Иэсүс Пилаатын өмнө

Иэсүс Пилаатын өмнө

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 23 дугаар бүлэг, 1-25

Дараа өглөө нь Иэсүсийг цэргүүд Ромын эзэн хааны амбан захирагч Пилаатад хүргэв. Иэсүсийг цаазлах эсэхийг шийдэх асуудал түүнд тулгарлаа. Түүний ордны өмнө түмэн олон бөөгнөрчээ. Пилаат тэдэнд чанга дуугаар

– Үхлийн ял оноох бурууг энэ Хүнээс би олсонгүй ээ. Тэгэхээр би Түүнийг цээрлүүлээд суллахыг тушаая гэсэнд, цугласан олон

– Үгүй ээ, үгүй! хэмээн түрхрэлдээд

– Цовдол Түүнийг, Түүнийг цовдол гэж хашхиралдана.

Пилаат өөр яалтай билээ? Энэ хүмүүс Иэсүст үхлийн цааз оноохыг шаардаад байдаг, харин Пилаат Түүний буруугүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэгтэл толгойд нь нэгэн санаа орж ирлээ. “Еврэйчүүдийн Алгасал баяраар нэгэн ялтныг сулладаг ёс бий. Тэгэхээр алуурчин Бараавыг эсвэл Иэсүсийг сонгох санал тавибал тэд мэдээж Иэсүсийг гэнэ” хэмээн бодоод

– Энэ жил би Иэсүсийг суллах уу, эс бөгөөс Бараавыг уу? гэсэн чинь, бүгд л

– Бараавыг, Бараавыг, Бараавыг! хэмээн бархиралдах нь тэр.

Энэ хашхираан ордны дотоод хашаанд хүртэл дуулдав. Тэнд байсан ром цэргүүд ч Иэсүсийг ёжлон егөөдөх янзтай байсан тул хэрцгийгээр нүдэж зодоод, дараа нь Түүнийг шоолон тохуурхаж байлаа. Тэд Түүнд хааны дээл гэгдэх ч хуучирсан час улаан өмсгөл нөмрүүлээд, махирс гэдэг өргөст ургамал сүлжин титэм болгож толгойд нь углав. Тэгээд ёжлон тохууцаж

– Баяр хүргэцгээ, Иэхүдаагийн Хаан! гэж хашхиралдан, өвч биеийг нь улаан нялга болтол ташуурдав.

Энэ бүх доромжлол, хэрцгийллийг хүлцэнгүй амссан Иэсүсийг ард олон эрхбиш өрөвдөх биз гэж найдсан Пилаат Түүнийг олны өмнө гаргаж ирэхэд хэнээс ч харуусал илэрсэнгүй, харин ч

– Түүнийг цовдол! Түүнийг цовдол! гээд л хашхиралдах тул Пилаат хаашаа ч гарах аргагүй болов. Тэрээр угаагуур авчрахыг тушаагаад, олны нүдэн дээр гараа угааж

– Энэ Зөвт хүний цусны буруу надад үгүй. Өөрсдөө харцгаа. Цовдлохыг би тушаая, буруу нь та нар дээр бууг! гээд Бараавыг суллуулав.

Ром цэргүүд үргэлжүүлэн Иэсүсийг доромжилсоор байлаа.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ард олны үзэн ядалтаас Иэсүсийг хэрхэн аврах гэж Пилаат бодсон бэ?

  2. Ард олон яагаад Бараавыг суллуулав?

  3. Ямар ямар хэрцгий тамлагааг Иэсүс амссан бэ?

86. Иэсүс Пилаатын өмнө00:00 / 03:16