Иэсүс усан дээгүүр явав

Иэсүс усан дээгүүр явав

Библи, Маркийн бичсэн Сайнмэдээ, 6 дугаар бүлэг, 45-56

Шөнө болов. Шавь нарын суусан завь Галиилийн тэнгисээр хөвж явлаа. Иэсүс тэдний дунд биш, харин ууланд гараад ганцаараа залбирч байж. Шавь нар цаг гаруй сэлүүрдэхэд салхи ширүүссэний улмаас улам л хүч зарах болов.

Завь давалгаанд далбилзаж, аюул осол ихсээд, тэд бас Капернаум хүрэх хэрэгтэй байдаг. Тийшээ очихыг Иэсүс тэдэнд тушаасан байжээ. Тэр Өөрөө хожуухан очно гэсэн аж. Шавь нар эрэгт завиа зогсоох гэж байдгаараа үзээд барсангүй, салхи завийг нь авч явчихаад байлаа... Салхи дэндүү хүчтэй байсан тул тэд аргагүй хүчин мөхөсдөж байв.

Шавь нар гэнэт, нэгэн гэрэлт цэгийг олж харлаа. Тэр нь займчин хөдөлсөөр завинд дөхнө. Бүр ойртож ирэхийг нь үзвэл энэ нь хүн ажээ.

Шавь нарын нэг нь

- Хүний дүрс усан дээгүүр явж байна! Ийм юм байж таарахгүй! Энэ ойртоод байгаа юм нэг бол хий үзэгдэл, эсвэл тайлж мэдэхийн аргагүй ямар нэг хачин юм байна хэмээн ориллоо.

Одоо нөгөөдүүл, хүн гэдгийг тод харж, бас тэр нь салхинд дуу нь замхарчихгүйн тулд амаа гараараа халхлан байж

– Битгий ай, Би байна! хэмээн хариу хашхирав.

Энэ нь тэдний Багш Иэсүс аж. Тэд Түүнийг дуугаар нь шууд л таниад дотор нь онгойх шиг болов. Шавь нар нь санаа амарч, Түүнийг завинд ойртож ирэхийг хүлээв. Харин тэдний нэг нь хүлээж тэссэнгүй. Пээтр тун ч тэвчээргүй хүн. Түүнээс гадна тэрээр, Иэсүст нэн хайртай тул бусдаасаа түрүүлэн Түүнтэй учрахын тулд өөдөөс нь гүйж хүрэх гэж боджээ. Гэлээ ч энэ бол боломжгүй хэрэг. Живчихэлгүйгээр усан дээгүүр явж чадах хэн байх вэ дээ?

“Гэлээ ч, болохгүй нь юу байна? Иэсүс усан дээгүүр алхаж байгаа юм чинь би ч бас чадна. Мэдээж би өөрөө биш, Түүний тусламжтайгаар болно” гэсэн бодол толгойд нь орж ирмэгц Пээтр

– Эзэн минь, Энэ Та мөн бол усан дээгүүр явж Танд очихыг надад тушаагаач! гэсэнд Иэсүс

– Хүрээд ир! гэлээ.

Пээтр завины тэвшийг даван алхаж нэг хөлөө усны мандал дээр тавьсанд ус түүнийг яг л хөрс шороо гэлтэй дааж байна. Нөгөө хөлөө ч бас тавиад алхлаа. Тэр одоо усан дээр явж байна шүү дээ! Иэсүст хүрэх зай ойртсоор. Гэнэт Пээтр яг өөрийг нь чиглэн асар өндөр давалгаа айсуйг харав. Давалгаа оволзон хөөсөрсөөр хөлд нь тулж ирлээ. Пээтр цаашид Иэсүсийг харалгүй, харин давалгаан дээр анхаарал нь төвлөрчээ. Түүнд аймшигтай санагдлаа. Тэгш мандал дээрх шигээ давалгаан дээр тогтож чадах болов уу? Яг энэ хоромд тэрээр живж эхлээд

– Эзэн минь ээ, авраарай! хэмээн орилов.

Иэсүс яг хажууд нь байжээ. Тэрээр, живж байгаа Пээтрийг гар сунган зуурч аваад

– Хомс итгэлт минь ээ! “Юундаа чи эргэлзээв?” хэмээн асуув.

Пээтр өөрийнхөө хүчээр биш, харин Бурханы Хүү Иэсүс Христээр аврагдсан байна. Энэ үед бусад шавь нар тэдэнд бүр дөхөөд ирсэн байв. Гайхалтай нь, Иэсүс Пээтр хоёрыг завинд нь орж ирэх яг тэр агшинд салхи зогсжээ.

Завь долгионы аясаар зөөлөн дайвалзана. Болсон явдал шавь нарыг тун ч гайхуулсан тул тэд Иэсүст хүрч ирээд, тэр цагт хаанд хүндлэл үзүүлэн тангарагладаг байсан шиг мэхийн мөргөж

– Иэсүс, Та бол үнэхээр Бурханы Хүү! хэмээцгээв.

Иэсүс л туслаагүй бол энэ шөнө тэд үхэж ч болох байлаа.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Шавь нар тэр шөнө хаашаа явж байсан бэ? Иэсүс яагаад тэдэнтэй байгаагүй вэ?

  2. Нууран дээр юу болов? Шавь нар юунаас тэгтэл айсан бэ?

  3. Эзэн хэрхэн усан дээгүүр явж чадсан бэ?

  4. Пээтр яагаад гэнэт живж эхлэв?

70. Иэсүс усан дээгүүр явав00:00 / 05:51