
Канаад болсон гайхамшиг
Библи, Иоханы бичсэн Сайнмэдээ, 2 дугаар бүлэг, 1-11
Иэсүс шавь нартайгаа Галиилд ирснээс гурван өдрийн дараа Канаа гэдэг бяцхан сууринд нэг хурим болжээ. Иэсүсийн ээж Марии ч бас тэнд байлаа.
Тун ч хөгжөөн цэнгээнтэй энэ баяр дээр хүмүүс ууж идэж, дуулж бүжиж, хууч хөөрч, инээж хөгжилдөн байв. Иэсүс ч найз нөхөдтэйгөө олон зочдын тоонд багтсан бөгөөд энэ цэнгүүнийг ид оволзож байтал, Марии сандарсан маягтайгаар Иэсүс рүү ирээд
– Дарс дуусчихаж хэмээн шивнэв.
Харамсалтай! Хүмүүс хүргэний харамчийг гайхна шүү дээ. Иэсүс л нэг учрыг нь олно гэж Марии найдсан боловч, эхийнхээ юу хүсэж байгааг мэдсэн Тэрбээр хариуд нь
– Та Надаас юу хүсээ вэ, эмэгтэй? Миний цаг хараахан болоогүй байгаа шүү гэв.
Эзэн чухам юу хэлж байгааг Марии ойлгож, бас Тэр бүхнийг чадна гэдгийг ч мэдэж байлаа. Тиймээс найрын үйлчлэгчдэд ойртож, намуухнаар
– Хүү маань та нарт юу гэнэ, түүнийг ёсоор нь болго гэв.
Нээрээ ч, хэсэгхэн байтал Иэсүс тэр үйлчлэгчдэд дөхөн ирж, зургаан том шавар сав хоосон байгааг хараад
– Савнуудыг усаар дүүргэ! гэв.
Тэд ч багагүй зүтгэн байж зургаан савыг амсарт нь хүртэл дүүргэлээ.
– За одоо доторхыг нь найрын даа амсаад үзэг гэж Иэсүсийн хэлсэнд мөнөөх үйлчлэгч нар Түүнийг нүд бүлтийлгэн цоо ширтэв. Тэр юу ярьж байна аа? Баяр цэнгүүнийг удирдагч найрын даа, одоо, худгаас дөнгөж татсан усыг амсаж үзэх болж байна уу? Назаараас ирсэн энэ Залуу тэднийг даапаалж байгаа юм биш биз? Гэвч дараа нь тэд Мариигийн хэлснийг санаж, тушаасныг нь ёсоор болгох ёстой гэж шийдэв.
Найрын даа хүрч ирж, саван доторхоос шанагаар утган амандаа дөхүүлээд
– Хн гэж гүвтнэн сайшаах янзтай, тэр даруй хүргэн тийш зүтгэв.
– Чи ч сайхан найр үүсгэжээ хэмээснээ
– Гэвч нэг алдаа гаргасан байна гэв.
Хүргэн “Одоо ч мань хүн, дарс хүрсэнгүй гээд л зэмлэж гарах нь дээ” гэж бодон, зовонгуйгаар зовхио буулгав. Гэтэл найрын даа шал өөр юм ярьж
– Эхлээд сайн дарсаа гаргадаг нь ёс. Харин улс амьтан учир ялгахаа болиод ирэхээр нь хямд дарсаа аягалж болно. Гэтэл чи бүр яг эсрэгээр нь хийжээ. Зарц нарын чинь саяын юүлдэг хамгийн дээд зэргийнх байна шүү дээ гэв.
Хүргэн залуу, хэрхэн ойлгохоо ч мэдсэнгүй. Иэсүсийн ээж Марии, Хүүгээ инээмсэглэн харж суухад, харин Эзэний шавь нар “Үнэхээр, Бурхан Өөрөө хүмүүст тус болох хэмээн Иэсүсийг явуулжээ” хэмээн бодоцгоож байв.
Ярилцах асуултууд
3 асуултИэсүс шавь нартайгаа ямар сууринд ирсэн бэ?
Тэнд ямар үйл явдал болж байв? Ойрынхноосоо хэнтэй Иэсүс тааралдсан бэ?
Найран дээр юу тохиолдов? Иэсүс юу үйлдсэн бэ? Шавь нар нь Түүнд хэрхэн хандав?