Иааковын зүүд

Иааковын зүүд

Библи, Эхлэл номын 28 дугаар бүлэг

- Чи зугтах хэрэгтэй гэж Иааковыг Ривкаа шаргуу ятгаж гарлаа. Уурлаж хилэгнэсэн Эсаав нь Иааковыг хөнөөхөөр заналхийлж байгааг нэгэн зарц нь түүнд ирж хэлсэн юмсанж.

- Аврахаам өвөөгийнхөө нутагт, Лаваан ахад минь зугтаж оч. Чамайг энд үгүй бол хэдэн жил болоод л ахын чинь уур хилэн намжина. Тэгэхээр нь би чам руу хүн явуулж, тэгээд чи буцаж ирж болно гэв.

Хүү Иааковыгаа явуулах талаар эр нөхөр Иэцхаактаа юу хэлэхээ ч Ривкаа мэдэж байлаа.

- Бурхангүй эмэгтэйг Иааков авч болохгүй, Бурханыг мэддэг эхнэр л түүнд хэрэгтэй гэхэд Иэцхаак ч санаа нийлжээ. Эхнэр нь олон жилийн тэртээ Аврахаамын нутгаас ирсэн шүү дээ. Тэгэхээр, Иааков тэндээс эхнэр аваг. Иэцхаак Иааковыг дуудаад

- Иааков, хүү минь чи энэ газраас эхнэр битгий ав. Ээжийнхээ эх нутаг Хараан руу яв. Тэндээс чамд эхнэр олдоно. Бурхан чамайг ивээг гэлээ.

Иааков «Энэ ч сайн хэрэг боллоо. Эцэг маань ч намайг явуулж байна. Тэгэхээр, оргож зугтаагүй маягаар Эсааваас нуугдаж болох нь» гэж сэтгэн эцэг эх, ар гэрийнхэнтэйгээ салах ёс хийгээд замд гарлаа.

Иааков авч явах ямар ч юм эцгээсээ гуйлгүй, барлаг зарц, хонь ямаа бүү хэл илжиг ч авалгүй ганцаараа гарч өгөв. Өмнө нь үзэж хараагүй алс холын оронд хөөрхий нэгэн хэрмэл хүн болж байгаадаа Иааков баахан гунигтай явлаа. Одох замдаа орох майхан, орон гэр юу ч үгүй Иааков, орой үдэш болоход толгой дороо ганц чулуу ивээд л нүцгэн газар хэвтлээ. Тэр нутагт зэрлэг араатантай ч Иааковыг замд нь Бурхан хамгаалж, бас түүний сэтгэл санаа ямаршуухан хүнд байгааг мэдээд нэгэн гайхамшигтай зүүд зүүдлүүлэв.

Иааков зүүдэндээ, үзүүр нь тэнгэрт тулсан нэгэн шат байхыг үзлээ. Тэнгэрэлч нар тэр шатаар өгсөж уруудан, Бурхан орой дээр нь зогсоод Иааковт

- Аврахаам, Иэцхаак нартай ярьсан тэрхүү Эзэн Би байна. Хэвтэж байгаа энэ газрыг чинь Би чамд, бас үр удамд чинь өгнө. Үр хойч чинь асар олон болоод, газар дэлхийн хамаг үндэстэн тэднээр дамжин ерөөгдөнө. Хаа явсан газарт чинь Би хамт байж чамайг хамгаална хэмээв.

Ингээд Иааков сэрж «Энэ ч зүгээр нэг зүүд байсангүй. Бурхан Өөрөө энэ газарт байж надтай ярилаа» гээд, дэрлэж байсан чулуугаа авч хөшөө болгон босгов. Тэгээд

– Бурхан минь, Та намайг аюул осолтой, алс хол энэ замд харж хамгаалан, гэмтээж бэртээлгүй гэрт минь буцаавал, надад өгсөн бүхний тань аравны нэгийг Танд өргөж, Танд би мөргөж үйлчлэх болно гэжхүй.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Иааков яагаад гэрээ орхин алс холын оронд явж одов?

  2. Тэр ямар зүүд зүүдэлсэн бэ?

  3. Иааковт Бурхан юу гэж хэлсэн бэ?

11. Иааковын зүүд00:00 / 03:27