
Бэт-анияа дахь Иэсүсийн тосолгоо
Библи, Маркийн бичсэн Сайнмэдээ, 14 дүгээр бүлэг, 3-9
Алгасал баяраас зургаа хоногийн өмнө Иэсүс шавь нартайгаа Бэт-анияад ирээд, дассан сурснаараа, Маарт, Марии, Лаазар нарын байдаг байранд буув.
Дараа орой нь тэд хамтдаа, Иэсүс өмнө нь уяман өвчнөөс ангижруулж байсан Сиимоныд зочилжээ. Маарт зочид гийчдэд оройн хоол барин үйлчилж байлаа. Марии нь босож, моор хэмээх үнэт анхилуун тостой гөлтгөнөн сав барьсаар Иэсүсийн өмнө ирэв. Тэрээр, мөнөөх савны лацадсан хүзүүг мулт цохиод, Эзэний толгой, хөл дээр тосыг цутгаж, урт гэзгээрээ хөлийг нь арчлаа. Үнэт тосны үнэр гэр дүүрэн ханхлав.
Ирсэн улсын зарим нь Мариид дургүйцнэ. Тийм үнэтэй тосыг ийм маягаар үрэх нь тэдэнд хайран байжээ. Хожим нь Иэсүсийг барьж өгдөг, Искариотын Иүда
– Энэ моорын тосыг гурван зуун мөнгөн зоосоор худалдаад, ядууст өгөхгүй яаж байгаа юм? хэмээсэн нь тэрээр ядуусын төлөө санаа тавьсандаа биш, харин өөрөө хулгайч байсных ажээ. Иэсүст арвин ихээр өргөдөг мөнгөний хайрцгийг Иүда барьдаг бөгөөд өөртөө түүнээс үлдээж хумсалдаг байж.
Шавь нарынхаа таагүй байдлыг Эзэн тасалж
– Марии, надад сайн үйл бүтээлээ. Ядуус ямагт хажууд чинь байх ч, Би харин дандаа байхгүй. Тэрээр Намайг оршуулгад бэлдэж эрт тосоллоо! Дэлхий дахинаа сайнмэдээ тунхаглагдахад, Надад зориулсан энэ эмэгтэйн үйлс дурсагдаж дурдагдах болно! хэмээжхүй.
Ярилцах асуултууд
3 асуултИэсүс Бэт-анияад ирээд хэнийд буусан бэ? Тэр хэзээ ирэв?
Марии юу хийсэн бэ?
Шавь нараас хэн нь Мариигийн үйлдэлд дургүйцэлээ илэрхийлсэн бэ?