Кааен Хээвэл хоёр

Кааен Хээвэл хоёр

Библи, Эхлэл ном 4 дүгээр бүлэг

Адаам Хавваа хоёр хөөгдөөд цэцэрлэгээс гадуур амьдран сууж Кааен Хээвэл гэдэг хоёр хүүтэй болжээ. Тэд ч бас эцэг шигээ хүнд хүчир хөдөлмөрлөхөөс аргагүй болоод Кааен нь газар тариалан эрхэлж, Хээвэл мал маллав.

Диваажинд хүмүүс дээр Бурхан дандаа ирж тэдэнтэй ярьж хөөрдөг байсан бол одоо тэгэхээ больжээ. Гэхдээ ч үе үехэн хүмүүстэй ярьж, бас Өөрт нь хүсэлт гуйлтаараа хандахыг зөвшөөрдөг болж.

Кааен Хээвэл нар нэг удаа Бурханд тахил өргөхөөр шийдээд Кааен газрынхаа үр өгөөжөөс, Хээвэл нь хамгийн сайн хургыг тахилын ширээн дээрээ авчирч тавьжээ. Эзэн ИАВЭ Хээвэлийн тахилыг хүлээн авсан ч Кааеныхыг авсангүй. Хүн чухам ямархуу зүрх сэтгэлээр ирж байгаа нь л Бурханы хувьд чухал юм. Кааены зүрх сэтгэлийн хандлага нэг л биш байлаа. Тэрээр дүүдээ атаархсандаа аймшигтай ихээр уурлаж, нүүр царай нь байдгаараа барайжээ.

Кааены сэтгэл санаа ямаршуу байгааг Бурхан үзээд аядаж азнан, эргэцүүлж ухаарах боломж түүнд олгохыг хичээн “Чи яачихаад байна даа. Сэтгэл зүрхээ шинж, аюул айсуй байна шүү. Ёрын муу юм чам руу гэтэж, түүнийг дотогшоо бүү оруул” хэмээв. Гэлээ ч Кааен үгэнд нь орсонгүй. Тэрбээр Хээвэлийн адил, Бурханыг гэсэнгүй, харин өөрийгөө л эрхэмлэжээ.

Хээвэлийг бодох тусам л улам бүр үзэн ядаж байлаа. За тэгээд аймшигтай юм болох нь тэр. Нэг удаа тэд хээр гарч явтал Кааен дүү рүүгээ дайрч түүнийг хөнөөлөө. Хээвэлийн цус газрыг будаж, тэрээр энэ дэлхий дээр үхсэн анхны хүн болов. Ингэж, Кааены үзэн ядалт дүүгээ егүүтгэхэд хүргэжээ.

Тэр даруй Бурханы дуу хоолой дуулдаж

- Дүү Хээвэл чинь хаана байна?

- Мэдэхгүй. Би ямар дүүгийнхээ манаач нь юм уу? гэж Кааен нэн таагүй хариулав. Харин Бурхан

- Дүүгийн чинь цус газарт асгарсныг Би үзлээ. Гэм нүгэлд эзэмдүүлэхээ зөвшөөрсний чинь төлөө чамайг Би шийтгэнэ. Өөрийн гэрийг орхиод, өрөөлийн нутагт мөнхийн тэнүүлчин болж, аль ч газар чи амар заяагаа үзэхгүй гэлээ.

Бурханы түүнтэй ярьсан тэр газрыг Кааен орхиж одов. Кааен нь хол газар явж, Хээвэл нь үхэж, Адаам Хавваа нар ийнхүү хоёр хүүгээ алдав.

Хээвэлийнхээ араас тэдний хичнээн уйлж гашуудсаныг хэлж төсөөлөхийн аргагүй ч Кааены муухай хэргийн төлөө бол бүр ч их шаналсан байж таарна. Хориотой тэр жимсийг Сатааны санал болгосноор яах ч гэж идлээ дээ? Хэрэв ингээгүйсэн бол Ээдэн цэцэрлэгт Эзэн Бурхантайгаа харилцах жаргалтай амьдрал нь хэвээрээ, бас Хээвэл хүү нь амьд байхсан билээ.

Хожим нь Кааен гэрлэж, үр хүүхэдтэй болсон боловч тэд нар нь Бурханыг хайрлаж үгэнд нь ордоггүй бузар хатуу зүрх сэтгэлтнүүд болжээ. Гэвч Адаам Хавваа хоёрыг Бурхан өрөвдөж, Бурханд итгэлтэй, Шээт хэмээх нэгэн хүүг заяав. Кааены үр удмаас Аврагч төрөхгүй гэдгийг Адаам Хавваа хоёр ойлгосон. Энэ бол тэдэнд нэн чухал хэрэг юм. Харин Шээтийн хүүхдүүд Бурханыг эрхэмлэн хайрладаг болов.

Ийнхүү Кааены, Шээтийн гэсэн хоёр төрлийн үр удам дэлхий дээр амьдрах болжээ. Библид, Шээтийн үр хүүхдийг Бурханы, харин Кааены үр хүүхдийг хүний хөвүүд гэж нэрлэдэг.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Бурхан яагаад Хээвэлийн тахилыг хүлээн авч, Кааеныхыг аваагүй вэ?

  2. Кааен ямар хэрэг тарьсан бэ?

  3. Шээтийг төрүүлэх нь яагаад тийм чухал байв?

3. Кааен Хээвэл хоёр00:00 / 05:55