Цөлд Иэсүсийн соригдсон түүх

Цөлд Иэсүсийн соригдсон түүх

Библи, Лукийн бичсэн Сайнмэдээ, 4 дүгээр бүлэг, 1-13

Ариун Сүнсээр дүүрсэн Иэсүс, Иардээнаас буцаж, цөлийн тийш Сүнсээр хөтлүүлэв. Иэсүс Христ энд ирээд, Бурханы болон Түүний Хүүгийн хувьд хамгийн заналт дайсан болох дьяволтай хийх ширүүн тулаанд орлоо. Энэ тэмцэл, Иардээнд байхдаа тэнгэрлиг Эцэгээсээ хүлээн авсан даалгавар буюу дэлхийг гэгээлэн өөрчлөх үйлсээр нь эхэлсэн юм.

Бурханы тогтоосноор Иэсүс цөлд очоод дьяволтай тааралдах ёстой тул Ариун Сүнс түүнийг цөл рүү хөтөлсөн ажээ. Иэсүс тэр цөлд дөчин өдөр, дөчин шөнө юу ч идэлгүй, юу ч уулгүй мацаглав.

Хүнээр нүгэл хийлгэхийг ямагт оролддог Соригч дьявол энэ үед Түүнд ойртож ирлээ. Иэсүсийг өлсөж туйлдсан дээр нь мэхэлж болно гэж тэр боджээ. Тэгвэл ч хэрэг бүтэх нь тэр, хэрвээ Аврагч Өөрөө гэм нүгэл хийчихвэл бусад хүний нүглийн төлөөс болж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр, хүмүүс хэзээ ч аврагдахгүй болно гэж үзээд дьявол

– Хэрэв чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж хэлээч! гэсэнд Иэсүс хариуд нь

– Хүн зөвхөн талхаар амьдардаг биш, харин Бурханы амнаас гарах Үг бүрээр амьдардаг юм гэв.

Иэсүсийг дьявол эсэргүүцэж эс чадав.

Гэвч дахиад л Иэсүсийг сорихоор шийдэж, Түүнийг их өндөр уулан дээр аваачин, дэлхийн хаант улсууд хийгээд тэдний сүр жавхланг харуулаад, ихэмсэг байдлаар

– Хэрэв чи надад сөгдөж мөргөвөл энэ бүхнийг Чамд өгье гэлээ.

Үүнд Иэсүс

– “Эзэн Бурхандаа л мөргөн, Түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг” болохоор Надаас зайл, сатаан аа гэв.

Дьявол дараа нь Иэсүсийг Иэрүшалээмд авчирч сүмийн өндөр хавтгай дээвэр дээр гаргаад зальжин өнгөөр

– Хэрэв Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр. Яагаад гэвэл “Намайг Тэнгэрэлч нартаа тушаахад тэд Чамайг гар дээрээ өргөн яваад, Чи хөлөө ч чулуунд цохихгүй” гэсэн байдаг хэмээв.

Эзэн Иэсүс ингээд, Библийг мушгин гуйвуулж тэрсэлдэх тэрхүү соригчтой үг зөрөхөө больж, Ариун Бичвэрийн үгээр

– “Эзэн Бурханаа бүү сорь” гэж бичигдсэн байдаг юм гэхэд Иэсүсээс юу ч олж долоогоогүй дьявол зайлж одлоо.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Дьявол яагаад Эзэн Иэсүсийн ажлыг нураахаар оролдсон бэ?

  2. Иэсүс цөлд хэрхэн аваачив?

  3. Иэсүст ямар гурван сорилтыг дьявол явуулсан бэ? Иэсүс үүнд нь хэрхэн хариу барив?

56. Цөлд Иэсүсийн соригдсон түүх00:00 / 04:04