
Иэсүс Иэрүшалээмд орж ирлээ
Библи, Матайн бичсэн Сайнмэдээ, 21 дүгээр бүлэг, 1-11
Алгасал баяр ойртож байлаа. Иэсүс шавь нартайгаа Бэт-анияагаас Иэрүшалээмд хүрч ирэв. Маш олон хүн тэднийг дагажээ. Иэрүшалээмд асар их төвөг нажид Түүнийг тосож отож байгаа гэдгийг Тэрээр өмнө нь нэг бус удаа давтан хэлж байв. Гэвч, бүгдээрээ л сүрт ёслол үйлдлийн төдий санаж байж.
Баяр хөөрөөр бялхсан өргөн түмэн, ялалт амжилт, ололт чөлөөлөлтийн бэлэг тэмдэг гэгддэг, дал модны мөчир найлзуураар даллаж уухайлсаар Эзэнийг угтлаа. Иэрүшалээмын оршин суугчид Иэсүсийг ийн угтах нь тэдний өнө эртний мөрөөдөл биелэх нь хэмээн найдсаных ажээ. Эш үзүүлэгчдээрээ дамжуулан Бурханы амласан, Иэхүдаагийн Хаан буюу Машияах нь ирж тэднийг ромчуудын засаглалаас чөлөөлөх учиртай байлаа. Назаарын Иэсүс л тэрхүү Хааны үүргийг гүйцэтгэхэд хэнээс ч илүү тохирохуйц байв.
Эзэн, энэ цугласан олны сэтгэл санааг төдийгүй “Хаан чинь дудран унаад, даруухнаар чам дээр ирнэ...” хэмээн эш үзүүлэгч Зэхариагаар Иэсүсийн тухай хэлүүлсэн Бичвэрийг ч мэдэж байсан тул Тэнгэрлиг Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн тулд, ойролцоох суурингаас илжиг авчруулах гэж шавь нараасаа явуулав. Шавь нар нь ч Иэсүсийн даалгасныг ёсоор болгож, байдсан илжиг авчирч, нуруун дээр нь хувцсаа тохоод Эзэнд унуулав.
Түүнийг дагалдагсад баяр хөөрийн уухай хадаан
– Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Дээдийн Нэгэнд Хосанна! хэмээн хашхирцгааж байв.
Эртний еврэйгээр “Хосанна” гэдэг нь “Эзэн минь, биднийг ивээж ерөө, энэрч өршөө!” гэсэн утгатай үг аж. Бас зарим нь “Халлэлүяа!” буюу “Эзэнийг магтацгаа!” хэмээн хашхирна.
Энэ их сэтгэл хөдлөлийн уур амьсгал угтан тосогчдыг аажим аажим эзэмдсээр байлаа. Бүгд л Бурханыг алдаршуулан уухайлж
– Иэсүс, Та бол бид бүхэнд туслуулахаар Бурханы илгээсэн Хүн мөн! хэмээн хашхиралдана.
Хүмүүс, Иэсүсийг мэндлэн хүндлэн тосох гэж дал модны мөчир огтлон авчраад, улам улмаар дуу чимээ түрхрэн өндөрсгөж
– Таныг бид магтаж байна! Бидэн дээр Та Бурханы Элч болон иржээ! Та бол бидний Хаан! Та, бидэнд амар тайвныг авчирна! гэхээр барахгүй зарим нь ороолт нөмрөг, дээл өмсгөлөө хүртэл мултлаад, Иэсүсийн явж өнгөрөх, шороо тоостой зам дээр зулж дэвсэж авай. Хааны зам болгож дэвсдэг урт хивс тэдэнд байгаагүй бөгөөд харин ч Иэсүс бол амлагдсан Аврагч мөн гэдгийг өөрсдийн үйлдлээр үлгэрлэн үзүүлэхийг оролдож буй нь энэ ажаам.
Тэрбээр тэдний хаан болох ёстой! Зам зуурынхан ч түрхрэлдэн оволзох түмэн олонтой нийлэн нэмэгдсээр байлаа. Хаашаа л харна, инээд хөгжөөн, хөхил хөөрөл, баярлаж баяссан нүүр царай, цовоо цолгиун дуу хоолой.
Гэлээ ч энэхүү баяр бахадлыг бүгд, хараахан, хуваалцсан нь үгүй. Энэ хөөр баяслыг царай барайлган ажиглах хэсэг фарисаичууд Иэсүс рүү ойртон ирж
– Үүнийгээ зогсоо! Хэрэв Чамайг хаан гэж байгааг ромчууд мэдчихвэл Чамд л муу юм болно шүү. Тэд юу гэж бархиралдаж байгаагаа даанч мэдэхгүй байна. Тэднийг дуугай бол гэж хэл гэцгээв. Эгэл олны дунд өөрсдөөс нь ч илүү нэр нөлөөтэй болж байгаа болохоор фарисаичууд Иэсүст атаархаж байлаа. Тэд, иэхүдаачуудын дунд нэр хүнд, нөөлөг нөлөөгөө алдахаас айж байв.
– Үгүй ээ хэмээн Иэсүс хариулаад
– Хэрэв энэ хүмүүс дуугаа хураавал, хад чулуу хашхичих болно шүү. Тэд Бурханд талархал магтаалыг өргөж л байг! гэлээ.
Гэвч, өнөөдөр ийнхүү Өөрийг нь өргөмжлөн магтаж байгаа энэ хүмүүсийн дотроос олон нь хэдхэн хоногийн дараа Түүнээс урван, зайлж одно гэдгийг ч Эзэн мэдэж байв. Тэдний хайр нэн даруй үзэн ядалт болон хувирч, Түүнийг загалмай дээр цовдлох болно.
Ярилцах асуултууд
3 асуултХүмүүс Иэсүсийг дагаж явахдаа Түүнээс юу хүсэн хүлээж байсан бэ?
Иэсүс ямар байдалтайгаар Иэрүшалээмд орж ирэв?
Иэсүсийн хувьд хаан болох, эсвэл Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэн загалмай дээр хэлмэгдэхийн аль нь чухал байсан бэ? Яагаад?