
Эммаү орох замын уулзалт
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 24 дүгээр бүлэг, 13-35
Энэлж шаналж, ихэд гутарсан шавь нарын хоёр нь Иэрүшалээм хотоос Эммаү орохоор явж байлаа. Сүүлийн өдрүүдэд болоод байгаа явдлын учрыг олчих санаатай тэд хоорондоо ярьж явав. Ард түмнээ чөлөөлөх агуу их удирдагч болно хэмээн найдсандаа тэд Иэсүсийг дагалдаж явсан билээ. Тэгтэл одоо Тэр үхчихсэн... Гэвч, Иэсүс эргээд амилсан гэх яриа хотод яваад байдаг... Энэ мэдээ тэднийг бүр мэгдүүлж орхив.
Тэднийг ярилцаж явтал явуулын нэг Хүн тэдэнтэй нийлсэн нь Иэсүс байлаа. Тэрбээр хэсэг дуугүй явснаа
– Та нар маань замын турш юу л хэлцээд явна даа? Юунаас болоод ийм гунигтай байгаа юм? гэж асуулаа.
– Ойрын өдрүүдэд Иэрүшалээмд болоод байгаа явдлыг та ер нь мэдэхгүй бололтой дог оо! гэж нэг нь хариулаад, сүүлийн үеийн үйл явдлыг ярьж гарав. Яриагаа дуусгаад тэд харуусалтайяа дуугаа хураан замаа хөөв.
Шавь нарын яриаг Иэсүс тайван сонсоод эцэст нь
–Ариун Бичвэр юу хэлдгийг та нар ойлгох чадваргүй байна гэж үү? Тийм биш бол энэ болоод байгаа бүхнийг мэдэх л учиртай.
Бурханы Хүү Христ, хүмүүсийн гэм нүглийн улмаас тамлуулж үхээд, дараа нь амилж Бурханы алдарт орох ёстой. Энэ тухай, Ариун Бичвэр дотор Мөшээ, Дуулал, бас эш үзүүлэгчид олонтаа хэлсэн байгаа гээд олон олон хэсгийг Бичвэрээс иш татаж ярив.
Ихээхэн хэсгийг нь тэд мэддэг ч эсвэл буруу ойлгосон, эс бөгөөс эш үзүүлгэд итгээгүй юмуу зүгээр л мартчихсан ч байж мэднэ. Гэвч одоо тэдний нүд нээгдлээ. Үнэхээр тийм! Бичвэрийн дагуу болох л юм болжээ! Эзэн бөгөөд Багш нь тэднийг Ромын эзэнт гүрэний эрхшээлээс чөлөөлөх гэж биш, харин хүний төлөө амиа өргөж гэм нүглээс тэднийг аврахаар ирсэн ажээ.
Тэгээд, санамсаргүйгээр биш, харин буцаж амилахын тулд үхсэн байна. Үүнийг тэд өмнө нь яагаад ойлгоогүй байдаг билээ!
Үл таних тэр хүний яриаг сонсохын хэрээр тэдний уй гуниг сарниж байсан боловч тэдэнтэй Хэн явааг таамагласангүй. Эммаү дөхөж ирээд тэд хамт хооллож, цугтаа хонохыг Түүнээс хүсэж урилаа. Үл таних өнөө хүн ч зөвшөөрөв.
Бүх юм бэлэн болоход Тэрбээр талх аваад Бурханд талархаж, түүнийгээ хуваан хүн бүрд өгөв.
– Иэсүс л дандаа ингэдэг сэн. Хачин юм аа гэж тэр хоёр бодсоноо, яг тэр дороо, Иэсүс урд нь суугааг гэнэт ухаарч харлаа.
Эхлээд тэд Түүнийг таньсангүй ч одоо бол эргэлзээ алга. Энэ бол Тэр мөн! Энэ агшинд Иэсүс гэнэт үзэгдэхээ болив.
Урьд нь тэд яагаад таниагүй билээ! Ариун Бичвэрийг тайлбарлаж байхад нь тэдний зүрх сэтгэл догдлон дүрэлзэж байсан даа! Хэдийвээр Иэсүс дэргэд нь үгүй ч хоёр найз уй гуниг болсонгүй ээ. Иэсүс амьд байна! Асар их баяр хөөр болсон тэд чухам тэр л өдрөө бусад шавь нартай нь энэ тухай хуваалцахаар шийдэж, бушуухан хөдөлж Иэрүшалээм руу буцаад, Иэсүсийн шавь нар бараг бүгдээрээ суудаг тэр газарт ирэв.
Ярилцах асуултууд
3 асуултЭммаү орох замд хэдэн шавь нь явж байв? Тэд юунд уй гуниг болж явсан бэ?
Замд нь хэн тааралдав?
Иэсүсийг тэд хэрхэн таньсан бэ?