Иэсүс хүүхдүүдийг хүлээн авдаг

Иэсүс хүүхдүүдийг хүлээн авдаг

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 18 дугаар бүлэг, 15-17

Иэсүсийг олон бүгдээр тойрон овоорч байсан тэр өдрүүдийн нэгэнд Тэрбээр Бурханы тухай болон Бурханы Хаанчлалын талаар мушгиж хатгасан элдэв янзын зальжин асуулт тавих хуулийн багш нарт хариу болгож, уйгагүй ярьж өгөхийн сацуу, тоймгүй олон өвчтөнийг эдгээж илаарьшуулж байв.

Түүн дээр шавсан үй олны дунд, үр хүүхдээ дагуулсан эр эм хэсэг хүмүүс байлаа.

– Та нар хаачих гээд байгаа юм? Жаахан хүлээж бай гэх хэн нэгний дуу олны дотроос дуулдсанд, нэгэн эмэгтэй, Иэсүсийн зүг хандан

– Үр хүүхдүүдийг минь Тэр ерөөж өгөг л дээ гэв.

Нөгөө улсуудаас бас л нэг нь

– Хүүхэд ээ! Иэсүс наана чинь, хүүхэд мантай чухал ажилтай байна. Энэ олон өвчтөнг эдгээх, бас Бурханы Хаанчлалын талаар ийм нухацтай юм ярьж байхад, та нар хүүхэдтэйгээр барахгүй, энэ тухай санаанд нь ч орохооргүй нялх нярайгаа хүртэл аваад ирсэн байх юм хэмээн дургүйлхэх өнгөөр зандарч байв.

– Хүүхэд, заавал бүгдийг ойлгох албагүй. Харин Бурхан тэднийг хайрладаг гэдгийг л мэдвэл болно. Тиймээс л бид Иэсүсийг...

– Үнэтэй цэнэтэй цагаа Тэр хүүхэд шуухдад дэмий зарахгүй ээ.

– Биднийг оруулчих л даа, гайгүй! гэхчилэн тал талаасаа дуу өндөрсөөд ирсэн тул Иэсүс, маргалдагсдын зүг анхаарал хандуулж

– Хүүхдүүдийг Над дээр ирүүл! Бурханы Хаанчлал тэдэнд хамаатай! гэсэнд шавь нар нь Иэсүсийг гайхан харж, хүүхэдтэй хүмүүс баярлалдан Иэсүс рүү ирж байв. Дагалдагчид ч цаашид юу болохыг харах гэж Түүнд ойртож ирэв.

Иэсүс тэдэнд

– Надад итгэцгээ, Бурханы Хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн ч тийш орохгүй. Бурханы хайрыг хүүхэд адил итгэлтэйгээр хүлээн аваагүй хэн ч Түүнийг дагаж чадахгүй гээд жижиг хүүхдүүдийг гар дээрээ авч, томхон хүүхдүүд дээр гар тавин ерөөв.

Ярилцах асуултууд

2 асуулт
  1. Шавь нар нь яагаад хүүхдүүдийг Иэсүст ойртуулахгүй байв?

  2. Бурханы Хаанчлал хүүхдүүдэд хамаатай гэж Эзэний хэлсэн нь ямар учиртай вэ?

75. Иэсүс хүүхдүүдийг хүлээн авдаг00:00 / 02:44