Иэсүс баптислуулав

Иэсүс баптислуулав

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 3 дугаар бүлэг, 1-18, 21-22

Зэхариа Элизавээт нарын хүү Иоханы төрөх тухайд мөн л Тэнгэрэлч Гавриэль зөгнөж хэлсэн аж. Бурхан тун ч онцгой үйлчлэлийг Иоханд оноожээ. Өдий хүртэл тэрээр Иэхүдаагийн цөлд өсөж торнижээ.

Энд, цөлд түүний сүнслэг бодол сэтгэхүйг сатааруулах юу ч үгүй, Иохан төгс амар амгаланг эгээрч, Бурхан дотор байхыг л хичээж байв.

– Иардээн явж тэнд зааж номло! гэх Бурханы дуудлага Иоханд иржээ. Юу номлохыг нь ч Эзэн бас түүнд хэлж өгөв. Бурханы заасан газар луу Иохан дуулгавартайяа явж очлоо. Тэнд тэрээр, Иардээний хөндийд суугаа бүх хүнд хандан

– Гэмшицгээ! Амьдралаа өөрчилцгөө! Бурханы Хаанчлал газар дэлхийд ирж байна! Тэр бүр ингээд ирнэ, бэлэн байцгаа! Бахь байдгаараа байж болохгүй! хэмээн хэлж сургаж байв.

Эхэндээ, энэ уриа дуудлага хүмүүст хачин санагдаж байж. Зарим нэг нь Иоханыг шоолж, нөгөө хэсэг нь уурлаж эгдүүцнэ. Гэхдээ, энэ хүн Бурханы Үгийг номлож байна гэж мэдрэх хүмүүс ч байлаа.

– Баптислуулцгаа! хэмээн тэднийг Иохан уриалж

– Би та нарыг Иардээний усанд дүрж баптислана. Энэ бол зүгээр л усанд булхаж, хирээ угааж байгаа хэрэг биш, харин та нар өмнөх амьдралаасаа тасарч байгаагаа бүгдэд илэрхийж байгаагийн тэмдэг. Баптисм (Эзэн Бурханд итгэж зөв амьдрахаар шийдсэн хүнийг усанд умбуулаад гаргаж ирдэг зан үйл юм) бол та нарын шинэ амьдралын эхэн болох ёстой хэмээн хэлж байв.

Олон хүн баптислуулав. Тэд бас, энэ мөчөөс эхлэн шинэ амьдрал эхлүүлэхийг хүсэж байгаагаа найз нөхөд, танил талдаа ярьж хэлж байв. Тэдний үг сонсогчдынхоо сонирхлыг татаж, энэхүү Иохантай өөрсдөө танилцах хүслийг нь өдөөдөг байлаа. Зарим нэг нь Иоханаас

– Сонс! Чи ямар эрх мэдлээр хүмүүсийг баптислаж, бас тэднээс амьдралаа өөрчлөхийг шаардана вэ? Эш үзүүлэгчдийн ярьдаг, Бурханы

Хүү чи мөн гэж үү? гэхэд

– Үгүй ээ хэмээн Иохан хариулаад

– Би та нарын яриад байгаа Тэр биш. Миний тухайд эш үзүүлгэ бий. Олон жилийн өмнө, эш үзүүлэгч Иэшаяа “Эзэний замыг бэлдэхийн тулд цөлд хашхирагч нэгний дуу хоолой сонстоно” гэсэн нь миний тухай юм. Би та нарыг усаар баптислана. Харин миний дараа Ирэгч нь та нарыг Ариун Сүнсээр баптислана хэмээжхүй.

Иохан ийн ярьж байхдаа, голын эрэг рүү дөтлөх Явуулын хүнийг анзаараагүй байж. Иохан номлолоо зогсоогоод, эрэг дээр шавааралдах олны дундуур Нөгөө хүнийг дагуулан харж эхлэв. Хүмүүс ч Иоханы харцыг даган тэр зүг хандацгаав. Тэд, цугласан олны зүг ирж яваа Хүнийг олж хараад бүгд л түүнд зам тавьж өгч байлаа.

Тэгэхэд Иохан

– Харцгаа: Ертөнцийн нүглийн төлөөс болох, Бурханы Хурга энэ байна гэхэд

– Юү гэнэ вэ, цаадах чинь? хэмээн хүмүүс ухаж ядан бие биенээсээ лавлаж

– Бурханы Хурга гэнэ үү? Юү гэж ойлгох болж байна?

– Ер нь, энэ чинь юун Хүн билээ? гэлцэж байтал Иоханы чанга дуун, эрэг дээр байгсдын анхаарлыг дахин татаж

– Миний араас Ирэгч нь Бурханы Хаанчлалд, надаас ч илүү чухал. Тийм чухал болохоор би Түүний гутлын үдээсийг ч тайлахад тэнцэхгүй. Эш үзүүлгэ биеллээ. Та нарт миний яриад байсан Тэр бол одоо Энэ байна! гээд эш үзүүлэгч өөр лүү нь ойртож яваа Иэсүсийг заалаа.

Иэсүс түүнд бүр тулж ирээд ам нээн

– Би танаар баптислуулах гэж ирлээ гэв.

– Та надаар баптислуулах гэж үү? хэмээн Иохан тээнэгэлзээд

– Энэ чинь, би л Танаар баптислуулах ёстой шүү дээ!

– Ийм л учиртай юм, Иохан. Бурхан үүнийг хүсэж байна хэмээснээр хоёул Иардээн гол руу орж явчихав.

Иохан гараараа Иэсүсийн тэргүүн дээр дарж, өмнөх бусад олон хүнийхээ л адилаар Түүнийг усанд далд оруулав.

Гэтэл энд нэг ер бусын явдал болж, Иэсүсийг уснаас цухуймагц Ариун Сүнс тагтаан дүрээр Түүн дээр бууж ирээд, бас түүний дараа гарах дуу хоолой

– Миний таалал соёрхлыг тээгч Хайрт Хүү минь Энэ мөн! хэмээхийг бүгд сонслоо.

Иохан оноогдсон ажил хэргээ гүйцэлдүүлжээ. Аврагч ирнэ гэдгийг хүмүүст тэр хэлсэн. Тэгвэл Тэр нь одоо энэ Бурханы Хүү, Назаарын Иэсүс! Гэхдээ энэ нь, Иэхүдаа даяараа гэнэт л Эзэнд итгэчихлээ гэсэн үг биш, цөөн хэд нь л Түүнийг Багшаа гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Ярилцах асуултууд

3 асуулт
  1. Энэ олон жил Иохан хаана амьдарч байв?

  2. Хүмүүсийг баптисла гэж хэн түүнд хэлсэн бэ? Нүглийг хэн “угааж” чадах вэ?

  3. Иэсүсийг баптисм хийлгэсний дараа Бурхан Эцэг тэнгэрээс юу гэж хэлсэн бэ?

55. Иэсүс баптислуулав00:00 / 07:18