Авраам Лоот хоёр

Авраам Лоот хоёр

Библи, Эхлэл номын 13, 18:20-33, 19-р б үлэг

Авраам Лоот нар яваандаа бод, богийн сүрэгтэй, алт мөнгө арвинтай тун ч баян болжээ. Харин тэгсгээд тэдний дунд ярвиг төвөг гарч эхэллээ. Мал сүрэг нь бэлчээр газартаа багтахыг болиод, малчдынх нь дунд маргаан гарах болов.

Иймд Авраам Лоотод

-Бид чинь төрөл садан улс. Малчид маань юмуу бид хоорондоо маргаж мэтгэвэл муу юм болно. Хэн хэнээсээ арай алсалж бууцгаая. Хэрэв чамайг зүүнээ нүүвэл би нөгөө тийш баруунаа одсугай гэв.

Хүссэн газраа шилж нутаглахыг Авраам зөвшөөрчээ. Иардээн голын хөндий янзын сайхан өгөөжтэй, яг л Библид гардагчлан Эзэний цэцэрлэг, эртний диваажин лугаа нэгэн адил үзэгдсэнд Лоот өег сайхан энэ нутгийг өөртөө сонгож авлаа. Тэрбээр гагц хар амиа л бодсоноос биш, энэ газарт чухам юу хүлээж байгааг, хүмүүсийнх нь бузар муугаас болоод Содоом, Амораа хотуудыг устгах болно гэдгийг ч мэдсэнгүй. Эзэнийг хүндэлдэг ч Лоот маань Содоом хотын ёсон бусын хүмүүс дунд амьдарч суухад учрах муу муухай юмны талаар юу ч мэдэхгүй байлаа.

Цаг хугацаа элсээр л. Нэг удаа Эзэн Өөрийн шийдвэрийг Авраамд

- Содоом Амораагийнхны гэм нүгэл хэтэрлээ. Бузар муу энэ хотуудад буулгахаар бэлдсэн гэсгээл цээрлэл маань тохирч байна уу гэдгийг очиж үзье хэмээн дуулгажээ.

Эзэний хоёр тэнгэрэлч Содоомыг зүглэсэн ажээ. Бурханаас Авраам асуусан нь

- Зөвт сайн тавин хүн энэ хотод байж магадгүй юм даа? Тэгвэл Та энэ хотыг тэдний төлөө өршөөж хэлтрүүлэхгүй гэж үү? Үүнийг нь Бурхан зөвшөөрч ам өгөв. Авраам энэ л асуултаа давтан давтсаар, зөвт сайн хүмүүний тоог 45, 30, 20 бүр 10 хүртэл багасган хэлэх бүрийд нь Эзэн тэдний улмаас хотыг өршөөхөө амласаар байв.

Хотын хүндэт эрхмүүдийн цугладаг газар болох их үүднээ Лоотыг сууж байх орой үдшийн цагаар мөнөөх хоёр тэнгэрэлч хүрэлцэн ирлээ. Тэр эрсийг харангуутаа Лоот босож тэдэнд мөргөөд гэртээ хонуулахаар урьж залав. Гэвч нөгөөдүүл нь

- Үгүй ээ, бид гадаа хононо гэсэнд, Содоомынхон явуулын улсад тун ч муугаар ханддагийг мэдэх Лоот замын тэр хүмүүсийг гэрт нь орохыг хичээнгүйлэн ятгав. Тэднийг хооллож амжаагүй байтал гадаа нь аймшигтай дуу шуугиан дэгдэв. Ирсэн хүмүүсээ гаргаж ирэхийг Лоотод тулган шаардахаар, хотынхон цуглаж ирээд байгаа нь тэр ажээ. Гийчдээ хамгаалж байгааг нь үзээд өнөөдүүл Лоотыг заналхийлж эхлэв. Гэвч Тэнгэрэлч нар Содоомын хүмүүсийг сохойлгож орхиод Лоотод

- Орилоон бархираан нь Эзэнд хүрсэн энэ хотыг бид гэм нүглийнх нь улмаас устгах болсон тул гэр бүлийнхнээ бүгдийг даруйхан хотоос гарга гэв.

Харамсалтай нь, түүний ирээдүйн хүргэд мань хүнийг тоглож байна гэж бодоод тоож үнэмшсэнгүй. Лоот ч бас өөрөө тэгтэл яаран ухасхийхгүйг харсан Тэнгэрэлч нар түүний, бас түүний эхнэр, охидын гараас шүүрэн авч хотоос гаргасан нь Эзэн тэднийг хэлтрүүлэх хэмээснийх ажээ. Эргэж ч харалгүй зугтаахыг Эзэн тэдэнд тушаасан ч Лоотын эхнэр үгэнд нь оролгүй, хот руу эргэж харсан даруйдаа давсан багана болон тогтчих нь тэр. Энэ үед Лоот охидтойгоо цааш гүйсээр... Эзэн ч Содоом Амораа дээр хүхэрт галыг тэнгэрээс цутгаж гарав. Эдгээр хот эргэн тойронтойгоо, бас Иардээн голын хөндий дэх амьд бүхэн устаж ариллаа. Нэгэн цагт үзэсгэлэнт сайхан хөндий асан тэр газарт өдгөө Мөхсөн тэнгис буюу Библид гардагаар Давст тэнгис сунайн цэлийнэ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Газар нутгийн ямар хэсэгт амьдран суухаар Лоот сонгож авсан бэ?

  2. Содоом Аморааг Бурхан өршөөн хэлтрүүлэхийн тулд ямар асуултыг Авраам тавьсан бэ?

  3. Энэ хотуудад дэлгэрэн гаарсан бузар мууг Бурхан хэрхэн ялсан бэ?

7. Авраам Лоот хоёр00:00 / 04:39