Сайн санаат Шомрооны тухай сургаалт үлгэр

Сайн санаат Шомрооны тухай сургаалт үлгэр

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 10 дугаар бүлэг, 25-37

Ариун Бичвэрийг маш сайн мэдэх нэгэн хүн Иэсүс дээр нэг удаа ирэв. Тэр үед тийм хүмүүсийг хуулийн багш буюу Бурханы Хуулийн мэдлэгтэн гэдэг байж. Тэрээр өөрийн биеийн төлөө бус, харин Багшийг сорьж үзэх гэсэндээ нэгэн асуулт бодож олсон байжээ.

Тэрээр “Иэсүс хэрэв асуултад нь хариулбал, Түүний алдааг би тодорхойёо зааж өгөх болно” хэмээн бодоод

– Багш аа, Бурханаас мөнх амийг хүлээн авахын тулд би юу хийх ёстой вэ? хэмээн их л гэнэгүй байдлаар асуувал, Иэсүс

– Бичвэрт юу гэж бичсэн бэ? гэв.

Зальхай хуульч маань өөрөө хариулах ёстой боллоо.

– Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла, мөн хөршөө өөрийн бие мэт хайрла гэсэн байдаг гэв.

– Зөв хэмээн Иэсүс санаа нийлээд

– Тийн үйлдсүгэй, тэгээд мөнх амийг авна гэлээ.

Хуулийн багш эмзэглэх маягтайгаар яаруухан

– Тийм ээ, би мэднэ. Харин энэ хамгийн ойрын гэж хэнийг тооцох вэ? хэмээв.

– Би нэг түүх ярьж өгье гээд Иэсүс

– Нэгэн хүн Иэрүшалээмаас Иэрихо орохоор явж байжээ. Дээрэмчид явуулын хүмүүсийг ямагт тонож байдаг, эль хуль газраар зам нь дайран өнгөрдөг байж. Тэд нөгөө хүнийг үзээд, хадны араас ухасхийн довтолж, зодож нүдэн, хамаг байдгийг нь цөлмөөд нуугдаж оджээ. Шархадсан тэр хүнийг зүгээр л зам дээр хаячихаж.

Хэсэг байзнатал, нэгэн тахилч түүгээр өнгөрч явснаа, зам дээр хэвтээ шархтныг хараад бушуухан буруулж одов. Тахилч, түүнд тусламж үзүүлэхийг бодсонгүй.

Хожимхон нь, бас нэг лэвии хүн (сүмийн санваартан) ирж таараад, бас л түрүүчийн хүний адилаар хурдхан өнгөрөөд явчихав.

Эцэст нь, илжиг унасан нэгэн хүн хажуугаар нь өнгөрч явсан нь тахилч ч, лэвии ч биш, бүр Исраэльд ч хамаагүй хүн байв. Тэрбээр, Шомрооны иргэн буюу шомроон хүн байжээ. Ихэнх исраэльчууд тэднийг жигшин үзэж, Бурханд буруу ханддаг гэж тооцдог байлаа. Тиймээс нөгөө хөөрхий хүн, тэр шомрооноос тусламж авна гэж санасан ч үгүй. Гэтэл шомроон хүн түүнийг хараад өрөвдөж, хүрч ирж шархыг нь боон, илжгэндээ болгоомжтойхон тээсээр нэгэн дэн буудлын газар ирлээ.

Шомроон хүн, нөгөө хэлмэгдэгчийг тэнд хонуулахаар мөнгийг нь төлөөд, маргааш өглөө нь салах ёс гүйцэтгэн, буудлын эзэнд бас мөнгө өгч

– Өвчтөнийг асарч үзээрэй. Мөнгө дутвал, би буцах замдаа төлөмц гэжээ.

– Тэгэхээр, хохирогчийн ойр хөрш эдний хэн нь байна даа? гэсэн Иэсүсийн асуултад хариулж цөхөх юмгүй байлаа.

– Мэдээж, тэрхүү тусламж үзүүлсэн хүн нь гэж хуулийн багш хариулав.

– Зөв өө гэж Иэсүс санаа нийлээд

– Та ч бас тийн үйлдсүгэй хэмээв.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Хэн Иэсүст асуулт тавьж ирсэн бэ? Тэр юу гэж асуув?

  2. Иэсүс ямар сургаалт үлгэр хэлсэн бэ?

  3. Бидний ойрын хөрш гэж хэн бэ?

71. Сайн санаат Шомрооны тухай сургаалт үлгэр00:00 / 04:35