Шөнийн айлчин

Шөнийн айлчин

Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 3 дугаар бүлэг, 1-21

Энэхүү Алгасал баярын үеэр Иэсүс олон олон гайхамшиг үйлдэж, ард түмний дундаас олон ч хүн Түүнд итгэжээ. Ядуусын ихэнх нь Түүнийг Машияах, Аврагч хэмээн хүлээж авсан бол, баячууд голдуу эргэлзэж, эс бөгөөс хүйтэн хөндий хандаж байлаа.

Харин, Эзэнтэй танилцаж, ганцаарчлан ярилцахыг үнэхээр хүссэн нэгэн хүн Иэрүшалээмд байв. Тэрбээр, нэр хүндтэй эрдэм номтон, шашны фарисаи бүлэгт харьяатай, бүхний хүндлэл хүлээсэн санхэдриины (шашны дээд зөвлөлийн) гишүүн хүн байсан болохоор өдрийн цагаар ирж эс зоригложээ.

Никодим гэдэг тэр хүн, ойр тойрныхноос элдэв таагүй юм болуузай хэмээсэндээ Иэсүс рүү шөнөөр иржээ. Гэрт ороод, Никодим

– Рабби! Бурхан л хамт байхгүй бол Таны үйлдээд байгааг хэн ч хийж чадахгүй учир, Таныг бид, Бурханаас ирсэн Багш гэдгийг мэднэ гэв.

Иэсүс бол их Багш хэмээн Никодиим бодож байсан ч, Бурханы Хүү гэдгийг нь мэдэхгүй байлаа. Тэгтэл Иэсүс, тун ч санамсаргүйгээр, аливаа хүн Тэнгэрийн Хаанчлалд орохын тулд дээрээс төрөх ёстой хэмээжхүй.

Никодимд энэ нь нэг л ойлгомжгүй байсанд

– Хүн яаж дахин төрөх билээ? Эргээд хүүхэд болох гэж үү? хэмээн асуув.

Тэгэхэд нь Иэсүс

- Хүн дээрээс, Сүнснээс төрөх ёстой гэдгийг хэлсэн боловч Никодим амар ухаарахгүй л байлаа.

Тиймээс Эзэн юу хэлэх гэснээ түүнд

– Хүн бүр гэм нүгэлтэй тул өөрөө зөвт болж чадахгүй. Хүн зөвхөн Ариун Сүнсээр л өөрчлөгдөн, өөр хүн болж чадна. Гэхдээ хэрхэн ийм юм болж байгаа нь хүнд нууц байх болно хэмээн тайлбарлаж

– Салхи хүссэн зүгтээ үлээж, хүн чимээг нь сонсдог ч хаанаас ирээд хаашаа явж байгааг нь мэддэггүй. Сүнснээс төрнө гэдэг үүн лүгээ нэгэн адил юм гэлээ.

Гэвч энэ бүхэн Никодимд нэг л ойлгогдож өгөхгүй болохоор нь

– Энэ чинь яаж бүтэх вэ? гэсэнд Иэсүс,

- Гагцхүү Бурханы Хүүд итгэх итгэл л хүнийг зөвтгөх бөгөөд Бурхан Өөрийн Хүүг хүмүүсийн гэм нүглийн золиос болгож үхэлд тушаана гэдгийг тайлбарлаад

– Бурхан, хүний ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан аврахын тулд Хүүгээ илгээсэн юм гэлээ.

Никодим төдхөн, Эзэнд итгэж, дээрээс буюу Сүнснээс төрснөө хүлээн зөвшөөрөв. Ингээд, Бурханы Хүүд итгэсэн гэдгээсээ ичиж зоволгүй, олон түмнээс нуулгүй явах болов. Дайснууд нь нь Иэсүсийг эсэргүүцэн босоход ч тэрээр Түүнийг өмөөрч байжээ.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Никодим яагаад Иэсүстэй ганцаарчлан уулзахыг хүссэн бэ?

  2. Бурханы Хаанчлалд орохын тулд хүн юу хийх ёстой вэ?

  3. Бурхан юуны учир Хүүгээ энэ дэлхийд ирүүлсэн бэ?

60. Шөнийн айлчин00:00 / 03:34