Худаг дээрх уулзалт

Худаг дээрх уулзалт

Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 4 дүгээр бүлэг, 4-29

Ийм нэгэн явдал болсныг төсөөлөөд үзье дээ. Наранд халж улайдсан замаар хэсэг аянчид явсаар Сухаар хотхоны ойролцоо, олон зууны тэртээ Иааковын ухсан худгийн дэргэд амсхийв.

Энэ аялагчид бол шавь нартайгаа яваа Иэсүс гэдгийг бид мэднэ. Үдийн цайны цаг дөхсөн тул Багш нь шавь нараа хүнс авахуулахаар явуулаад Өөрөө худаг дээр үлдлээ.

Жин үд болж, нар дээр хөөрчээ. Энэ үед худаг дээр голдуу хүнгүй байдаг атал дашмаг савтай нэгэн эмэгтэй хотоос гараад айсуй. Тэрбээр, худаг дээр хүнтэй таарчихгүйн тулд ид халуун цагаар усанд яваа аж. Хотынхон түүнийг самуун явдлынх нь улмаас жигшиж зэвүүцдэг юмсанж.

Нөгөө бүсгүйг усаа авчихаар нь Иэсүс, гэнэт түүнд

– Уснаасаа өгөөч гэв.

Иэхүдаачууд шомроончуудтай огт харьцдаггүй атал энэ хүн ийн хандсанд нөгөө эмэгтэй гайхахын ихээр гайхав. Харин Иэсүс, түүний сэтгэл санаа, гэмт амьдралыг мэдээд түүнд туслахыг хүсэж, хамгийн чухал нь болох: итгэлийн тухай, Эзэнд хэрхэн зөв итгэж мөргөх талаар яриад

– Бурхан бол сүнс, Түүнд мөргөгч нь сүнсээр, бас үнэнээр мөргөх ёстой юм гэлээ.

Мөргөх газар байр нь чухал биш, Бурхан Өөрөө газар сайгүй оршин чадах тул хаана ч мөргөж болно гэдгийг Эзэн мэдүүлэхийг зорьжээ.

Нөгөө бүсгүй тун анхааралтай чагнаж, Эзэний үгийг ойлгоход нь Ариун Сүнс тусалж байлаа. Үнэний эрэлд хэсэг зуур ээрэгдэн байсан нөгөө эмэгтэй үгүүлрүүн

– Машияах, өөрөөр хэлбэл Христ ирнэ гэдгийг бид мэднэ. Тэр ирэхээрээ, Бурханд таацахын тулд юу хийх ёстойг маань бидэнд мэдүүлэх юм.

Иэсүс хариуд нь

– Тэр чинь Би, одоо чамтай яриад зогсож байна! хэмээжхүй.

Тэр эмэгтэй сая л үнэнийг мэдэж, Тэр бол Аврагч мөн гэдэгт итгэлээ.

Шомроон бүсгүй тун ч аз жаргалтай болоод, энэ тухай бүгдэд хэлэх гэж хотын зүг яаравчлан одов. Тэрээр цаашид, түүнийг жигшиж зэвүүцдэг хүмүүсээс айж явахаа больжээ. Гэм нүглийг нь Өөртөө авсан тэрхүү Аврагчтайгаа учирсных шүү дээ.

Тэр эмэгтэй, Өөрийгөө Христ гэж хэлсэн нөгөө Хүнтэй Сухаар хотынхныг уулзуулах гэж худагруу дуудаж ирүүлэв. Хотынхон бүгд л Машияахыг харах гээд сэтгэл догдлон шуурхайлсаар Иэсүс дээр ирж байв.

Чивэлт амьдралыг нь нэвт шувт мэдсэн гэж нөгөө эмэгтэйн гэрчилснээр, олон олон шомроон хүн Эзэн Иэсүст итгэж, бас өөрсөдтэй нь цуг байхыг

Түүнээс хүсжээ.

Иэсүс тэр хотод хоёр хонож, хүмүүстэй нь ярьж хөөрөв. Өөр олон хүн Түүнд итгээд, бас нөгөө эмэгтэйд

– Бид зөвхөн чиний ярьснаар ч биш, харин Тэр бол энэ ертөнцийн Аврагч гэдгийг өөрсдөө сонсож мэдээд итгэлээ хэмээн баяр хөөр болцгоож байв.

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Иэсүсийн амрахаар саатсан худаг Исраэлийн аль хэсэг байдаг вэ?

  2. Тэр эмэгтэй яагаад заавал үдийн халуунаар худаг дээр ус авах гэж ирсэн бэ?

  3. Шомроон эмэгтэйд Иэсүс юу ярьсан бэ?

  4. Эмэгтэй юуны учир баярлан, хот руу яаравчлав? Хотынхонд тэрээр юу ярьсан бэ?

61. Худаг дээрх уулзалт00:00 / 03:56