Гэтсэмани цэцэрлэгт

Гэтсэмани цэцэрлэгт

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 22 дугаар бүлэг, 39-46

Иэрүшалээмын хажуугаар урсдаг Кэдроон горхины нөгөө тал руу Иэсүс арван нэгэн шавьтайгаа гарав. Харин арван хоёр дахь нь болох Иүда тэдэнтэй цуг байсангүй. Шөнийн харанхуйд тэд Чидун уул руу очлоо. Иэсүс энд ирээд Тэнгэрлиг Эцэгтээ байнга залбирч байв. Уулын бэл дэх цэцэрлэгийг Гэтсэмани гэх агаад тэнд олиивын мод ургана.

Цэцэрлэгийн үүдэнд очоод Иэсүс шавь нартаа

– Энд сууж бай. Би тэнд очиж залбирна. Пээтр, Иааков, Иохан гурав Надтай яв гэлээ.

Энэ хором мөчүүд Иэсүст маш хэцүү байж. Тэрээр зовж шаналан, уй гашуу болж байв. Өөрийг нь чухам юу хүлээж байгааг Эзэн мэдэх билээ. Бүх хүний ачаа дарамт Түүн дээр буух болж, Иэсүс хүнд хэцүү тамлал, загалмайн үхлийн өөдөөс явж байлаа. Тэр зөвхөн махбодын тарчлаанаар барахгүй, юуны түрүүнд, тэсэж тэвчихийн аргагүй сүнсний хийгээд сэтгэл санааны дарамт зовлонг давж гарах ёстой байв. Нүгэл гэдгийг мэдэхгүй Тэрээр хүн төрөлхтний гэм нүглийн шийтгэлийг үүрэх учиртай болсон юм.

Уй гуниг, зовлон шаналаар дүүрсэн Эзэн, хайртай шавь нартаа

– Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Та нар энд Надтай цуг сэрүүн сэргэг байцгаа хээмн хэлж байлаа.

Хүн болгоны л адилаар, Иэсүст нөхдийн дэмжлэг хэрэгтэй болсон тул хамтдаа залбирахыг тэднээс хүсэж байв. Тэгээд, тэднээс хэдэн алхам холдож, өвдөг сөхрөн, нүүрээрээ газар унаад

– Эцэг минь ээ! Болвол, энэ аягыг надаас алгасуулаач. Гэхдээ Миний хүслээр биш, Таныхаар болтугай. Хэн хүний л адил, Эзэн ч бас тулгараад байгаа зовлон шаналангаас зугтмаар байвч Эцэгтээ дуулгавартай Хүүгийн хувьд

– Миний биш, харин Таны хүслээр болтугай гэв.

Иэсүс туйлын ихээр шаналж, залбирч, хөлс нь цусан дусал болон газарт унаж байв. Тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн Түүнийг зоригжуулж байлаа.

Иэсүс залбирч дуусаад, цуг залбирахыг түрүүнд нь гуйсан нөгөө гурван шавь дээрээ ирвэл нөгөөдүүл залбирах биш харин унтчихсан байж. Эзэн тэднийг сэрээгээд Пээтрт

– Сиимон! Чи унтаж байна уу? Ганц цаг ч болов Надтай цуг сэрүүн байж чадсангүй юү? хэмээсэн нь, хэзээ ч Эзэнээ үгүйсгэж орхихгүй, Өөртэй нь цуг үхэхээс ч буцахгүй хэмээн нэгэн цагт амлаж байсныг нь Сиимон

Пээтрт сануулах гэсэн хэрэг байжээ.

Иэсүс дахин хоёр ч удаа шавь нараасаа хамт залбирахыг гуйж, тийнхүү хоёр удаа эргэж ирэхдээ тэдний унтсаар байгааг үзжээ. Гурав дахь удаа эргэж ирээд

– Та нар унтсаар л, нойрссоор л байна уу? Миний цаг боллоо. Харцгаа, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Босцгоо, явъя. Намайг барьж өгөх хүн айсуй гэв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Эзэний зоогийн дараа Иэсүс хаашаа явсан бэ?

  2. Гэтсэмани цэцэрлэгт Иэсүс юу хийж байв? Эцэгээсээ Тэр юу гэж гуйсан бэ?

  3. Иэсүс шавь нараасаа юу хүссэн бэ?

83. Гэтсэмани цэцэрлэгт00:00 / 05:01