
Иааков Эсаав хоёр
Библи, Эхлэл номын 24, 25, 27 дугаар бүлэг
Цаг хугацаа улирсаар, Иэцхаак том эр болоод Ривкаатай гэрлэж тэднийх Эсаав, Иааков гэх хоёр хүүтэй болжээ. Тэр хоёр нь ихэр боловч хоорондоо тийм ч төстэй биш.
Ах нь болох Эсаав бие даасан, чадал тэнхээтэй, эрх дураараа, нум сум агсаад ой хөвч, уул толгодоор ан хийж явах дуртай хүн байжээ. Бүтэн хоногоор барахгүй долоо хоног гэртээ ирэхгүй явах нь зөндөө. Харин, бараг голдуу, харваж намнасан ангийн олзтой эргэж ирнэ. Эсаав бол Иэцхаакийн хайртай хүү байж.
Иааков нь Ривкаагийн хайртай хүү бөгөөд ах шигээ адал явдлын эцэж цуцашгүй эрэлчин бус, гэр орон, майхан сууц хавьцаагаа л голдуу эргэлдэж, эцгийнхээ мал сүргийг харж хандан, настайчуулын өдөр тутмын ажил үйлд тус дэм болж явдаг байв.
Эсаав ууган нь бөгөөд хэдийвээр хэдхэн мөчөөр түрүүлж төрсөн ч өв залгамжлагч гэгдэх эрхийг түүнд олгожээ. Эцэг нь амьсгаа хураахынхаа өмнө хоёр хүүгийнхээ нэгийг нь л онцгой ерөөлөөр ерөөж өгөх нь тодорхой хэрэг байлаа. Энэ ерөөл бол сайн сайхан, сүр хүчин, гэр бүл, боол шивэгчин, мал сүрэг гээд өдгөөгөөс эхлэн өөрт нь харьяалагдах юм бүхэн өсөж өөдлөхүйн ерөөл ажгуу. Түүний зэрэгцээ, энэ бол Бурханы сайн таалал болой. Тэр үеийн заншил ёсоор энэ нь ууган хүүд, тухайлбал, Эсаавд л хамаарах ерөөл байлаа. Гол өв залгамжлагч байхыг санаархсан Иааковын хувьд харин харамсалтай санагджээ. Тухайн тохиолдолд тэрбээр хоёр дахин их өмч хөрөнгө өвлөхөөсөө ч илүүтэй, эцгийнхээ ерөөлөөр дамжуулан Бурханы энэрэл ивээлийг хүлээн авах нь чухал байжээ.
Эсаав бол өөр, ууган хүүгийн давуу эрхийг бодохоосоо ан гөрөөнд л автаж хорхойсож явжээ. Нэг өдөр Эсаав бас л гэрээсээ гарч, Иааков эхийнхээ ажил ахуйд нэмэр болж байлаа. Гадаа гал түлчихсэн, зармагны амттайхан улаан зутан буцлаад, өег сайхан үнэр нь хаа холоос ханхлаад л... Олз омог эрж эргэн тойрон тэнэсээр эцэж цуцан турж үхэхээ шахсан Эсаав ангаас бууж ирлээ. Юу ч агнаж чадаагүйдээ Эсаав цухалдаж байсныг хэлэх үү, ангийнхаа зэвсэг хэрэгслийг газар шидээд
- Идчихмээр юм байна уу? гэж уцаартай нь аргагүй дуугарахад Иааков бодож цөхөлгүй ам нээн
- Оронд нь тэгвэл чи, түрүүлж төрсөн хүүгийн хувьд ноогдох эрхээ тавьж өг л дөө! гэлээ.
- Турж үхэхдээ тулбал, эхэлж төрөх энд ямар хамаа байна? хэмээн Эсаав бухимдаж бувтнаад, ууган хүүгийн эрхээ ганц таваг зармагны улаан зутангаар арилжиж орхив. Анхны алхмаа хийсэн Иааков дотроо баярлаж байлаа. Одоо түүнд, эцэг нь Эсаавыг биш өөрийг нь ерөөх тал руу хэрэг явдлыг эргүүлэх л үлдлээ.
Он жил өнгөрч, Иэцхаак хараагүй болоод орноосоо ч босож чадахыг больжээ. Нэг удаа тэрбээр Эсаавыгаа дуудаж ирүүлэн
- Би удахгүй өөд болно, хүү минь гээд
- Тиймээс ахмад хүүд ноогдох, эцгийн ерөөлийг чамд хүртээхийг хүсэж байна. Нум сумаа авч яваад ан агнаж ир. Миний дуртай хоолыг хийгээд надад авчирч өг. Би чамайг ерөөнө гэлээ.
Эсаав нум сумаа аваад хэнд ч хэлэлгүй гарч одлоо. Гэвч, эх Ривкаа нь майхны нимгэн ханан цаанаас Иэцхаакийн яриаг сонсчихсон тул “Тэгэхээр, эр нөхөр маань Эсаавыг ерөөх болж!” хэмээн түгшив. Уг нь, Иааков ерөөгдөнө гэдгийг хэзээ нэгэн цагт Бурхан түүнд хэлсэн, тэгээд бас Иааков түүний хайртай хүү байдаг. Яадаг хэрэг вэ? Ривкаа Иааков дээр гүйж очоод, сонссоноо түүнд дуулгав. Тэгээд зөөлхнөөр
- Хоёр ишиг нядлаад надад авчир. Эсаавын хийдэг шиг шараад өгье. Чи Эсаавыг орлож энэ хоолыг Эцэгтээ хүргэж өг. Эцэг чинь чамайг ерөөнө гэжээ.
Юм юм бэлэн болтол бараг хагас өдөр өнгөрлөө. Эсаавын хувцсыг Ривкаа авчирч Иааков түүнийг нь өмсөв. Ривкаа бас Иааковын гар, хүзүүг ишигний арьсаар хулдаж өгсөн нь (Эсаавын гар өтгөн үстэй) түүний гөлгөр арьсыг Иэцхаак тэмтэрч үзээд таньчихгүйн тулд ажээ.
Иааков хоолыг авч эцгийнхээ майханд ороод
- Энэ би байна аа гэсэнд Иэцхаак толгой өндийн
- Хэн бэ? гэхэд Иааков шүлсээ залгин, худал хэлж
- Энэ би, Эсаав, таны ууган байна. Хүссэнийг тань гүйцэтгэлээ. Шарсан анг минь зооглоод, дараа нь намайг ерөө гэсэн нь Иэцхаакийг эргэлзүүлэв. Эсаавын дуу нэг л хачин дуулдсанд
- Ойртоод ир хүү минь, чамайг нэг тэмтрээд үзье гэв. Иааков айхын эрхэнд дусал хөлс духанд нь бурзайв. Эцэг нь одоо түүний мэхийг мэдчихвэл яана? Иэцхаак гарыг нь тэмтрэхдээ, ишигний арьстай хэсэгт л хүрчээ.
- Хачин юм даа гээд Иэцхаак
- Дуу нь Иааковынх, харин гар нь Эсаавынх байх юм. Үнэнээ хэл, чи Эсаав мөн үү? гэвэл, Иааков
- Тийм ээ. Би Эсаав! гэж хариулав.
Иэцхаак идэж уугаад
- Хүү минь хүрч ирээд намайг үнс! гэснийг Иааков ёсоор болгож, Иэцхаак ч Эсаавын хувцасны үнэрийг аваад эцсийн эргэлзээ арилав.
- Хүү минь, бидэнд Бурханы амласан нуга хээрийн үнэр чамаас ханхалж байна. Ирээд өвдөг сөгд! гэв. Иааковыг орных нь өмнө өвдөглөн суухад эцэг нь хүүгийнхээ толгой дээр гар тавиад ёс төгөлдрөөр
- Бурхан чамд атар газрын үр шим, арвин их мал сүрэг хайрлах болтугай. Өөр бусад ард түмэн хийгээд өөрийн чинь ах ч чамд үйлчлэн зарагдах болтугай. Хараагчид чинь хараагдаж, ерөөгсөд чинь ерөөгдөх болтугай хэмээн ерөөл болгов.
Иааковыг майхнаас гарахад Эсаав ангаас буцаж иржээ.
- За би, аав аа гээд
- Танд хоол хийж авчирлаа. Намайг ерөөж болно оо гэв.
- Юу уу? Чамаас өмнө хэн над дээр ирэв хэмээн Иэцхаак түгшүүртэйеэ лавлаад
- Ерөөлөө би хэнд хүртээж орхив? гэснээр хамаг юм ил боллоо.
- Иааков намайг дахиад хуурчихлаа! хэмээн Эсаав хашхираад
- Урьд нь тэр, ууган хүүгийн эрхийг минь, одоо болохоор эцгийн минь ерөөлийг хуураад авчихлаа! Аав минь та намайг ч бас ерөөж болохгүй юү? гэвэл
- Үгүй ээ, хүү минь гэж Иэцхаак гунигтайхан хариу хэлээд
- Ууганд хүртэх, Бурханы ерөөлийг би нэг л удаа өгөх ёстой юм. Чамайг ч бас ерөөнө, гэхдээ чи ууган нь биш шүү хэмээжихүй.
Ярилцах асуултууд
4 асуултИэцхаакийн хөвгүүдийг хэн хэн гэдэг байв? Тэд юу хийдэг байсан бэ?
Хараагүй болсон Иэцхаак, Эсаавыг анд явуулчихаад юу хийхийг бодсон бэ?
Иэцхаакийг мэхлэхэд Ривкаа хэрхэн оролцов?
Ойрынхонтойгоо, Иааковын аав, ах хоёртоо хандсан шиг харьцаж болох уу? Яагаад?