
Төөрөлдсөн хүүгийн тухай сургаалт зүйрлэл
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 15 дугаар бүлэг, 11-32
Иэсүс бас нэгэн түүхийг фарисаичуудад ярьж өгсөн нь
- Хоёр хүүтэй нэгэн хүн байжээ. Хөвгүүд өсөж торниод эцгийнхээ ахуй амьдралд тусалдаг болж. Тун дуртай биш ч гэлээ, том хүү нь үнэндээ л тус болдог байж.
Харин бага хүүд нь хачин явдал тохиолдож. Яах ийхээ эцгээрээ ямагт заалгасаар залхсан тул өөрөө бүхнийг шийдэн тусдаа амьдрах нь дээр гэж үзжээ.
Ингээд нэг удаа эцэг дээрээ ирж
– Аав аа, танаас хойш би надад ноогдох өв хөрөнгийг авах учиртай. Гэлээ ч би таны өнгөрөхийг хүлээмээргүй байна. Тасалж хөрөнгөө аваад тааваараа амьдармаар байна. Тэр өмч хөрөнгө эрт орой нэгэн цагт тэртэй тэргүй л минийх болно гэлээ.
Төрсөн хүү нь мөнгөө аваад төрөлх гэр орноо орхино гэдгийг мэдэж байсан эцгийг энэ үгс эмзэглүүлжээ. Гэлээ ч түүний сонголтыг хүндэлж үзээд, гэртээ үлдээхийг хүчилсэнгүй. Ингээд өөрт нь ноогдох өв хөрөнгийг тасалж өгсөнд отгон хүү нь холын газар оронд яваар одоод, гайхам сайхан харш өргөө, ганган хээнцэр хувцас өмсгөл, амтат идээ, алиа цэнгэлд арвин ихийг зарж амьдран суух болов гэнэ.
Орчин тойрныхон нь түүний хөрөнгө чинээ, хөөрүү сайрхууг тун удалгүй тунгааж мэджээ. Иймээс, хамаг зардлыг нь дааж наргиулдаг, харь нутгийн баян түүний хавь ойроор харчуул, хүүхнүүд хөлхөлдөх нь элбэгшлээ.
Мань залуу ч анд найзыг олов хэмээн андуу бодох авч, үнэндээ тэд нь үнэнч нөхөд бус, үрлэг зарлагынхаа үүр уурхай болгож л түүнийг ашиглана ажээ.
Ийн тансаг амьдралдаа энэ залуу ихэд сэтгэл хангалуун байх агаад жуулчилж аялж, зугаа цэнгэлийн газраар хэсүүчилж, элдэв бүхэнд татагдаж, эрх дураараа амьдарсаар авай. Төрсөн орон гэрээ ч дурсан санасан удаагүй.
Наргиан цэнгээнт амьдралд найгүй автсан тэрбээр хөрөнгө чинээ нь хүртэл хоног хоногоор хорсоор байгааг анзаарсангүй.
Ингэж явтал нэг удаа, энд тэндээс ирсэн ихэд олон зочинтой ээлжит тансаг найрандаа төлөх мөнгө хүрэлцэхгүй болж түгшил сандрал болоод
– Миний мөнгө дуусжээ. Найз нөхдийн хувьд та нар надад тус болооч гэж дуржигнуулсанд,
– Нөхөд гэнэ үү? – хэмээн нөгөөдүүл нь тээнэгэлзээд,
– Найранд урьчихаад мөнгө нэхэгчийн найз нөхөд бид биш ээ. Жаргаж суугаарай! гэцгээгээд залууг тэд орхив гэнэ.
Залуу эр ард нь үлдэж, заалны эзэнд байдгаа өгөөд, загнуулж хөөгдөн гарав гэнэ. Нөхцөл байдал бишдэж, нөгөө залуу тэнүүчилж, дутал гачилын зовлонг тун удалгүй ухаарав.
Яг тэр үеэр энд яггүй өлсгөлөн тохиолдоод ямар ч хүн түүнд хоолны шавхруу ч халайсангүй. Амь зогоох ажил ч олдсонгүй. Эрж сурж явсаар эцсийн эцэст тэрээр эндхийн нэг хүний гахайг өчүүхэн хөлсөөр маллах үүрэг хүлээж тохиролцов.
Энэ залуутай урьд нь иймэрхүү ажил яривал элэглэл доромжлол гэх атал, одоо харин омог бардам нь оргүй арилжээ.
Хоосон ходоод нь хоржигнож зовоогоод гахайн пэнстэйгээс ч тэр дуртайяа үмхэлмээр байвч, гачлантай нь эзэн зөвшөөрөхгүй.
Халтайж навсайсан, өлдөж үлбийсэн тэрээр гахайн сүрэг дундаас, ганц удаа гэрээ санаж “Ядаж л гэртээ үлдэхгүй, яасан ч тэнэг загнав даа, би. Аавын минь хөлсний ажилчдын аль ч надаас дээр амьдарч суугаа шүү дээ” гэж бодож сууснаа “А-аа, би мэдлээ, аавындаа буцаж очъё. Аав минь надад хүүгийн ёсоор, ахиад хандахгүй нь тодорхой. Аавын гэх харьцаагаа аль хэдийнээ тасалсан байгаа. Гэлээ ч харин намайг гэртээ эргээд харивал, хөөрхийлж тэр өрөвдөн хөлсний ажилчинаа болгож, хөхиүлж нигүүлсэх бус уу?” Эрхэлж өссөн хүү эрсэлж ийнхүү шийдэв.
Эргэж харих зам эцэс төгсгөлгүй мэт урт ч эцсийн эцэст алсаас эцгийнх нь гэр харагдав. Залуу эр тэгээд зам дээр зогслоо.
Аяны сүүлчийг дуусгах хүч тэнхээ ч барагдаж, аавынхаа өмнө зогсож зүрхлэх эсэхдээ ч эргэлзэж. Өнөө залуу тэгтэл гэнэт, өөдөөс нь тосож гүйх өөр нэг хүнийг үзэж, нүдээ нэг шудраад нөгөө хүнийг ширтлээ. Энэ хүн тэгтэл, эцэг нь мөн байлаа!
Явуутаа, мөнөөх хөгшин ямар нэг юм хашхираад янзын баяртай маягаар гараараа даллаж харагдана. Эцэг нь ингэж хүүгээ эргээд ирсэнд баярлав гэж үү? Үүнд итгэх тэнхээ түүнд үнэндээ үлдсэнгүй. Уурлаж хилэгнэлгүй аав нь урьдынхаараа л хайрласаар гэж үү?!
Эцэг нь хүүгээ чанга тэврээд, элгэндээ наан үнсэж үлгэлэв. Ингээд хоёул гэрээ зүглэв.
Эцэг нь тэгээд, зарц нартаа
– Тансаг сайн хувцас хүүд минь аваад ир! Таргалуулж бордсон бяруу нэн даруй төхөөр! Та нарт ч бас талархаж найрлах далим байна! Үхсэн байсан хүү минь ингээд амь оржээ, үрэгдэж алдагдсан тэр минь эргээд наддаа иржээ! гэж ихэд баяртай үгүүлжхүй.
Ярилцах асуултууд
3 асуултИэсүс фарисаичуудад ямар сургаалт зүйрлэл ярив?
Энэ сургаалт зүйрлэлээс ямар зүйл сурч болох вэ?
Энэ сургаалт зүйрлэлийн эцэг, отгон хүү хоёр та нарт хэнийг сануулж байна вэ?