Орчлон ертөнцийг бүтээсэн нь

Орчлон ертөнцийг бүтээсэн нь

Библи, Эхлэл ном 1, 2-р бүлэг

Хамгийн эхэнд Бурханаас өөр юу ч үгүй, түнэр харанхуй л өвч бүрхэж байлаа. Ингээд Бурхан үүнийг өөрчлөхөөр шийдэж тэнгэр газрыг бүтээсэн юмсанж. Бүтээх гэдэг нь оргүй хоосноос бий болгох гэсэн үг бөгөөд нэг ч хүн үүнийг хийж чадахгүй. Гагцхүү Бурхан л чадах тул бид Бүтээгч гэдгээр нь Бурханыг нэрлэдэг. Чухам юу болсныг, хүмүүст Бурханы өгсөн Ном болох Библид өгүүлдэг билээ.

Анхны өдөр Бурхан “Гэрэл бий болог” гэсэнд гэрэл бий болжээ. Тэрбээр дараа нь гэрлийг харанхуйгаас зааглаад гэрлийг өдөр, харанхуйг шөнө гэж нэрлэв. Ийнхүү өдөр шөнө хоёр өнөөгийнх шигээ ээлжилдэг болсон байна.

Хоёр дахь өдөр нь Бурхан усан дээгүүр огторгуйг (одоо бид түүнийг атмосфер гэдэг) бүтээснээ тэнгэр гэж нэрийдэв. Тэрээр бас, усны зарим нь доор газарт, зарим нь дээр тэнгэрт байхаар болгожээ.

Дараа нь Бурхан бүхий л орон зайг одоогийн бидний амьсгалдаг агаараар дүүргэсэн байна.

Гурав дахь өдөр нь Бурханы үгээр, усан дороос хуурай газар цухуйгаад ус нь үүний тулд Бурханы бий болгосон хонхор хотгорт тогтов. Бурхан хуурайг нь газар, бөөн усыг тэнгис далай гэж нэрлэжээ. Гэвч газар дэлхий эзгүй хоосон нэг л онцгүйг Бурхан хараад “Газраас өвс, бут, мод ургах ёстой” гэсэнд баахан ургамал ногоо гарч иржээ. Газар дэлхий өнгө үзэмжтэй боллоо! Ургамал нь үрээ өгч, түүнээс нь шинээр дахин ургамал ногоо ургаж гарна. Моддын жимс нь дотроо шинээр мод ургуулах үртэй байв.

Дөрөв дэх өдөр нь Бурханы тушааснаар нар, сар, одод гарч иржээ. Бүтээгч маань нарыг өглөө болгон мандаж, орой болгон шингэж байхаар болгов. Биднийг унтаж байх шөнөөр харанхуй болж, харин Бурханы заавраар сар одод гэрэлтэх тул шөнө ч гэсэн тас харанхуй байдаггүй. Тэнгэрийн од тоолохын аргагүй олон, нар, сараар өдөр хоног, сар жилийг тоолох тооцох боломжтой болжээ. Бурханбээр бодож санаснаараа цаг хугацааг эмхэлж, бүгд тэрхүү дэг журамд орсон байна.

Тав дахь өдөр нь Бурхан амьд биетийг буй болгож эхлэв. “Ус бүхэнд амьд биетүүд бий болог!” хэмээн Түүний айлдсан нь ёсчлон бүтэв. Бурхан үлэмж аварга халимнууд, усан дотор цахилан шунгах том жижиг загаснуудыг буй болголоо. Далай тэнгист оршигч, нүдэнд үл өртөх өчүүхэн биетүүд хүртэл хамаг бүхнийг Бурхан буй болгов. Бурхан ийнхүү тоолж барамгүй олон юмсыг бүтээжээ.

Агаар тэнгэр ч ая эгшиг, амь амьдралаар дүүрэн бялхав. Бурхан зүсэн зүйлийн мянга түмэн шувуудыг бүтээсэн нь ургамал ногоон дээгүүр хөх тэнгэрт хөөрөн нисэж, хооллож амрахын тулд модон дээр бууж газар дээр явгалдаг болжээ. Ингээд усны загас, газрын амьтан, огторгуйн шувуудыг үр удамтай байлгая гэсэндээ Бурхан: “Үржицгээ, өсөцгөө!” хэмээн хамаг амьтныг ерөөв. Газар, тэнгэр, уснаа гайхамшигт нүргээнт амьдрал буцалж гарах нь тэр ээ.

Ийнхүү тав дахь өдөр өнгөрч зургаа дахь өдөр эхлэв. Бурханбээр мал сүрэг, хорхой шавьж, зэрлэг амьтад гээд улам улам олон амьд биетийг газар дэлхийд бий болгохоор санаа шулууджээ. Үхэр, адуу, гахай, заан, бар, арслан, бич сармагчин хийгээд бусад олон амьтан наран дор байраа олж, зайгаа эзлэв гэнэ. Могой ба мөлхөгч хөлхөгч өөр бусад амьтад ч гарч ирэв. Харин өрөөл бусадтайгаа ижил төстэй амьтан нэг ч байсангүй ээ.

Ингээд, Бурхан ажил үйлээ бараг гүйцээлээ. Тэнгэр хийгээд газар, нар болоод одод, ургамал ба модод, загас бас шувууд, газарт болон уснаа оршигч амьд бүхэн бий боллоо. Газар дэлхий үнэхээр гайхамшигтай сайхан болжээ! Гэвч, ямар нэг юм дутаад байгааг Бурхан харж “Хүнийг бий болгоё” гэв ээ. “Тэрээр амьтны л адил нүд, чих, хөлтэй бас амьтан юмсан бол ургамлын үр жимсээр хооллодог байх ёстой. Гэвч огт ондоо – Надтай төстэй байх болно. Ертөнцийг ойлгож мэдэхийн тулд бодож сэтгэх чадвартай байлгая. Ярьж хэлж, бодол санаагаа илэрхийлдэг байна. Бүхнээс түрүүнд тэрээр Надад итгэж Намайг хайрлах ёстой бөгөөд бид тэгвэл найз нөхөд байх болно” гээд Бурхан “Бид Өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээе” гэв.

Эхлээд Бурхан хөрс шороогоор эр хүнийг урлаж бүтээв. Дараа нь амьсгалаа үлээж түүнд амь хийгээд ухааныг өгчээ. Ингэснээр хүн нь амьтны адил хөдөлж явж, идэж, унтах төдийгүй бодож сэтгэж чаддаг болов. Тэрбээр өөрийнхөө талаар, бас орчин тойрон орчлон ертөнцийн тухай бодож, баярлаж инээж, уйлж гуниглаж, зарим нэг амьтны адилаар өнгөрснийг санах төдийгүй ирээдүйд юу тохиолдохыг ч бодож төсөөлж чадах боллоо. Мөн өөрийг нь Бүтээгчийг бас өөрийнхөө тухай ч бодож, Бурхан түүнийг хайрладаг болохыг олж мэдээд тун ч баяртай байлаа. Эхний хүнийг Адаам гэж нэрлэв.

Ээдэн гэдэг газарт Бурхан нэгэн цэцэрлэг бий болгоод Адаамыг тэнд авчирч суулгав. Энэ бол диваажин! Ээдэнгээс Пишоон, Гихоон, Тиигр, Евфраат дөрвөн гол мөрөн саалаалан гарч диваажинг усалж ундаалдаг байлаа. Эзэн цэцэрлэгийг арчилж байхаар Адаамд тушаахдаа үүнийг хийх хүч чадал, арга ухааныг бас өгсөн тул энэ нь хүний хувьд хүнд ачаа биш, харин ч баяр хөөрийг авчирчээ. Бурхан бас бүх амьтанд нэр бодож олохыг тушаасанд Адаам амьд бүхэнд нэр оноох энэ ажлыг дуртайяа гүйцэтгэлээ.

Гэлээ ч тэр жаахан гунигтай байв. Адаам нэг удаа амсхийж хажуулангаа “Бурхан надад мөн ч олон сайхан юм өглөө. Тэгэхээр, Тэр надад хайртай юм байна. Мэдээжийн хэрэг, эргэн тойрныхоо бүхнийг үл харгалзан ганцаардаж байгааг минь Бурхан мэдэж байгаа даа” гэж боджээ.

Ингэж бодсоор Адаам бөх гэгчийн нойрсжээ. Унтаж сэрээд өнөөх чинь учиргүй гайхаж нүдээ нухлав. Урд нь нэг эмэгтэй зогсож байх нь тэр ээ. “Одоо би орь ганцаар биш – мөрөөдөж явсан бүсгүй миний хажууд байж байна! Бурхан надад гэргийг өгсөн нь юутай сайхан!” гээд “Би ямагт түүнтэй хамт байж энэ нь надад ихээхэн аз жаргалыг авчирна даа” хэмээн бодож амжив.

Адаам Хавваатайгаа цэцэрлэгээр зугаалж, өөрийнх нь хувьд шинэ ямар нэгэн юм дандаа л олж мэддэг болжээ. Гагцхүү цэцэрлэгийн төв дунд очихоороо тэд тун болгоомжилно. Учир битүүлиг хоёр мод тэнд байсаар л. Бурхан энэ моддод нэр өгсөн агаад нэгийг нь “амийн мод”, нөгөөг нь “сайн муу мэдлэгийн мод” гэдэг ажээ. Гэхдээ сайн муу мэдлэгийн модноос жимс идэхийг Бурхан хориглосон байв.

Нөгөө хүмүүс аз жаргалтай амьдарч байлаа. Адаам Хавваа хоёр бие биенээ ойлгож хайрлаж байгааг үзээд Бурхан сэтгэл хангалуун байх ажээ.

Үүгээр зургаа дахь өдөр дууслаа.

Хийж бүтээсэн бүхнээ гүйцэлдүүлчихээд Бурхан тэр бүгд үнэхээр сайн болсныг харж сэтгэл нэн хангалуун болжээ. Гэрэл гэгээ хурц тод, агаар амьсгал анхилуун цэнгэг, газар дэлхийг ганган цэцэгс хучаад бүгд цөмөөрөө сайн сайхан ажээ. Нарны гялбаа өдрийн огторгуйг сүлээд, сарны гэгээ шөнийн тэнгэрийг чимээд, амьтад шувууд, амьд бүхэн хор хөнөөлгүй, аз жаргалтай, аливаа бүхнээс Адаам Хавваа хоёр бүр ч илүү жаргалтай байлаа. Учир юун хэмээвээс тэр хоёр өөр зуураа төдийгүй Эзэн Бурхантай харьцаж харилцаад тэр ч байтугай Түүнийг магтан алдаршуулж байв.

Долоо дахь өдрөө Бурхан өөр юуг ч буй болголгүй, ажил үйлээ орхин амарч энэ өдрийг ариулан тусгайлав. Амралтын өдөр ийнхүү онцгой нэгэн өдөр болжээ. Хожим нь Бурхан долоо дахь буюу долоо хоногийн сүүлчийн өдөр ажил хөдөлмөрөө азнан амрах тушаалыг ард олондоо өгсөн байна. Итгэгч бүхэн энэ өдөр Бүтээгчээ бодож санаж, Түүнийг магтан алдаршуулаад, Түүнд мөргөж үйлчлэх учиртай ажгуу.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Бурхан яагаад Бүтээгч буюу Туурвигч хэмээгддэг вэ?

  2. Тэнгэрэлч юмуу хүмүүс оргүй хоосноос ямар нэгэн юм бүтээж чадах уу?

  3. Хэн/юу чухам Бурханы гол бүтээл гэгддэг вэ?

1. Орчлон ертөнцийг бүтээсэн нь00:00 / 11:55