
Алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэл
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 15 дугаар бүлэг, 3-7
Нэг удаа Иэсүс хуулийн багш, фарисаичуудад ийм нэгэн түүх ярьж өгчээ.
Нэгэн малчин хонин сүргээ тун сайтар анхааран малладаг байжээ. Тэрээр зуун хоньтой бөгөөд, нэг нь ч сүргээс салж алга болчихгүйн тулд ямагт харж харуулдана. Маш сайн хоньчны хувьд тэр, мал хунараа ихэд эрхэмлэн, өдөржин бэлчээд үдэш нь гэдэс цатгалан, гэмтэл согоггүй гэртээ ирүүлэхийг хичээдэг байж. Нэгэн орой хонио тооолсон чинь ерэн ес болжээ.
Дахиад тоолсон чинь бас л ерэн ес! Нэг хонь алга болж таарлаа, салаад алга болсон уу, магадгүй чононд идүүлсэн үү? Бушуухан л эрж олох хэрэгтэй. Сүргээ дахин тойруулж үзвэл, хар хошуутай нэг нялх хурга алга байна гэнэ.
Хашааныхаа хаалгыг сайтар түгжээд, эрэлд гарлаа. Ерэн есөн хонь нь харах хүнгүй үлдэж байгаад санаа зововч, хором бүр үхлийн аюул заналхийлж байгаа хөөрхий хурганыхаа хойноос яарахгүй байж чадсангүй.
Сэтгэлийн зовуурт хөтлөгдсөн тэрбээр, хар хурдаараа жирийсээр ууланд очлоо. Гэлээ ч санаа амрах болоогүй, эрэл дөнгөж л эхэлж байгаа нь тэр. Байн байн зогсож, бяцхан хургаа дуудаж, өөдөөс нь майлж магадгүй хэмээн чих тавьсаар гэвч эргэн тойрны толгод цуурайнаас өөр хариу өгсөнгүй. Битгий л идүүлчихсэн байгаасай! Уул толгод дамжин хургаа дуудсаар л.
– Май-ай-й! гэж майлах чимээ дуулдах төдий гарлаа.
Бахардталаа гүйгээд байдгаараа цохилсон зүрх нь бараг амаараа гартал баярлав. Хурга нь амьд байна шүү дээ! Хурганыхаа хулгасхийн майлах зүг хурдалж хүрвэл, өнөөх нь үхлийн ирмэг дээр! Хурга нь нааш сэрвийсэн хадны үен дээр нааш ч үгүй, цааш ч үгүй гацчихжээ. Хониндоо хүрэхийг бодсон малчин ангал хадны элгэнд зам жим олдож магад хэмээн харц бэлчээсээр.
– Аюултай, гэхдээ боломжтой гэж үзсэн хоньчин маань, болгоомжтойгоор уруудаж, хургаа мөрөн дээрээ тавиад хянамгайхан өгссөөр гарч ирлээ. Тэр үнэхээр аз жаргалтай байв! Хурга нь түүний хүзүүнд наалдаж байгааг үзвэл өөрийг нь аварсанд байрлаж байгаа гэлтэй.
– Бурхан Өөрөөс нь холдсон хүмүүсийг яг л үүн лүгээ нэгэн адилаар эрж хайж байдаг юм. Гэмших хэрэгцээгээ тоохгүй ерэн есөн зөвтнөөс, гэмшиж улайсан нэгэн нүгэлтний төлөө тэнгэрт баяр хөөр болдог хэмээн итгэж байна хэмээн Иэсүс яриагаа дүгнэж төгсгөв.
Ярилцах асуултууд
3 асуултИэсүс ямар түүх буюу сургаалт зүйрлэлийг фарисаичуудад ярьж өгсөн бэ?
Үүнээс юу нь та нарын санаанд хамгийн тод үлдэв?
“Гэмших” гэж юү вэ?