
Сохор хүний эдгэрэл
Библи, Маркийн бичсэн Сайнмэдээ, 10 дугаар бүлэг, 46-52
Иэсүсийг шавь нартайгаа бас үй олон хүнтэйгээр Иэрихогоос Иэрүшалээм орохоор явах замд, бүхний танил Барталмаи гэгч гуйлгачин хүн сууж байв. Харах нүдгүй тэрээр амь зуулгын ажил хийх чадалгүй тул гуйлга гуйхаас аргагүй.
Барталмаи өдөр болгон зам сахиж уруу царайлан суудаг санж. Тэрээр, хүн амьтан, цэцэг навч, уул хөндий гээд энэ хорвоог харахын бөөн хүслэн!
Иэсүс л сохрыг хараатай болгодог гэж хэн нэгэн хүн түүнд хэлсэн ажээ. “Хараатай ч болоосой. Иэсүс намайг эдгээгээсэй билээ. Даанч хараагүй би Иэсүсийг яаж олох билээ дээ?” гэж бодоод нэг удаа бахь байдгаараа сууж байтал гудмаар гарах дуу чимээг сонсоод хажуугаар өнгөрөх хүмүүсээс
– Та минь ээ, тэнд юу болоод байна аа? гэж ихэд хичээнгүйлэн шалгаахад нэг хүн
– Иэсүс ирж явна! гэв.
– Иэсүс ээ? хэмээн Барталмаи догдлон хашхираад
– Иэсүс, надад туслаарай! Иэсүс ээ, намайг өршөөгөөч! гэсээр байв.
– Чимээгүй бай! Байдгаараа битгий бархираад бай! Иэсүсийг бөөн хүн бүччихээд байхад, чиний чарлаан л дутав гэж хэмээн түүнийг дуугүй болгох санаатай зандрав.
Гэвч Бартолмай хүмүүсийн үгэнд хоригдолгүй:
– Иэсүс ээ, надад туслаач! гэсээр байлаа.
Иэсүс, Барталмаи хашхирахыг сонсоод зогсов.
– Хашхираад байгаа хүнийг аваад ир дээ! гэж Тэр хэллээ.
Шавь нар нь Барталмаид ирж
– Иэсүс чамайг сонсоод, уулзахыг хүсэж байна. Түүн дээр оч гэсэнд Барталмаи үсрэн босоод ухасхийв. Нэг хүн түүнийг гараас нь хөтлөн, олны дундуур гаргаж Иэсүс дээр авчирлаа.
– Чамд юу хэрэгтэй байна? гэсэн найрсаг дуу хоолойг Барталмаи сонсоод
– Эзэн минь, би хараатай болмоор байна! хэмээн ээрч мууран дуугарав.
Иэсүс түүнд
– Хараа ор! Итгэл чинь чамайг аварлаа! гэх тэр агшинд Барталмаи хараа ороод түүнийг хурц гэрэл хучиж авлаа. Амьдралдаа анх удаа л энэ хорвоог өнгөтэй дүрстэй нь харлаа.
Ёстой ер бусын юм! Одоо тэр өмнө нь зогсоо Иэсүсийн нүүрийг хайр баяр гэрэлтүүлэн харж байна! Барталмаи ийм сайхан ивээл болсон Эзэнд яаж талархахаа ч мэдэхгүй, жаахан хүүхэд аятай баяр хөөр болон үсэрч цовхорч, Бурханыг алдаршуулан магтаж гарлаа. Ингээд Иэсүсийг шавь нартайгаа цааш явахад тэдний араас дагав.
Ярилцах асуултууд
3 асуултИэриход байсан сохор хүнийг хэн гэдэг вэ?
Тэрээр Иэсүсийг хэн гэж дуудав? Тэр Түүнээс юу гэж гуйсан бэ?
Хараа ороод тэр яасан бэ?