Гэмд унасан Адаам

Гэмд унасан Адаам

Библи, Эхлэл ном 3 дугаар бүлэг

Бурханбээр тэнгэрийг бүтээхдээ тэнгэрэлч нарыг ч бас буй болгов. Тэдгээр нь тэнгэрт оршиж Бурханд үйлчилдэг байлаа. Тэдний нэг нь Бүтээгч Эзэн шигээ хүчирхэг болохыг санаархсандаа нэг удаа Бурханыхаа эсрэг бослого гаргахад олон тэнгэрэлч энэхүү бослогод оролцсон байна. Тэгэхэд нь Бурхан тэднийг тэнгэрээс там гэгч харанхуйд хаяжээ. Ийнхүү бослого гаргасан Тэнгэрэлч нарын толгойлогч бөгөөд унасан Тэнгэрэлч нь Дьявол буюу Сатаан нэрийг авсан аж. Адаам, Хавваа хоёр хэрэв гэм нүгэл хийвэл үхэж тамд унана гэдгийг нь Сатаан мэдэн, бас хүмүүсийг үзэн ядаж, Бурхантай харилцах хувь зохиолыг нь устгахыг эрмэлзэж байв. Тэгтэл “Бурханы хориглосон тэрхүү сайн муу мэдлэгийн модноос жимс идүүлэхээр тэднийг ятгахыг хичээе” гэсэн бодол толгойд нь орж ирлээ. Сатаан ингээд могойн дүрээр Ээдэн цэцэрлэгт нэвтрэв...

За тэгтэл, Хавваа нэг удаа ганцаараа диваажингаар зугаалж явсаар, сайн муу мэдлэгийн модруу ирэн түүний өмнө зогсож байснаа хэн нэгний

- Хавваа! гэх дууг сонсоод “Энэ чинь хэн надтай ярьдаг билээ?” хэмээн хирдхийв. Гэнэт, хажууд нь могой байгааг харлаа.

- Цэцэрлэгт байгаа нэг ч модноос жимс идэхийг чинь та нарт Бурхан хориглосон гэдэг үнэн үү? хэмээн өнөөх нь асуусанд

- Үгүй ээ, Тэр тэгж хэлээгүй гэснээ

– Бид цэцэрлэгийн бүх модноос жимс идэж болох ч энэ модноос л болохгүй. Эс бөгөөс үхнэ гэв. Могой

– Та нар ердөө ч үхэхгүй. Бурхан та хоёрыг энэ модонд хүрчихвий л гэсэн хэрэг. Хэрэв та нар үүнээс амсаа л бол одоогийнхоосоо ч илүү ихийг, бүр сайн нь юу, муу нь юу болохыг ч мэддэг, Бурхан шиг л болно гэдгийг Тэр мэддэг байхгүй юү гэчихээд могой алга болов.

Хавваа жимсэнд бүр хорхойсож гарлаа. Яг л Бурхан шиг болно гэсэн бодол санаа сүнсийг нь эзэмдэж, нэг жимсэнд болгоомжтойхон хүрээд авав. Юу ч болсонгүй. Тэгэхээр нь тастаж аваад идчихэв. Хавваа үхсэнгүй ээ! Жимс харин ч амттай санагдав. Яг энэ үед түүн рүү Адаам ирэхээр нь

- Адаам май, чи ч амсаад үз. Харж байна уу, хориотой жимснээс хүртчихээд би амьд байж байна шүү дээ! гэв. Адаам ч нэг их түдсэнгүй жимснээс хазаад авчээ. Юутай ч хэн нэг нь үхсэнгүй. Гэвч хөрст дэлхийд үхэл, хүний зүрх сэтгэлд ёр муу, гэм нүгэл орж ирсэн тул шууд л юм буруугаар эргэлээ. Гэм нүгэл гэдэг бол Бурханд үл дуулгаварлаж Түүний тушаалыг зөрчих явдал, нүглийн шийтгэл нь үхэл. Ийнхүү хүний дүүрэн жаргал эцэс боллоо. Дьявол санасандаа хүрэв. Адаам Хавваатайгаа нүцгэн байгаагаа гэнэт анзаарч, бие биенээсээ ичээд, том том навч тастан авч хувцас хийж өмсөв. Тэд өөртөө тус дэм болохоо мэдэж байна гэж санавч нэмэргүй, ямар нэг юм амар заяа үзүүлэхгүй байлаа. Анхны хүмүүс ийнхүү баргар царайлан, өдий болтол үзээгүй хачин мэдрэмж болох гэм нүглийн мэдрэмж тэднийг хүлж орхив.

Орой нь Бурхан цэцэрлэгт иржээ. Адаам Хавваа нар сонсоод диваажингийн модон дунд нуугдав. Урьд нь Найз байсан тэд одоо Түүнээсээ айж сүрдэв. Гэм нүгэл ийнхүү хүн Бурхан хоёрын сайхан харилцааг эвджээ. Өмнө нь тэд Бурхан дээр итгэл хайр дүүрэн ирдэг байсан бол одоо харин ичиж нуугдах боллоо.

Бурхан тэдэнд дөхөж ирээд чанга дуугаар

- Адаам, чи хаана байна? гэж дуудсан нь бүхнийг харж байдаг Тэрээр Адаамыг олж ядсандаа биш, харин Бурхан Өөрөө тэр хоёрыг эрж хайж байна гэдгийг нь ойлгоосой гэсэндээ байжээ.

- Би энд байна! гэж Адаам хариу дуугарахдаа, Түүнээс нуугдахыг оролдоно гэдэг ямаршуухан тэнэг хэрэг болохыг ухаарч

- Би нүцгэн байгаа болохоороо, Таны дууг сонсоод айчихлаа гэв.

- Нүцгэн байгааг чинь хэн чамд хэлээв? гэж лавлаад Бурхан

- Өдий болтол чи үүнээсээ ичээгүй биз дээ. Хориотой жимс л идчихээгүй юм бол хэмээвэл Бурханыг харж ч зүрхлээгүй Адаам

- Жимсийг Таны надад өгсөн эмэгтэй чинь л өгсөн гэж доройхон дуугарав.

- Чи яагаад ингэж байгаа юм гэж Хавваагаас Бурхан асуухад

- Энэ могой л байдгаараа ятгасаар байгаад намайг хуурчихлаа гэж Хавваа өөрийгөө өмгөөлөөд

- Тэгээд би түүний арга зальд автчихсан юм гэхээр нь Бурхан

- Энэ хэргийнхээ төлөө чи хараагдаг! Ингээд хүмүүс эгнэгт чиний дайсан боллоо. Хэзээ нэгэн цагт чамайг ялах Нэг хүн ирнэ! гэж могойд хэллээ.

Бурхан юу яриад байгааг Адаам Хавваа хоёр ойлгосон ч үгүй. Бузар мууг ялах Аврагчийг Бурхан хожим илгээнэ гэдгийг тэд мэдэхгүй байсан шүү дээ.

Бурхан “Одоо эд нар сайн гэж юу, муу гэж юу болохыг мэддэг боллоо. Хүмүүс Над шиг байхыг санаархсан ч ёр муугийн эсрэг зогсоно гэхэд дэндүү сул дорой байгаа болохоор тэднийг амийн модноос жимс идүүлмээргүй байна” хэмээн бодож, Адаам Хавваа хоёрт

- Та нар энэ цэцэрлэгээс явах л болж дээ гээд бас

- Хавваа, чи үр хүүхэд төрүүлнэ. Гэхдээ тэд ертөнцөд буй болмогцоо л чамайг өвтгөж зовооно. Харин, Адаам чи өөрийгөө бас өрх бүлээ тэжээх гэж үйлээ үзэн зүтгэх болно. Хагалсан талбайд чинь халгай зангуу, хамхуул хог ургаад амьд яваа насандаа чи амар заяа үзэхгүй. Шорооноос үүдэлтэй чи эргээд шороо болно гэлээ.

Хүмүүс диваажинг орхихоос урьтан Бурхан тэдэнд арьсан өмсгөл хийж өгчээ. Үгэнд нь оролгүй, Өөртэй нь цуг байж чадахгүй болсон ч хүмүүст Бурхан ийнхүү санаа тавьж байлаа.

Ингээд Адаам Хавваа нар диваажингаас хөөгдөх нь тэр. Цэцэрлэгийг болон амийн модыг харж хамгаалах Кэрүүв ба галт илдийг Бурхан тэнд тавив. Хүмүүс энэ цагаас эхлэн гайхамшиг Ээдэн цэцэрлэгээс гадуур амьдрах боллоо. Гэвч...Аврагчийг Бурхан амласан билээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ямар модноос жимс идэхийг Адаам Хавваа хоёрт хориглосон бэ?

  2. Энэ модноос жимс идэхийг Хавваад хэн зөвлөсөн бэ?

  3. Адаам Хавваа хоёр Бурхан юу амлав?

2. Гэмд унасан Адаам00:00 / 09:45