
Сүүлчийн алгасал баяр
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 13 дугаар бүлэг, 1-32
Алгасал бол Исраэлийн ард түмний хувьд хамгийн эрхэм чухал баяр байв. Иэсүс энэ удаа шавь нартайгаа энэ баярыг тэмдэглэх гэж хүсэж, Пээтр Иохан хоёрт
– Та нарыг Иэрүшалээм ороход савтай ус авч яваа хүн тааралдана. Түүнийг дагаж гэрт нь очоод, Алгасал баярыг бид хаана тэмдэглэх вэ гэдгийг асуу. Тэгээд түүний зааж өгсөн өрөөнд баярын бэлтгэл хий гэлээ.
Шавь нар ч Иэсүсийн хэлснийг ёсчлон гүйцэтгэв. Орой нь бүгдээрээ Иэрүшалээмын нэгэн байрны уужимхан тасалгаанд цуглалаа. Эхлээд тэд уламжлал ёсоор магтуу дуулж, харин Иэсүс дараа нь баярын дэг ёсонд огт байгаагүй нэг зүйлийг хийлээ.
Тэрбээр, угаалгын сав авч ус хийн, нэгэн шавийнхөө өмнө сөхрөн суугаад хөлийг нь угааж эхлэв. Нэгийнх нь хөлийг угаачихаад дараагийнхыг нь, гурав дахийг нь... Шавь нар нь нүд бүлтийлгэн харж, чухам ямар учиртайг нь гайхав. Нэр төртэй хүний зарц нь тэднийд ирсэн зочдын хөлийг ийнхүү угаах ёс бий. Гэтэл Иэсүс тэдний зарц биш шүү дээ! Тэр бол Багш, бас Бурханы Хүү! Тэгтэл одоо зарцын ажил хийж байх юм.
Пээтрийн ээлж болоход тэрээр татгалзаж
– Эзэн минь, Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү! гэсэнд Иэсүс түүнийг ширтэж
– Хэрэв чи хөлөө угаалгахыг зөвшөөрөхгүй бол, Миний хамаатан биш шүү гэв.
Пээтр хэсэгхэн зуур бодлогоширов. Энэ бол зүгээр л хөл угаах тухай яриа биш. Иэсүс энэ үйлдэлд их утга учир оноож байв.
Бүх шавийнхаа хөлийг угаагаад дахин тэдэнтэй нийлж тухаллаа.
– Юу хийснийг минь та нар ойлгов уу? гэж Түүний асуухад шавь нарын хувьд энэ явдал учир битүүлиг байсан тул хэн ч хариу хэлсэнгүй.
– Би та нарыг ийнхүү үйлдээсэй гэсэн жишээ үзүүллээ гэсэнд нөгөөдүүл нь “Ийн үйлдэх ээ? Зарц болж хувирах аа? Гэхдээ, Иэсүс биднээс ийм юм шаардмааргүй дээ!” хэмээн шавь нар нь бодоцгоов.
Иэсүс цааш нь
– Та нар Намайг Багш, бас Эзэн гэж дууддаг. Би ч үнэхээр Тэр нь мөн болохоор та нар зөв ярьж байна. Гэвч үүнийг үл харгалзан Би та нарын хөлийг угаалаа. Хэрэв Би ийн үйлдсэн бол та нар тэр тусмаа ингэх учиртай. Зарц нь хэзээ ч эзнээсээ илүү, зардас хэрхэвч илгээгчээсээ эрхэм байдаггүй. Та нар бол Миний зарц бас зардас. Тиймээс ойр хөршийнхөндөө зарагдахаас бүү эмээ гэлээ.
Ингээд хоолны цаг болж, шавь нар нь идээ будаа авчраад, Иэсүсийн залбирахыг хүлээж байв. Гэтэл Иэсүс залбирахаасаа өмнө, шавь нараа дахин нэг тойруулж хараад, мөдхөн болох үхлийнхээ талаар сануулан
– Намайг шоолж доромжилно. Би зодуулж нүдүүлээд цаазлуулна. Гэхдээ гурав дахь өдрөө үхлээс амилна гэсэн үгс шавь нарыг нь уй гунигт автуулсан боловч Эзэн
– Би тэрхүү тарчлал зовлонг эдлэхээсээ өмнө, чухамхүү энэ Алгасалыг та нартай тэмдэглэх гэж ихэд хүссэн билээ. Учир юун хэмээвээс, Би дараагийн удаа гагцхүү шинэ ертөнцөд, Бурханы Хаанчлалд л ийнхүү баярлаж тэмдэглэх болно гэлээ.
Дараа нь Иэсүс талх аваад түүний төлөө залбиран талархав. Тэгээд талхыг хувааж шавь нартаа өгөхдөө
– Энэ бол Миний Бие. Энэ талх хэрхэн уруулж тасчуулсан адил Миний Бие ч ийнхүү уруулж тасчуулна. Миний дурсгалд ийн үйлд хэмээв.
Талхыг идсэний дараа Иэсүс аяга авч дарс хийн
– Энэ бол та нарын төлөө урсах, Миний Цус. Бурханы, хүмүүстэй хийх шинэ гэрээ хэмээгээд хажууд нь суугаа шавьдаа өгөхөд бүгд дамжуулан түүнээс ууцгаав.
Оройн зоог өндөрлөх дөхжээ. Энэ удаагийн Алгасал баяр урьд өмнийнхөөс огт өөр болж өнгөрлөө. Шавь нар нь Иэсүсийн ярианаас тун ч багахан хэсгийг ойлгов бололтой. Гэвч, сүүлчийн энэ Алгасал баяр дээр Эзэнийхээ ярьсныг тэд тун удалгүй ухаарах цаг ирнэ ээ.
Ярилцах асуултууд
4 асуултИэрүшалээм дахь Алгасал баярын зоогийг хэн бэлтгэх ёстой байв?
Иэсүс юуны учир шавь нарынхаа хөлийг угаав?
Энэ үзүүлсэн жишээгээрээ Иэсүс шавь нартаа болон Өөрийн бүхий л дагалдагчдад юу заасан бэ?
Эзэн, шавь нартаа ямар тушаал өгсөн бэ?