
Иаиирийн охины амилал
Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 8 дугаар бүлэг, 41, 42, 49-56
Иаиир гэгч хүнд урьд өмнө нь хэзээ ч ингэж хар хурдаараа харайлгах хэрэг гарч байсангүй. Тэрбээр синагогийн (залбирал хийхээр иэхүдаачуудын цугладаг байр) ахлагчдын нэг бөгөөд ийм нэр хүндтэй албаны хүн гүйж явах ёсгүй байжээ. Харин, одоо бол амь наана, там цаана дээрээ тулаад байлаа. Арван хоёр настай охин нь үхлийн босгонд тулаад байж. Ухаангүй хайрладаг охиноо Иаиир өдөр өдрөөр муудсаар байгааг нь харж суухад хүрчээ.
Яг энэ үеэр Иэсүс шавь нартайгаа энэ хотод ирж таарсан тул Иаиир Түүнд хандан тусламж гуйхаар шийдсэн байна. Ингээд Иэсүс дээр гүйн ирж хөлд нь сөхрөн унаад, цөхрөнгөө баран гуйж
– Багш аа, охин минь үхэх гэж байна. Очиж авраач гэж Таныг гуйя! Таныг гуйж байна! Түргэлж үзээч, эс тэгвэл оройтлоо! гэв.
– Явцгаая. Чи түрүүл, Би араас чинь явья гэж Иэсүс хариу хэлэв.
Тэр олон хүний дундуур нэвтэрч гарна гэдэг амаргүй тул тэд тун аажуу хөдөлж, замдаа таарсныг нь Иаиир тэсэлгүй түлхэн зайлуулж явав. Тэгтэл тэр, өмнөөс нь яаран айсуй нэгэн зарцаа олж харлаа.
Зарц нь түүнд
– Багшид одоо төвөг удах хэрэггүй ээ. Охин нь дөнгөж сая өнгөрчихлөө гэв.
Иаиирын зүрх эгээтэй л зогсчихсонгүй. Бүгд тодорхой! Хайртай үр нь өнгөрчээ! Оролдлого зүтгэл бүхэн нэмэргүй боллоо. Иаиир таг хөшиж орхиод, нүүр царай нь үхсэн мэт зэвхийж цайв. Зарцынх нь хэлснийг
Иэсүс сонсоод Иаиирын мөрөөр тэвэрч
– Айсны хэрэггүй ээ, охин чинь эдгэрнэ гэв.
Синагогийн ахлагч чухам юунд итгэхээ ч мэдэхийг болиод уй гашууд автан, гэрийнхээ зүг гэлдэрчээ. Иэсүс араас нь явж байв. Тэднийг дөхөж ирэхэд бөөн уйлаан майлаан, гашуудал харууслын чимээ дуулдав.
Иэсүс
– Битгий уйлцгаа! Охин үхээгүй, зүгээр л унтаж байна! гэхийг сонссон хүмүүс Түүнийг шоолон инээлдэх болов. Хүүхэд үхчихсэн гэдгийг тэд тодорхой мэдэж байсан болохоор энэ бол тэдний хувьд ёстой дэмий яриа байлаа.
Иэсүс бүх хүнийг гаргаад, охины эцэг эх, шавь нараасаа Пээтр, Иохан, Иааков нарыг авч, орон дээр хэвтээ охины байгаа өрөөнд оров. Эзэн, охины гараас барьж
– Охин минь, бос! гэсэнд охин гүн амьсгаа авч, дахин нэг амьсгалаад нүдээ нээн, царай нь хэвдээ ороод босож ирэв.
Эцэг эх нь нүдэндээ ч итгэсэнгүй. Хүүхэд нь амьд байна шүү дээ! Ямар их аз завшаан бэ!
– Охинд идэх юм өг, тэр одоо хүч тэнхээ орох хэрэгтэй хэмээн Эзэн хэлж охиныг дахин харж инээмсэглээд хаалга зүглэв.
Балмагдаж гайхсан шавь нар нь сэхээ орж, баяр хөөр болсон гэр бүлийг орхиод Багшийнхаа араас ухасхийхэд бас ч хэсэг хугацаа оржээ.
Ярилцах асуултууд
3 асуултСинагогийн ахлагчийг хэн гэдэг вэ?
Түүнд ямар зовлон учирсан бэ?
Шавь нараас хэн хэн Иаиирынд болсон гайхамшгийн гэрч байв?