Христийг цовдлов

Христийг цовдлов

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 23 дугаар бүлэг, 33-49

Ром цэргийн баг, цовдолж цаазлах ял шийтгүүлсэн хоёр гэмт хэрэгтний хамт Иэсүсийг зандчин шавдуулж, ташуураар ороолгосоор тууж явав. Маш олон хүн энэ багийн араас даган, ромчууд гэмт хэрэгтнийг голдуу цовдолдог Голгоот буюу Гавалын гэгдэх газрыг зүглэв.

Цовдлуулах ялтан өөрөө загалмайгаа үрч явах нэмэлт шийтгэлийг Ромынхон бий болгосон тул тэр хүнд модон загалмайг Иэсүс нуруундаа үүрсээр замын дунд хүрээд тэнхээ нь барагдав. Цэргийн даргын тушаалаар тэрхүү загалмайг Күрээнээс ирсэн Сиимонд үүрүүллээ.

Иэсүсийг дагасан тэр бөөн хүний дунд яваа олон эмэгтэй, Иэсүсийн зовлон тарчлалыг хараад орь дуу тавин уйлж унжиж байлаа.

Цаазын газарт ирээд цэргүүд, газар хэвтээ загалмайд Иэсүсийг хадах хэрцгий ажилдаа оров. Тэгээд нүх ухаж, түүн дотроо загалмайг суулгаж чигжлээ. Нөгөө хоёрыг ч мөн яг энэ ёсоор болгож Иэсүсийн баруун зүүн хоёр талд байрлуулав.

Иэсүсийн дотно найз нөхөд болох эр эм хэдэн хүн ч цаазын газарт дагаж иржээ. Эмэгтэйчүүд, Иэсүсийг даажигнагч хүмүүсээс арай зайдуухан зогсоод уйлалдаж байв. Даажин тохуу хийгсэд

– Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол Өөртөө тусалж наад загалмайнаасаа буугаад ир! Тэгвэл бид Чамд итгэе! гэцгээж байхад Иэсүстэй зэрэгцээ цовдлогдсон хоёр дээрэмчний нэг нь Түүнийг доромжилж, харин нөгөө талынх нь

– Дуугаа тат! Бид хийсэн хэргийнхээ төлөө шударгаар шийтгүүлсэн бол Тэр харин ямар ч буруу муу юм хийгээгүй гээд Иэсүст хандан

– Эзэн минь, Хаанчлалдаа очихдоо намайг бодолцоорой гэв. Иэсүс хариуд нь

– Чамд амлая. Чи өнөөдөр Надтай цуг диваажинд байх болно гэлээ.

Үүний дараа эргэн тойрныг бүхэлд нь түнэр харанхуй бүрхээд, газар доргилон хөдөлж байв.

Иэсүсийн хувьд бие махбодын тарчлал тэсэхийн аргагүй байсан ч сэтгэл санааны хувьд бүр ч ярилтгүй байлаа. Ертөнц дахины нүгэл гагц Түүн дээр буужээ. Хэдэн цагийн турш хэлэхийн аргагүй тарчилсны эцэст шаналал зовлондоо баглагдсан Тэрээр

– Бурхан минь! Бурхан минь! Юунд Намайг орхив оо? гэж дуу алдан хашхирав. Иэсүс, Тэнгэрлиг Эцэгийнхээ хамаг уур хилэн буюу ганц ч нүгэлт хүний тэсэж давшгүй тэр хилэнг Өөр дээрээ мэдэрчээ. Бурхан бөгөөд Хүн болох Христ л үүнийг давж дийлж чадах аж.

Харанхуй арилж, Иэсүс сүүлчийн үгээ хэлж

– Гүйцэлдлээ! Эцэг минь! Мутарт тань сүнсээ даатгая! гээд амьсгаа хурааж, тэргүүн гудайв. Иэсүс үхлээ.

Иэсүсийг хайрлаж эрхэмлэдэг ч айгаад нуудаг байсан, Аримат гарвальт Иосээф гэдэг нэр хүндтэй баян хүн тэр орой нь Пилаат дээр ирээд, Иэсүсийн цогцсыг загалмайнаас буулган авч иэхүдаа ёсоор оршуулах зөвшөөрөл хүсэв.

Ромын амбан үүнийг зөвшөөрчээ. Нэгэн шөнө Эзэн дээр ирсэн цагаасаа нууцаар Христийн дагалдагч болсон Никодиим ч Иосээфд туслав. Тэрбээр, иэхүдаачуудын оршуулгад хэрэгтэй талийгаачийн цогцос ороох бөс даавуу, моор, зуун наст зэрэг анхил үнэртэн бүгдийг авчирчээ.

Тэд Иэсүсийг боолтоор хичээнгүйлэн ороогоод тосоллоо. Дараа нь, цовдолсон газраас холгүй, хад ухаж хийсэн булшинд аваачиж оршуулан, тусгай ховилоор өнхрүүлдэг том хавтгай чулуугаар хаагаад, харьцгаав.

Эзэн гурав дахь өдрөө амилна гэж ярьж байсныг ахлах тахилчид, фарисаичууд дараа өдөр нь санаад, Пилаат дээр ирж, Иэсүсийн булшийг манах цэрэг өгөхийг хүслээ. Иэсүсийг шавь нар нь хулгайлчихаад, Түүнийг амилсан гэж магадгүй хэмээн тэд болгоомжилсон ажээ.

Булш манах цэргүүдийг Пилаат гаргаж өгөв. Булшинд яаж ийгээд нууцаар нэвтрүүлэхгүйн тулд иэхүдаачууд түүнийг бас лацадсан байна. Эрх баригчид, таагүй явдал үүсэхээс айсандаа Иэсүсийн шарилыг ийнхүү ихэд хичээнгүйлэн хамгаалжээ.

Ярилцах асуултууд

5 асуулт
  1. Иэсүсийг цовдлохоор хааш нь авч явсан бэ? Загалмай авч явахад нь хэн туслав?

  2. “Аав аа! юу хийж байгаагаа мэдэхгүй тэднийг уучлаач!” гэсэн Христийн үгийг хэрхэн ойлговол зохилтой вэ?

  3. Иэсүсийн үхэл бидний хувьд яагаад тийм чухал вэ?

  4. Иэсүсийг хайрладгаа Ариматын Иосээф хэрхэн харуулав? Тэр юу хийсэн бэ?

  5. Эзэнийг үхсэний дараа санхэдрионы гишүүд юунд тэгтэл санаа тавьсан бэ?

87. Христийг цовдлов00:00 / 05:45