй бин хайрахыг Мөшээ бидэнд тушаасан юм. Исгэсэн талхыг хол замд авч явж болохгүй тул үүгээр бид аян замд бэлэн болсноо харуулж байгаа юм гэж ээж нь хэллээ. Ингээд бүгд унтлаа.
Өглөө нь исраэльчууд бүр эрт босоод гэр гэрийнхээ үүдэнд зогсож байв. Удтал хүлээсэн мөнөөх агуу их өдөр энэ мөн болов уу? хэмээн хүлээжээ.
За тэгтэл зарж явуулсан исраэль хүн нь
- Бүх юм Бурханы хэлснээр болжээ гэж холоос хашхираад
- Мисиир айл болгоны ууган хүү, бас фараоны хүү ч үхжээ. Өнөөдөр Бурхан, Түүний хүсэлд фараон цааш саад болж чадахгүйг харууллаа гэсэнд хүмүүс
- Харин бид одоо яах ёстой юм? гэж асууцгаав.
- Та нар чинь аян замд гарахаар болсон шүү дээ. Байгаа бүхнээ аваад угтан тосож байгаа тэр газарлуу явцгаа гэлээ.
Хүмүүс ч авч явж болох юмсаа авахаар гэр гэрээ зүглэв. Эцгүүд нь ууган хөвгүүдээ хөтөлж ирээд, хаалганыхаа хатавч болон тотгон дээрх цусыг харуулж
- Энэ бол энд исраэль хүмүүс энд сууж байгаагийн тэмдэг. Энэ цус чамайг Бурханы шүүлтээс аварсан юм, хүү минь! хэмээн хэлж өгөв.
Эзэн Өөрийн ард түмнийг Мисиирийн боолчлолоос гаргасан тэр өдөр Алгасал баярыг ийнхүү товлон тогтоосон болой.
Тэгээд фараон Мөшээ Ахароон нарт
- Хөдөлцгөө, миний ард түмний дундаас Исраэлийнхан та нар бүгд гарцгаа гэв. Тэднийг улс орноосоо бушуухан гаргах хэмээн Мисиирчүүд ч яаруулж байлаа...
Эзэн тэднийг эндээс гаргах хүртэл исраэльчууд дөрвөн зуун жил энд амьдран суусан бөгөөд эмэгтэйчүүд, хүүхдийг оруулахгүйгээр зургаан зуун мянган эр хүн байжээ.
Ярилцах асуултууд
4 асуултМөшээ цөлд ямар гайхалтай юм үзсэн бэ?
Мөшээд Бурхан юу гэж тушаасан бэ?
Тав дахь шийтгэлийн дараа фараон исраэльчуудыг чөлөөлсөн үү?
Алгасал баяр гэж юү вэ?