
Лаазарын амилал
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 11 дүгээр бүлэг, 1-45
Бэт-анияад амьдардаг Маарт Марии нарын ах Лаазар хүндээр өвджээ. Дүү нар нь түүнийг үхчихвий гэж айгаад Иэсүст
– Эзэн минь! Найз чинь хүнд өвчиллөө хэмээн хэл хүргүүлэв. Хэний тухай хэлж байгааг Эзэн мэдэж байвч төдий л санаа зоволгүй
– Энэ өвчин үхлийнх биш, харин Бурханы алдрынх! гэж байв.
Иэсүс шавь нартайгаа, Лаазарын өвчний тухай сонссон тэр газраа хоёр хоноод
– Явцгаая! Лаазар унтаж байгаа. Би очиж түүнийг сэрээнэ гэсэнд шавь нар нь эргэлзэсхийн, Иэсүс харин
– Лаазар үхжээ! Гэхдээ Би тэнд байгаагүйдээ баярлаж байна. Та нар удахгүй харна аа, тийшээ явъя! гэлээ.
Эзэнийг Бэт-анияад ирэхэд, Лаазар булшинд дөрөв хоночихоод байжээ. Олон иэхүдаа Маарт, Марии нарыг тайтгаруулахаар Иэрүшалээм болон тэр хавиас ирсэн тул тэдний суурин хүн ихтэй байлаа. Иэсүсийг тосгонд ойр ирснийг Маарт сонсоод Түүнийг тосож очив. Марии гэртээ үлджээ.
Маарт Иэсүстэй уулзаад
– Эзэн минь! Хэрэв Та энд байсан бол ах маань үхэхгүй байлаа. Гэхдээ Та Бурханаас гуйвал Тэр Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв.
Иэсүс хариуд нь
– Ах чинь амилна аа! гэсэнд
– Үеийн төгсгөлд болох аймшигт шүүлтийн өдөр амилна гэдгийг мэднэ ээ хэмээн бувтнахад нь Иэсүс
– Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэгч нь мөнхөд үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэлээ.
– Тийм ээ, Эзэн минь! Та бол Христ, дэлхийд ирсэн, Бурханы Хүү гэж бүсгүй хариулан, Иэсүс ирээд хүлээж байна гэдгийг дүүдээ дуулгахаар гэрлүүгээ гүйлээ.
Марии ч эгчийхээ хэлснийг сонсмогц босож, Иэсүс рүү гүйж ирээд хөлд нь унан гашуунаар уйллаа. Бүгд л бөөн уй гашуу болж байгааг Иэсүс үзээд, талийгаачийг хаана оршуулсныг асуув. Түүнд зааж өгсөн газар очоод Иэсүс ч уйлж, Лаазарыг тавьсан агуйн амнаас чулууг зайлуулахыг тушаалаа. Хэдэн хүн чулууг өнхрүүлэн зайлуулахад Эзэн тэнгэр өөд хараа өргөн
– Эцэг минь! Намайг сонссон Танд талархъя гээд, чанга дуугаар
– Лаазар! Гараад ир! гэж дуудлаа.
Яг тэгтэл ер бусын юм боллоо. Талийгаач, гар хөл нь шарилын ороолттой, нүүр нь алчуураар бүтээлгээтэй чигээрээ гарч ирэв.
Иэсүс
– Ороолтыг нь тайл, хөдөлж яваг! гэхэд энэ агуу гайхамшгийг үзсэн олон олон иэхүдаа Эзэн Иэсүст итгэжээ.
Ярилцах асуултууд
3 асуултЛаазарын дүү нараас хэн нь Иэсүсийг тосож очсон бэ? Тэр очоод юу гэж хэлэв?
“Амилал ба амь бол Би байгаа юм” гэж Эзэн хэлсэн нь юуг илэрхийлж байна?
Гайхамшиг ямар байдалтай болж өнгөрөв?