
Аврахаам Бурханд хэр хайртайг шалгасан нь
Библи, Эхлэл номын 22 дугаар бүлэг
Хүү Иэцхаак гэр бүлд нь төрснөөр Аврахаам Сараа хоёр улам ч жаргалтай болжээ. Тэр гурав Бурханыг, бас бие биенээ хайрлана. Аврахаам баян хүн байсныг та нар мэднэ шүү дээ. Хэдийвээр Бурханыг тэр давуутай хайрладаг ч, онцгой ганц «эрдэнэ» болсон Иэцхаак хүүдээ зүрх сэтгэл нь уяатай, хорвоо дээрх хамаг бүхнээс илүүгээр эрхэмлэн хайрладаг байв.
Эзэн нэг удаа Аврахаам Өөрт нь хэр гүн бат итгэж хайрладаг болохыг шалгах хэмээн түүнд:
- Хайрладаг ганц хүү Иэцхаакийгаа, миний зааж өгөх ууланд аваачаад тахил болгон өргө гэв.
Ингэнэ гэдэг Аврахаамд тун хүнд хэрэг байсан ч тэрбээр Бурханыг хамаг байдаг зүрх сэтгэлээрээ хайрладаг тул тушаалыг нь биелүүлэхийг хүсчээ. Аврахаам мод огтолж илжгэндээ ачаад, Иэцхаакийг хоёр зарцынхаа хамт аваад замд гарлаа. Сараа гэртээ үлдэж. Зам хол. Өнөөдүүл хааяа түр амсхийгээд л өглөөн эртээс үдэш орой болтол явсаар байлаа. «Мэдээжийн хэрэг, өдий хүртэл надад юу ч хэлээгүйг бодоход аавд нэг учир шалтгаан байгаа» гэж Иэцхаак бодох ч хаашаа явж байгаагаа мэдэхийг ихэд хүсэмжилнэ.
Аяныхаа зорилгын талаар ам ангайхгүй айхтар шалтгаан Аврахаамд байгаа. Бурхан анхлан Аврахаамтай ярихдаа, түүний хувьд төсөөлөхийн ч аргагүй тийм нэг аймшигтай юм хэлсэн. Үнэн хэрэгтээ, Иэцхаакийг үхүүлэх гэж Бурхан хүсээгүй. Харин, тушаалынх нь учрыг ч ухалгүйгээр захирагдахад Аврахаам бэлэн байна уу гэдгийг л үзэх хэмээн Бурхан хүсчээ.
Үнэн хэрэг дээрээ Аврахаам үүнийг ч мэдээгүй, хайртай ганц хүүгээр тахил өргөх боллоо л гэж бодож, энэ нь түүнийг айхтар ихээр тарчилгаж явж. Гагцхүү, Бурханы тушаалыг биелүүлэхгүй байхаас илүү хэцүү юм гэж түүнд үгүйсэн билээ.
Эцэст нь тэд нэг өндөр ууланд тулж ирлээ. Ингээд Иэцхаак сониуч зангаа хорьж дийлэхгүйд хүрч
- Аав аа, энэ мод, галыг үзвэл, та тахил өргөх нь ээ дээ гээд
- Харин үүний чинь хурга нь хаа байгаа юм? гэж асуув. Аврахаамын хоолой нь бачуурах шиг болоод ганц ч үг гарсангүй
- Хүү минь гэж хэмээн арайхийн дуугарч
- Тахилын хурганы тухайд Бурхан Өөрөө санаа тавина гэв. Ууланд ирээд тэд чулуу түүж, Аврахаам түүнийг эгнүүлж үелүүлэн өрсөөр том гэгчийн тахилын ширээ болгов. Дараа нь, Иэцхаакаа хүлж тахилын ширээний түлээн дээр тавиад хутгаа далайлаа!
Гэтэл тэр агшинд тэнгэрээс
- Аврахаам, Аврахаам аа! гэх дуун гарав. Хөвүүний дээрээс далайсан хутгатай чигээрээ мань өвгөн хөшиж орхиод
- За, Эзээн гэж маш хурдан хариулахад
- Хөвүүнд бүү хүр! Одоо Би чамайг ийм дуулгавартай, бүр хүүгээ ч Надад тахил болгон өргөхөд бэлэн юм гэдгийг харлаа гэж мөнөөх Дуу хоолой хэлэв.
Аврахаамын зүрхнээс чулуу аваад хаячих шиг л боллоо. Айдас түгшүүрээсээ салсан Аврахаам тахилын ширээний өмнө өвдөг сөхрөн унаад чичирч салгалсан гараараа Иэцхаакийн хүлгийг тайлж, түүнийг босоход нь дэмнэв. Эцэг хүү хоёр тэврэлдэж, гутарсандаа бус харин үлэмж их баяр хөөрийн учир уйлалдав.
Тэгтэл бүр хажууханд нь хонь майлж дуулдлаа. Аврахаам Иэцхаак нар тэр зүг хараад, эврээрээ бутанд ороолдсон хуц байгааг олж үзэв. Тэд түүнийг тахилын ширээн дээр өргөж Бурханд зориулжээ. Ийнхүү, өмнө нь Аврахаамын хэлсэн батлагдаж, Бурхан Өөрөө тахилын хургаа олсон юмсанж.
Тэд хөнгөн хөхиүн хөөр баяр болсоор уулнаас буухдаа аавынхаа гараас Иэцхаак байдгаараа зуурч явлаа. Хүмүүнийг хайрлах, Бурханыг хайрлах гэж юун болохыг, басхүү, заримдаа итгэхүйеэ бэрх боловч, хүнийг хайрлах Бурханы хайраас илүүтэй ямар ч хайр үгүй юм хэмээн тэр хоёр ухаж бодсоор явмуй.
Ярилцах асуултууд
3 асуултБурхан яагаад, хүүгээ тахил болгож өргөхийг Аврахаамд тушаасан бэ?
Бурханы тушаалыг биелүүлэхэд Аврахаам бэлэн байсан уу?
Иэцхаакийг тахил болгон өргөх болоход Аврахаамыг юу зогсоосон бэ?