
Үер
Библи, Эхлэл ном 6-9 дүгээр бүлэг
Адаам Хавваа нарын үр удам тун ч олуулаа боллоо. Адаам, Хавваа, Кааен, Шээт нарыг өнгөрөхөд газар дэлхий дээр зөндөө хүнтэй болчихсон байв. Тэр үеийнхэн их урт насалж, өтөлж хөгширтлөө эрүүл мэнд, эрч хүчээ алддаггүй байж. Адаам 930, Шээт 912, Ханоохын хүү Мэтүшээлах 969 насалжээ. Энэ хүмүүсийн хувьд Ханоохоос бусдынх нь талаар тодорхой юм бараг үгүй. Харин Ханоох зөвт хүн байж, баяр хөөртэйгөөр Бурханд үйлчлэн 365 нас хүрэхэд нь Бурхан түүнийг газар дэлхийгээс авсан. Өөрөөр хэлбэл, нас барж оршуулгагүйгээр амьдаараа тэнгэр лүү Эзэнээр авагдсан гэж түүний тухай бичсэн байдаг. Түүний хүү Лээмэхийнд нэгэн хүү төрсөнд ажил хөдөлмөрөөс нь тэр хүү амсхийлгэнэ гэдгийг эцэг эх нь хараад Ноах буюу амарлиулагч гэж нэр өгчээ.
Ноахын үед Шээтийн үр хойч мөн л Кааены удмынхан лугаа адил загнаж, Бурханыг уМаартн элдэв бузар мууг үйлджээ. Гэм нүглийг нь Бурхан харж байгаа гэдгийг энэ хүмүүс бодсон ч үгүй. Тэд атаа жөтөө, үзэн ядалт, өрсөл тэрсэлд автан бие биентэйгээ тэмцэлдэх болжээ. Тэдний олонх нь Бурханы тухай юу ч мэдэхийг хүсэхээ болиод, харин өөрийнхөө чадал тэнхээ, сүр хүчинд эрдэж дулдуйдах болсон байна. Хүний сүр хүч ч Бурханаас эхтэй гэдгийг тэд бодохоо больжээ. Жил улирлыг Бурхан тогтоож, амуу тариа, үр жимсийг Тэр л зөвшөөж, хур, нар, салхийг ч Тэрбээр илгээдэг болохыг тэд мартжээ.
Бүтээгчийгээ ч, бие биенээ ч хайрлах хайхрахаа больсонд нь Бурхан урам алдарч, хүнийг бүтээсэндээ харамсаж харуусав. Ингээд, бузар муугийн эцсийг үзэхийн тулд газар дэлхий дээрх амь амьдрал бүхнийг алга хийхээр шийдлээ.
Ноах л харин шударга зөвт хүн тул Эзэний ивээл ерөөлийг авч, 500 насандаа Шээм, Хаам, Еэфэт гэж гурван хүүтэй болсон байж. Бузар муу үйлээс нь Бурхан тийш эргүүлэхээр Ноах хүмүүсийг уриалж дуудсаар байв. Амьдрал байдлаа өөрчилж, Бурхан руу эс эргэвээс даян дэлхийг Бурхан усан үерээр устгана гэдгийг хүмүүст сануулан сэргийлсээр байхад хэн ч түүнийг сонссонгүй.
Тэд өөрчлөгдөх нь байтугай гэм нүгэлдээ улам бүр живсээр байгааг Бурхан үзээд, Ноахад
- Цаг боллоо. Би их үерийг илгээнэ. Хүмүүс бузар муухай ч Би чамтай гэрээ байгуулан, энэ үерээс танай гэр бүл буюу чи, чиний эхнэр, хөвүүд чинь, тэдний эхнэрийг л аварна. Ингэхийн тулд чи их том бүхээг буюу хөлөг онгоц барих ёстой. Анхааралтай сонсоод, яг Миний хэлсэн ёсоор бүхнийг хий. Жодоо мод аваад ус үл нэвтрэхээр, дотор гадаргүй давирхайд. Энэ хөлөг онгоц чинь зуун гучин метр урт, хорин хоёр метр өргөн, арван гурван метр өндөр байх ёстой. Сайн хаагдах бөх хаалгыг хажуу бөөрөнд нь, харин жижигхэн цонхыг дээр нь хий. Бүхээг чинь дотроо гурван давхартай байна. Энэ хөлөг дотроо хамаг шувуу, дөрвөн хөлтөн, хорхой шавьж, том бага бүхий л амьтнаас хосоор нь авч орж багтахуйц зайтай байх юм гэвэй.
Ноах ч хөвүүдийнхээ хамтаар барьж байгуулах ажилдаа орж явчихав. Тун ч олон жил болж. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс “Энэ Ноах одоо юу барих гэж бодоо юм бол?” гэлцээд хөлөг онгоц болно гэж ярихыг нь сонсохдоо түүнийг шоолон инээлдэж
- Энэ том тэвшээ чи тэгээд, тэнгис рүү яаж чирж хүргэх юм бэ дээ? гэж байцаахаар нь Ноах
- Ус өөрөө ирнэ, тэгээд тэр хөвнө гэдэг байж. Хүмүүс
- Наашаа юу? Ноах чи солиорчээ! гэхийг сонсоно гэдэг Ноах болон гэрийнхэнд нь амаргүй байдаг ч тэд Бурханд итгэж найдан “Элдэв бузрыг сэдэж, үйлдэгч бүхнийг устгах их үерийг Бурхан илгээнэ” гэж хүмүүст хариу хэлсээр байлаа.
Аварга том онгоц бэлэн болохын цагт Бурханбээр Ноахад
– Чамд Миний хэлсэн ёсоор, гэр бүлээ бас нөгөө амьтдыг аваад хөлөг дотроо ор. Долоо хоногийн дараа Би их үерийг илгээнэ. Газар дэлхий тэр чигээрээ далд ортол нь дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо цутгана гэлээ.
Их үүдийг Ноах онгойлгоход амьтад хос хосоороо бүхээгт орж эхлэв. Тэгээд Ноах бас, бүхээгт орсон хүн амьтан бүгд идэж хүрэлцэхүйц амуу тариа, үр жимс, өвс тоос гээд хоол хүнсийг авлаа. Эцэст нь Ноах өөрийн эхнэр, гурван хүүгээ эхнэрүүдтэй нь дагуулан хөлөг дотроо орлоо. Ийнхүү бүхээг дотор найман хүнтэй болоод, хаалгыг нь Ноах биш, харин Бурхан Өөрөө хааж өгсөн тул Бурхан тушаахаас нааш энэ хаалгыг онгойлгож болохгүйг Ноах ухаарчээ.
Энэ үеэр тэд бороон чимээ сонслоо. Эхлээд ганц нэг дусалж байснаа удалгүй хувингаар цутгах мэт асгарч гарав. Өчнөөн төчнөөн өдөр цагаар бороо орлоо. Нэлээд болсны дараа, цүл цалхийх их чимээнээр, ус нэмэгдсээр бүхээгт тулж байгааг, бас удалгүй бүхээгийг нь ус өргөөд хөвүүлж эхлэхийг өнөө хэд мэдэрлээ.
Дөчин хоног бороо орсон нь хөлөг доторх наймын хувьд бүтэн зууны дайтай санагджээ. Гэтэл гэнэт, хүн амьтан бүгдээр сонор тавих хэрэг гарав. Юу болов оо? Аймшигийн нам гүм! Бороо зогсжээ! Гэхдээ хөлөг онгоц усан дээр дайвалзсаар л. Газар дэлхий, бүр хамгийн өндөр уул ч усан дор орсон байв.
Зуун тавь хоноод, сая л ус татрахыг Бурхан зөвшөөрсөн ч үүнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Гэтэл, энэ бас юу вэ? Хөлөг онгоц нэг юманд шүргэж доргиод торж тогтов бололтой. Энэ бол үер эхэлснээс хойш долоо дахь сарын арван долоо дахь өдөр бөгөөд хөлөг онгоц хайрдсан газар нь Арараат уул байжээ. Ноах бас дөч хоног хүлээгээд, цонхыг онгойлгож нэгэн хэрээг гаргаж тавихад эхнэр нь
- Яаж байгаа юм? гэж асуухад
- Хэрээ эргээд ирвэл, бүхээгнээс өөр байх газаргүй юм байна гэдгийг мэднэ шүү дээ гэв. Хэрээ ирсэнгүй. Цөмөөрөө баярласан ч Ноах
- Хэрээ ер нь хээгүй шувуу. Зөндөөн хол нисэж, бас хадны жаахан ирмэг дээр ч амсхийж чадна. Одоо би нэг тагтаа тавиадахъя гэв. Тагтаа гарч нисээд удсан ч үгүй эргээд ирлээ.
- Ус бас л их байгаа бололтой хэмээн Ноах тооцоод долоо хоног дахин хүлээх болов. Дахиад долоо хоногийн дараа тагтааг Ноах гаргав. Эргэж ирэх эсэхийг нь найман хүн тэсэж ядан хүлээсээр. Тагтаа эцэст нь сүр сархийн бүхээгт орж ирлээ. Хошуунд нь оливын шинэхэн навч! Дахин долоо хоноод Ноах тагтаагаа гаргаж тавьсанд тэр эргэж ирсэнгүй.
Ус татаж газар хатсаныг Ноах ингэж мэдлээ. Одоо, бүхээгнээс гаргах Бурханы тушаалыг хүлээх л үлджээ. Эцэст нь Бурхан
- Эхнэр, хөвүүд бэрүүдтэйгээ энэхүү бүхээгнээс гар. Чамтай наана чинь байгаа амьтад, шувууд, мөлхөгч хөлхөгч бүгдийг гарга хэмээв.
Ингээд, бүхээгийн их үүдийг нээх цаг ирж, ан амьтад бүгд хөөр хөөрцөг болсоор дайрч шахцалдан гарлаа. Амьтад шувууд бүхээгээс гараад жигүүр далиа баяртайяа дэвсээр, зүг зүгтээ таран одов. Ноахынхан амьсгаа хөнгөрч, баяр хөөрөө барьж ядан бие биенээ тэврэв.
Өнгө ногоон толгод, өвст ногоон бэлчээр өмнө нь байгааг Ноах дахин харлаа. Харин газар дэлхий дээрх өөдгүй хорон өнөө хүмүүс хаачсан юм бол? Тэд алга болжээ. Бурханд эс үйлчлэн бузар муу бүхнийг үйлдэгч тэр хүмүүсийн хувьд энэ үер аймшигт шийтгэл болжээ.
Үерээс өөрийг нь аварсан Бурханы өршөөл энэрэл үлэмж гүнийг Ноах ойлгож мэдэв. Иймээс, чулуу эгнүүлэн өрж тахилын ширээ босгоод амьтад, шувуудаас хэдийг авч Бурханд тахил өргөв. Энэ тахил Бурханд таатай болоод, Тэрбээр сэтгэл зүрхэндээ “Хүний гэм нүглийн улмаас би газар дэлхийг дахин хараахгүй” хэмээн үгүүлвэй. Учир юун хэмээвээс, хүмүүс гэм нүглээ болихгүй гэдгийг Тэр мэдэж байсан юм. Эзэн бас, газар дэлхий байгаа цагт, тарих ба хураах, халуун хүйтэн, өвөл зун, өдөр шөнө байсаар байх болно хэмээв. Үр хүүхдээрээ газар дэлхийг дүүргэх ерөөлийг Ноах болон түүний хөвгүүдэд Бурхан бас талбив. Бурхан, Ноах түүний хөвгүүд болон тэдний дараа ч амьдрах бүхий л хүмүүстэй, бас газар дэлхий хамаг амьтантай гэрээ байгуулан, хүн ба амьтдыг үерийн усаар цаашид хэзээ ч устгахгүй, газар дэлхийг ус хэзээ ч арчиж хаяхгүй хэмээн амлав. Энэхүү гэрээгээ сануулах тусгай тэмдэг нь үүлэнд татах солонго байж, бороо арилан нар гарахын хамт тэр нь гарч ирж байхаар тогтоов. Бурхан тэгээд Ноахад
- Энэ бол чамтай болон газар дэлхий дээрх амьд бүхэнтэй байгуулсан гэрээний маань тэмдэг. Та нар солонгыг хараад түүний утга учрыг сана. Тэр зүгээр л нэг, бороон дараах тэнгэрийн гоёл биш, харин Бурханы зүгээс хүмүүн төрөлтөнд хандсан сайхан сэтгэл, сайн итгэл, хайр халамжийн онцгой тэмдэг юм хэмээжихүй.
Ярилцах асуултууд
5 асуултБурхан яагаад үер болгохоор шийдсэн бэ?
Ноах хэрхэн аврагдав?
Газар дэлхийн хүмүүс гэм нүгэл хийхгүй гэж бодож ухаарах хэдий хэр хугацаа байсан бэ?
Газар эгшсэн эсэхийг мэдэх хэмээн ямар шувуудыг Ноах гаргаж тавьсан бэ?
Бурхан ямар амлалтыг Ноахад өгсөн бэ?, олонго юуг бидэнд сануулах ёстой вэ?