Пээтр шоронд

Пээтр шоронд

Библи, Үйлс ном, 12 дугаар бүлэг, 1-17

Ромын эзэн хаан Гай Цезарийн зарлигаар Их Хэрөөдийн ач Хэрөөд Агриипыг Иэрүшалээм болон Палестины ихэнх нутгийн захирагч болгожээ. Түүний засаглалд христитгэгчдийн эсрэг ихээхэн хавчлага эхлэв.

Иэхүдаагийн удирдагчид болон тэдний талынхан Христийн элч нар хийгээд бүхий л шавь нарыг нь үзэн яддаг болохыг Хэрөөд мэддэг байв. Иймээс тэдэнд тал олох гэсэндээ, элч нарын нэг болох Иоханы ах Иааковыг цаазлах зарлиг гаргав. Иэхүдаачууд үүнийг сайшаан хүлээж авсан тул Пээтрийг ч бас баривчилж шоронд хорихыг тушаав.

Түүнийг шоронд суулгаад арван зургаан цэргээр өдөр шөнөгүй мануулжээ. Харин чуулганыхан Пээтрийн төлөө Бурханд шаргуу залбирч байлаа. Бусад элч нар энэ үед Иэрүшалээмд байгаагүй юм. Тэд Хэрөөдийн мөшгөлтөөс нуугдахын тулд хотыг орхижээ. Гэвч Христийн элч бус олон шавь Иэрүшалээмд үлдээд байв. Тэд тэгээд Пээтрийн төлөө залбирах гэж Иоханы эх Мариигийн гэрт цуглажээ. Тэр үед Пээтр шорон дотор тайван гэгч нь унтаж байж. Түүний дэргэд хоёр цэрэг тогтмол байдаг аж. Түүнээс гадна шоронгийн гадаа хаалга, дотор хаалга, төв гудамж руу ордог хаалга бүгд манаачтай байв.

Оргох боломж Пээтрт байсан гэж үү? Байгаагүй ээ. Тэр ч ийм оролдлого хийгээгүй. Гэтэл хэний ч санаанд ороогүй явдал боллоо. Гэнэт Пээтрийн өмнө Эзэний Тэнгэрэлч гарч ирээд түүнээс гэрэл цацран байв. Пээтр бөх унтаж байсан тул Тэнгэрэлч түүнийг сэрээх гэж хажуу руу нь түлхээд

– Бушуу бос! гэх агшинд түүний гараас гинж нь мултран унав. Дээл гутлаа өмсөж бүсээ бүслэхийг Пээтрт тушаалаа. Цэргүүд энэ үед бас л бөх унтаж байв.

– Миний араас яв! гэсэнд Пээтр түүнийг даган шоронгийн нээлттэй хаалгаар гарав. Тэнгэрэлч, унтаж буй манаачийн хажуугаар Пээтрийг гарган төмөр хаалганд хүргэж өглөө. Хаалга тэдний өмнө аяндаа онгойв. Хамтдаа хот руу гарч жаахан яваад Тэнгэрэлч алга болжээ.

Пээтр, сая л сэхээ орж:

– Намайг хороохоор завдаж буй Хэрөөд болон иэхүдаачуудын гараас чөлөөлөхийн тулд Эзэн Тэнгэрэлчээ илгээснийг одоо яг мэдлээ гээд энэ үед өөрийнх нь төлөө итгэгч олны залбирч байгаа тэр байр луу явав.

Пээтр хаалгыг тогших чимээнээр нэгэн зарц эмэгтэй гарч ирээд түүний дууг таньж баярласандаа болоод, хаалга тайлахын оронд дотогш гүйн орж Пээтр хаалган дээр байгааг дуулгав. Шавь нар үүнд итгэлгүй, Пээтрийг хамгаалахаар Бурханы илгээсэн Тэнгэрэлч л байж таарна гэлцэв. Энэ зуур Пээтр хаалгыг тогшсоор байлаа.

Хаалга онгойлгосон чинь өмнө нь Пээтр зогсож байсанд тэд гайхадгүйгээрээ гайхаж, хязгааргүйгээр баярлав. Дайсанд сэжиг авахуулахгүйн тулд чимээгүй байхыг Пээтр гар занган сануулаад, тэднийг тайвширсны дараа, Эзэн хэрхэн гайхамшигтайгаар түүнийг шоронгоос сулласныг ярьж өгөв. Тэгээд, Хэрөөдөөс нуугдахын тулд Пээтр Иэрүшалээмаас явжээ.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Ямар хаан Иэрүшалээмын Чуулганыг хавчиж эхэлсэн бэ? Яагаад ингэв?

  2. Элч нарын хэн нь анх Христийн төлөө алуулсан бэ? Дараагийнх нь хэн болох байв?

  3. Чуулган дээр энэ үед юу болж байсан бэ?

  4. Цаазын урд шөнө Пээтрт юу тохиолдсон бэ?

98. Пээтр шоронд00:00 / 04:09