Санаанд багтамгүй загасчлал

Санаанд багтамгүй загасчлал

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 5 дугаар бүлэг, 1-11

Иэсүс Гэннисарээтийн нуурын эрэг дээр номлол хийхэд дэндүү олон хүн цугласан тул Тэрбээр завиар хөвж эргээс жаахан холдоод ярихад хүрэв. Ингэх нь Түүнийг харж, бас ярьж байгааг нь ойлгож авахад дөхөм болжээ.

Яриагаа Тэр дуусгаад Пээтрт

– Нуурын дунд очоод тороо шид, их загас барих болно гэлээ.

– Одоо юу? Нуурын дунд уу? гээд, загасчдад илүү ойр дөтийн хувьд Пээтр жаахан тээнэгэлзэнгүй харж байв.

Иэсүс, ухаантай хүн гэдэг нь эргэлзээгүй ч, загас барихын тухайд бол санаанаас цаашгүй гэхэд болно. Нэгдүгээрт, өдрийн цагаар, завины сүүдэр хараад л загас дайжчихдаг тул хэн ч загасанд явдаггүй.

Хоёрдугаарт, нуурын дунд дэндүү гүнзгий тул тор ёроолд нь хүрдэггүй ажээ. Загас барихад, нуурын эрэг орчмын тэгш ёроолтой газар илүү сайн байдаг.

– Багш аа, бид шөнөжингөө зүтгээд юу ч барьж чадаагүй шүү дээ гээд Пээтр сүүлд нь

– Үнэнийг хэлэхэд, нуурын дунд, тэр тусмаа одоо юу ч баригдахгүй. Гэхдээ Та хэлж байгаа хойно, очоод тороо шидье дээ хэмээн хариу барив.

Андрей Пээтртэй цуг завинд үсрэн ороод эргээс холдон хөвлөө.

Иохан бас Иааковтой хамт өөр нэг завинд сууж тэдний араас явлаа. Тэд бол энэ хөгийн загасчлал юу болж дуусахыг харах л гэж боджээ. Пээтр Андрей хоёр нуурын голд очиж тороо хаяад усны гүн тийш тэсэж ядан харуулдаж суув.

Гэтэл, ус гэнэт загасны мөнгөлөг хайрсаар дүүрэн бужигнаж гарав. Загасчид ч ухасхийн торныхоо сэжүүрээс шүүрэн татаж эхэллээ. Торны хүндээр багцаалбал тоймгүй их загас орсон бололтой. Хоёул татаад дийлээгүй тул Иааков Иохан нарыг дуудав. Дөрвүүлээ хамжин арайхийж тороо уснаас гаргаад загасыг хоёр завиндаа ачив. Тор нь ачаагаа даахгүй, хэд хэдэн нүд нь урагдсан байлаа.

Итгэхэд ч бэрх юм боллоо! Тэд хэзээ ч ийм их загас барьж байсан удаагүй. Энэ ер бусын загасчлал тэдэнд айдас хүйдэс төрүүлэн Сиимон-

Пээтр айхын эрхэнд өвдөг сөхрөн унаад

– Эзэн би нүгэлт хүн, надаас явж үз. Би Тантай цуг байж таарахгүй! хэмээхүйд, Иэсүс харин мөрөн дээр нь гараа тавин

– Битгий ай, Пээтр. Цаашид чи загасыг биш харин хүнийг ийнхүү барьж ирэх болно! гэлээ.

Иэсүсийн шавь нар хоёр завиа эрэг дээр татаж гаргаад, арвин их олз омогтой байхыг бусдаас хүсэмжлэн, харин өөрсдөө Иэсүсийг дагах болов.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Гэннисарээтийн нууран дээр ямар гайхамшиг болсон бэ?

  2. Пээтр яагаад Иэсүсийг өөрөөсөө холдуулж явуулах гэсэн бэ?

  3. Иэсүс Пээтрт юу амлав?

62. Санаанд багтамгүй загасчлал00:00 / 03:36