Таван мянгыг цатгав

Таван мянгыг цатгав

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 9 дүгээр бүлэг, 10-17

Иэсүс өдөржингөө ард олонтой ярьж хөөрч байжээ. Сонсогчдынх нь дунд эрчүүд таван мянга, бас түүнээс цөөнгүй хүүхэд, эмэгтэйчүүд байв. Иэсүс зөвхөн зааж номлоод зогсохгүй, Түүн дээр ирсэн өвчтөнүүдийг эдгээж илаарьшуулж байлаа.

Орой тийшээ, шавь нар нь Иэсүст

– Багш аа, энэ хүмүүс юм идэх хэрэгтэй дээ гэсэнд Иэсүс инээмсэглэн

– Та нар тэдэнд идэх юм өг! гэв.

– Энэ олон хүнд чинь идэх юм хаанаас бид авах билээ? Энд ердөө л, таван талх, хоёр загас байна. Энэ чинь эзгүй хээр, бидэнд ч мөнгө бага хэмээн Фиилип учирлав.

Иэсүс

– Талх, загасаа аваад ир гээд тэр талхыг нь авч Бурханд талархан, Түүний ивээл ерөөлийг хүсэн залбирав. Тэгээд, талхыг тасалж хуваан, шавь нарынхаа бэлдсэн сагсанд хийв. Загасыг ч мөн адил ийн үйлдэв.

Шавь нарын нүд орой дээрээ гарах шахав. Нэг л биш ээ. Ганц сагстай талх, загас хаашаа ч хүрэлцэхгүй гэж бодож байтал, одоо бүх сагс идэх юмаар дүүрчээ! Зүлгэн дээр хэсэг бүлгээрээ суусан хүмүүст талх, загас тараахад, сагстай хүнс дуусаагүй байтал бүх хүнд хүрэлцлээ! Бүгд цадталаа идэв.

Энэ Иэсүс чинь юун Хүн болов оо? Ийм гайхамшигтай юм үйлдэх хүч Түүнд хаанаас ирээд байна аа?

– Хүмүүс дээр очоод үлдээсэн юмыг нь цуглуул. Юу ч орхиж болохгүй шүү хэмээн Иэсүс шавь нартаа хэлэв. Тэд цөмөөрөө л хоолны үлдэгдэл дүүрэн хайрцагтай эргэж ирлээ. Хүмүүс цадтал идээд, баралгүй орхисон үлдэгдэл нь анхны байснаасаа ч их болжээ!

Нүдэн дээр нь үйлдсэн энэ гайхамшгийг хүмүүс гайхан шагшиж

– Дэлхийд ирэх ёстой нөгөө Эш үзүүлэгч чинь Энэ мөн байна гэлцэж байлаа.

Харамсалтай нь, таван мянган хүний дотор ч, Иэсүс юу хийхээр хичээж байгааг ухаарах хүн байсангүй. Тэдний дунд “Хэрвээ, Иэсүс хоол хүнсийг ийм амархан олоод байх юм бол бид ажил хийх ч хэрэг алга. Түүнийг бид Хаанаа болгоод, Тэр бидний хэрэгцээг хангаад л байхад болно” гэж бодох хүмүүс ч байжээ.

Энэ хүмүүсийн хүслийг Иэсүс мэдэж байлаа. Тэрбээр энэ дэлхийн хаан болохоор ирээгүй тул, хүмүүсээс далд ганцаараа залбирах гэж, энэ газрыг даруй орхин ууланд гарлаа. Хүмүүс гэр гэртээ харьжээ. Тэдний зарим нь Иэсүсийг яваад өгөхөд урам хугарч байлаа.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Ард олон юуны төлөө Иэсүс дээр ирсэн бэ?

  2. Эзэн Төгсхүчит гэдгээ ямар байдлаар харуулсан бэ?

  3. Энэ гайхамшгийн дараа ард олон Иэсүсийн талаар ямар санаа бодолтой байв?

69. Таван мянгыг цатгав00:00 / 04:18