Амлалтын хүү

Амлалтын хүү

Библи, Эхлэл номын 15, 18:1-22, 21:1-6

Авраам Сараи нар Кэнаан нутагт майхан бариад амьдарч суув. Тэд үр хүүхэдгүй өтөлж хөгшрөөд Авраам бараг зуу хүрч, Сараа ер дөхсөн байлаа. Бурхан нэг шөнө Авраамд

- Тэнгэр өөд хар. Юу харагдана? гэхэд тоолж барамгүй од гарагс тэнгэрийг бүрхэн авай. Тэгэхэд, Бурхан

- Үр удам чинь энэ тэнгэрийн од лугаа адил олон болж, Кэнаан газар амьдран сууна. Ёрын муу ард түмнийг Би энэ нутгаас хөөн зайлуулна хэмээв.

Авраам тэр үед үр хүүхэдгүй байсан ч амлалтаа Бурхан хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байлаа. Бурхан ямагт үнэнийг хэлж, хэлсэн үгэндээ хүрдэг болохоор Эзэний ямар ч амлалтад итгэснээрээ Авраам зөв зүйтэйг үйлдсэн хэрэг юм.

Авраам нэгэн өдөр майхандаа сууж байгаад, үд болохын хэрд тэднийх рүү ирж яваа хүмүүсийг олж харав. Авраам тэднийг тосон гүйж очоод нэгэнд нь

- Эзэнтэн минь гуйя, миний майханд саатаж хайрла. Ус авчруулж хөлийг тань угаалгая. Аян замаа үргэлжлүүлэхээр амарч тэнхээжих хоол хош бодъё гэсэнд Авраамынд амарч үдлэхээр аянч гурав зөвшөөрөв.

Тэд ямар хүмүүс байсан гэж та нар бодно? Тэд Тэнгэрэлч нар. Бурханы сайхан мэдээг Авраамд дуулгах гэж тэнгэрээс ирсэн ажээ. Хүсэл зорилгоо хүмүүст мэдүүлэхийн тулд Бурхан заримдаа Тэнгэрэлчээ илгээдгийг та нар мэдэх үү? Тэнгэрэлч нар майхны ойролцоох модны сүүдэр сууж, Сараи майхандаа байж байлаа. Авраам Сараид

- Сайн гурил шалавхан аваад бин хайр! гэчихээд овоохон бяруу шилж авч нэг зарцдаа өгөөд

- Одоохон төхөөр гэж тушаав. Хамаг бүхэн бэлэн зэлэн болоход, ирсэн хүмүүстээ идээ будааг Авраам өөрөө авчирч барилаа. Тэднийг зооглож байх зуур Авраам зэргэлдээх модны нь дор зогсож байв. Хоолон дундуур гийчдийн нэг нь

- Гэргий Сараи чинь хаачаав? гэж асуувал Авраам

- Майхандаа байгаа гэлээ. Нөгөө хүн

- Хойтон жил яг өдийд танайд би ирнэ, Сараи хүүхэдтэй болно хэмээв.

Тэнгэрэлчийн үгийг сонссон Сараи, ийм өтөл болсон түүнээс хүү гарна гэдэгт итгэж ядан, дотроо инээвхийлэв. Тэнгэрэлч

- Сараи чи юунд инээнэ? Үнэхээр хүүтэй болно! Эзэнд боломжгүй юм гэж байдаг уу? гэлээ.

Зочид босоод замаа хөөх болоход Авраам тэднийг жаахан гаргаж өгөөд, майхандаа ирэв.

Бурхан амлалтаа саналаа гэж үү? Мэдээж, үнэхээр жилийн дараа Сараигаас хүү төрлөө! Түүнд Иэцхаак гэж нэр өгөөд Авраам Сараи хоёр тун ч жаргалтай байв. Иэцхаак дуулгавартай сайн хүү болон өсөж, Бурхан түүнийг хайрлаж байлаа. Ингэж, Авраам Сараи хоёрыг хүүтэй болгоно гэсэн амлалтаа Бурхан ийнхүү биелүүлж тэдэнд хүү өгчээ. Бурханы амлалтад итгэн үгэнд нь орсон явдал Бурханд тун таатай байж, Авраам сайныг үйлдсэн хэрэг бөгөөд ингэсэн нь “түүнд шударга зөвийг тооцуулвай”. Үүнээс хойг Авраам Аврахаам, Сараи Сараа болсон.

Эзэнбээр Төгсхүчит агаад Түүнд боломжгүй юм гэж үгүй тул Түүний амлалтад бүрэн дүүрэн итгэж болно.

Ярилцах асуултууд

5 асуулт
  1. Хэр олон үр удмыг Аврахаамд өгөхөөр Бурхан амласан бэ?

  2. Гадны хүмүүсийн дүрээр ирсэн Тэнгэрэлч нарыг Аврахаам хэрхэн угтав?

  3. Тэд Аврахаам Сараа хоёрт ямар мэдээ авчирсан бэ?

  4. Бурхан амлалтаа биелүүлсэн үү?

  5. Бурхан яагаад Аврахаамд таалалтай хандсан бэ?

8. Амлалтын хүү00:00 / 04:15