Нэгэн эмэгтэйн эдгэрэл

Нэгэн эмэгтэйн эдгэрэл

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 8 дугаар бүлэг, 42-48

Иэсүс завиар Капернаумд хүрч ирэхэд бөөн хүн цуглаад Түүнийг хүлээж байлаа. Олон хүн Түүнийг зорин иржээ. Хүмүүс тал талаас нь шахаад, амаргүй байсан тул тэдний дундуур арайхийн зайчилж явав. Тэгснээ

Эзэн гэнэт зогсоод

– Хэн Надад хүрэв? гэлээ.

Өөрөөс нь хүч гарахыг Тэр мэдэрсэн ч харин шавь нар нь

– Багш аа! Энэ олон хүн Таныг тойроод шахцалдаж байгааг харах мөртлөө Та, хэн Танд хүрснийг асууж байх юм даа гэлцэв.

Иэсүс хариу хэлэлгүй, хэн нэгнийг эрэх мэт эргэн тойрон харж байв.

Иэсүсийг дагаж буй олны дотор нэгэн өвчтэй эмэгтэй байжээ. Тэрээр арван хоёр жилийн турш янз бүрийн эмч нараар явж, хамаг байдгаа төлбөрт өгч дууссан боловч тус нэмэр болоогүй аж. Харин эцэст нь, Иэсүсийн үйлдэж буй гайхамшгуудын сургийг сонсоод эдгээлгэхээр ирсэн байна. Тэгээд “Дээлийнх нь хормойд ч болов хүрэхэд л эдгэрнэ!” гэж бодоод Эзэнд харагдахгүйн тулд араас нь дагажээ. Энэ эмэгтэй, Иэсүсийн эдгээх чадварт үнэн голоосоо итгэж байлаа. Тэгээд Их Багшийн хувцсанд хүрэв үү, үгүй юү л эдгэрснээ мэдэрчээ.

Иэсүс, түүний эдгэрснийг мэдэж байсан ч Өөр лүү нь ирэхийг хүлээж зогсов. Өнөө эмэгтэй ирээд, айсандаа болж салгалж чичирсээр, Эзэний хөлд унаж, болсон бүхнээ өчжээ. Үүнийхээ хариуд тэрээр Иэсүсийн хайрлаж энэрэн хэлсэн

– Охин минь итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван яв даа? гэх хариуг сонсжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Эзэн шавь нартайгаа ямар хотод ирсэн бэ?

  2. Арван хоёр жил өвчтэй байсан эмэгтэй юу хийсэн бэ?

  3. Эмэгтэйг юу эдгээсэн бэ?

65. Нэгэн эмэгтэйн эдгэрэл00:00 / 02:33