Тавитаагийн амилал

Тавитаагийн амилал

Библи, Үйлс ном, 9 дүгээр бүлэг, 36-42

Элч Пээтр нэг удаа, Иэрүшалээмаас хориод километрт толгодын дундах Лудда сууринд очжээ. Эндхийн олон хүн Эзэн Иэсүст итгэдэг, Пээтр ч тэдэнд үйлчлэх дуртай байлаа. Айнэ гэгч нэгэн хүн саа өвчнөөр хүнд өвчлөөд найман жил хэвтэрт байж.

Пээтр түүнд

– Айнэ! Чамайг Иэсүс Христ эдгээж байна, орноосоо бос гэхэд тэр дороо босоод ирэв. Гагцхүү Христийн хүчээр л эдгэрнэ гэдгийг Пээтр мэдэж байсан тул “Би чамайг эдгээнэ” гэсэнгүй. Айнагийн өвчтэйг мэдэх бүхэн түүнийг харахыг хүсэж, эдгэрсэн байгааг нь үзээд Эзэн рүү олноороо эргэжээ.

Луддагаас гучаад километрт тэнгисийн эргийн Иоппа хот байдаг. Луддагийн зарим хүн тийшээ очиж, элч Пээтр саа өвчтэй хүнийг эдгээн Иэсүсийн нэрээр хүч чадлыг нь сэргээсэн тухай ярьжээ.

Тэр үед тэндхийн чуулганы, сайн үйлс ихээр үйлдэгч нэгэн эмэгтэй өвчилж нас барсан тул элч Пээтрийг урьжээ. Түүнийг Тавитаа гэх бөгөөд ямагт тусалдаг байсан түүнийхээ хойноос ядуус бүр ч ихээр уйлан гашуудаж байв. Найз нөхөд нь түүнийг оршуулахаар бэлдэж байсан боловч өмнө нь Пээтрийг ирүүлэх гэж хүсжээ.

Пээтр Иоппад ирээд, Тавитаагийн найз нөхөд болон, түүний тусалдаг байсан бэлэвсэн эмэгтэйчүүдийн цугласан том өрөөнд оров.

Ядуу эмэгтэйчүүд талийгаачийн оёж өгсөн хувцас хунарыг нулимс дуслуулан байж үзүүлнэ. Өөрсдийг нь ихэд хайрладаг түүнд тэд үнэхээр ойр холбоотой байжээ.

Пээтр бүгдийг тасалгаанаас гарахыг хүсэж, тэднийг гармагц өвдөг сөхрөн Эзэнд залбираад талийгаачид хандан

– Тавитаа, бос! гэсэнд бүсгүй нүдээ нээн Пээтрийг хараад, өндийж суув. Пээтр босоход нь туслан түүнд гараа өглөө.

Тэгээд дараа нь, тэсэж ядан хүлээж байсан итгэгчид болон бэлэвсэнчүүлийг дуудан Тавитааг амьдаар нь тэдэнд хүлээлгэж өгөв. Найз нөхөд хачин ихээр баярлав.

Пээтрийн залбирлаар Эзэний хийсэн энэ гайхамшиг бүхэнд ил болж, олон олон хүн Эзэнд итгэжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Пээтрийн эдгээсэн, Лудда дахь саа өвчтөнийг хэн гэдэг вэ?

  2. Пээтрийг ямар хотынхон дуудав? Тавитааг яагаад бүгдээр хайрладаг байсан бэ?

  3. Тавитаа хэрхэн амилсан бэ?

97. Тавитаагийн амилал00:00 / 03:43