
Захчайтай хийсэн уулзалт
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 19 дүгээр бүлэг, 1-10
Татвар хураагчдын ахлагч Захчай гэдэг, алдартай баян хүн Иэриход амьдарч байв. Түүний ажлын байр Иэрихо хотын хаалганаас холгүй байдаг аж. Хот орох худалдаачид тэднийхээр заавал дайрах бөгөөд Захчай тэдэнд
– Зогс! Татваргүйгээр хэн ч орох эрхгүй. Ромын төрөөс тогтоосон хоёр мөнгөн зоосыг төлөөд ор гэж зандарна.
Аяны улс шүд зуун байж өгөх мөнгө нь түүний эд хөрөнгийг бас л арвижуулах тул Захчай баярладаг байж. Ромын төрд нэг зоосыг нь өгөөд бусдыг нь өөртөө үлдээнэ. Тэрээр дандаа л инээмсэглэж явдаг нь, нэг их аз жаргалтайдаа ч бус, үнэндээ, хүн болгон түүнд тийм таатай биш байсных бөгөөд ихэнх хүний дургүйг хүргэсэн нэгэн байжээ. Захчай харин өөрөө бол буруутай гэдгээ мэддэг байж. Үнэн хэрэгтээ, буруу юм их хийдэг нь өөртөө нууц юм биш байжээ.
Нэг удаа, Захчай хэд хэдэн хүний ярианаас, Иэсүс мөдхөн Иэриход ирнэ гэдгийг мэдээд сэрхийв.
“Иэсүс! Тэр алдартай хүнийг би ч гэсэн нэг хармаар байна. Иэсүс л хүмүүсийг хайрладаг гэж хотлоороо л шуугилдах боловч, намайг хайрлах нь юу л бол. Надад бүгдээрээ дургүй, гэхдээ би бол Түүнтэй уулзмаар байна” хэмээн бодол болов.
Захчай, нэгэн албатдаа ажлаа даатгаад Иэсүсийн ирж яваа гудам руу гарлаа. Гэвч Эзэнийг харах гэсэн бөөн хүн тэнд цугларчээ.
Захчай нуруу намхан болохоор тэр олны дундаас Иэсүсийг олж харна гэж горьдолтгүй. Яадаг хэрэг вэ? Болж байгааг олж харахын тулд өндөр юман дээр гарах хэрэгтэй. Ойр байгаа нэг модыг харлаа. Түүн дээр гарах хэрэгтэй болов.
Татвар хураагчдын ахлагч модонд авирч байгааг харсан хүмүүс шоолон жуумалзавч Захчай ер тоосонгүй. Иэсүсийг л харахаас өөр юм түүнд бодогдсонгүй.
За тэгтэл, Иэсүс арван хоёр шавиа дагуулсаар гарч ирлээ. Тэдний араас олон хүн дагажээ. Захчай тэднийг яг доор нь иртэл анхааралтай ширтлээ. Үгүй ээ, Иэсүс өнгөрөөд явчихсангүй! Модон доор зогсож дээш хараад, чангаар
– Захчай, модноос бушуухан буугаад ир! Өнөөдөр Би танайд зочилмоор байна! гэлээ.
“Тэр хаанаас намайг мэддэг байна аа? Яагаад заавал манайд очих гэдэг билээ?” хэмээн гайхсан ч одоо түүний хувьд ийм юм бодоод байх цаг алга. Захчай, санд мэнд модноос буугаад Иэсүсийг шавь нартай нь гэрлүүгээ дагуулав.
Тэгээд тэнд, дайллага цайллага бэлтгэж, байгаа хамаг сайн бүхнээрээ ширээ засахыг тушаалаа. Иэсүстэй хувь танил болсондоо Захчай нэн баяртай байжээ. Хүмүүсийн ярьдаг үнэн ажээ. Иэсүс түүнд эвгүйрхсэнгүй. Тэрээр бүх хүнийг, тэр ч бүү хэл ахуй байдлыг нь нэвт шувт мэдэх Захчай мэтийнхийг ч хайрладаг аж.
Захчайн зүрх сэтгэлд ихээхэн өөрчлөлт гарчээ. Иэсүстэй харилцаж байгаад, өөрийнхөө амьдралыг гэм нүгэлтэй гэж ухааран үүндээ гэмших болов. Ингээд Иэсүст хандан
– Өмч хөрөнгийнхөө талыг үгээгүй ядууст өгье. Тогтоосноос илүү ганц зоос авсан ч түүнийгээ дөрөв дахин нугалж төлье гэлээ.
Иэсүс ийнхүү гэр оронд нь ирсэн явдалд Захчай тун ч их аз жаргалтай болов. Иэсүстэй учирсны дараа түүний хувьд шинэ амьдрал эхэлжээ.
Одоо тэрээр, Бурханы хүслийг дагахаар шийдлээ.
Иэсүсийг дагаж яваа олон хүн Захчайд дүргүйцэн
– Иэсүс яахаараа, ийм хүн дээр очдог байна аа? Энэ мэхлэгчтэй чинь бид үг ч сольдоггүй шүү дээ. Тэр тусмаа, хэн ч түүнтэй нэг ширээнд хооллож суухгүй. Гэтэл, Иэсүс түүн дээр очих мөртлөө, бидэн дээр ирдэггүй ээ хэмээн бухимдаж байв. Хүмүүс өөрсдөө Иэсүсийг дандаа ч хүлээж аваад байдаггүй л дээ.
Эзэн Захчайд
– Танай гэрт өнөөдөр аврал ирлээ! Одоо чи аврагдаж, Бурханы ард түмний тоонд орлоо. Чиний адил нүгэлтнүүдийг аврах гэж энэ дэлхийд Би ирсэн юм! хэмээжхүй.
Ярилцах асуултууд
3 асуултЗахчайн ажил хэрэг ямар байдалтай байв?
Захчай юу гэж Иэсүст амлав? Тэр яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
Иэсүс яах гэж энэ дэлхийд ирсэн бэ?