Пээтрийн үгүйсгэл

Пээтрийн үгүйсгэл

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 22 дугаар бүлэг, 54-62

Баасан гарагийн өглөө болов. Ахлах тахилч Каяафынд Иэсүсийг авчирлаа. Иэсүсийг байцааж Түүнд ял оноохын тулд санхэдрион гэх Шашны дээд шүүх тэдний гэрт хуралдах болжээ.

Багшийгаа алсуурхан дагасаар яваад Пээтр, Иэсүсийг байцаан шүүх байрны хашаанд орж амжсан байна. Хүйтэн байсан тул цэрэг, зарц нар жаахан түүдэг асаагаад хөлчицгөөнө. Пээтр ч тэднийг бараадан сууж байтал

– Чи чинь энэ Иэсүсийн шавь нарын нэг биз дээ, эсвэл би андуурч байна уу? гэж нэг эмэгтэй гэнэт асуувал

– Биш ээ, биш хэмээн Пээтр өөрийгөө нотолсноор, саяхан л амлаж байснаасаа няцаж анх удаагаа Иэсүсийг үгүйсгэх нь тэр.

Пээтрийг хашаанд орж ирснээс хойш бараг нэг цаг өнгөрчээ. Багшийг нь хэрхэн байцааж шүүж байгааг харж, сонсож, байсан тэрээр олны дунд нуугдан байж, санхэдрионы хурлын төгсгөлийг хүлээх гэж бодов. Хэсэг байж байтал нэгэн зарц Пээтрийг харж

– Чи чинь Түүнтэй цуг байсан шүү дээ! гэхэд Пээтр бас л эсэргүүцэж

– Иэсүс ий? Би ердөө ч тийм хүн танихгүй! хэмээснээр Эзэнээсээ хоёр удаа татгалзжээ.

Энэ үед танхимд аймаар их шуугиан цуугиан болж, Иэсүсийг нударч түлхэн, шоолж хөхрөлдөж, зарим нь цохиод авч байлаа.

Энэ үед дахиад л нэг хүн, Пээтрт

– Чи тэдний нэг яг мөн. Ярианы чинь өнгө андашгүй! гэхэд Пээтр энэ хэрэгт орооцолдохгүйг хичээн

– Би тэр Иэсүсийг чинь танихгүй ээ! гэж Багшаасаа эрс булзах үед, шинэ өдрийн эхийг зарлан азарган тахиа донгодов.

Өчигдөр орой Алгасал баярын зоог дээр Иэсүс “Азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ!” гэж хэлснийг Пээтр сая л санаад Эзэнийг эргэж харахдаа, өөрийг нь бас харж байгаа Багшийгаа олж үзжээ. Ичгүүр, шаналанд автсан Пээтр гашуунаар уйлан, хашаанаас гүйж гарав. Багшийнхаа энэ харцыг тэр хэзээ ч мартаагүй юм.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Пээтрийг Иэсүсийн шавь нарын нэг гэдгийг хэн мэдсэн бэ?

  2. Пээтр түүнд юу гэж хариулсан бэ? Хэдэн удаа ийм явдал болов?

  3. Пээтр яагаад гашуудан уйлсан бэ?

85. Пээтрийн үгүйсгэл00:00 / 03:07