Иэсүс гэр бүлдээ

Иэсүс гэр бүлдээ

Библи, Лүүкийн бичсэн Сайнмэдээ, 2 дугаар бүлэг 40-52

Иэсүс Назаарт, мужаан Иосээфийн гэрт өсжээ. Түүнийг 12 нас хүрэхэд Иосээф Марии нар Иэсүсийг аваад Иэрүшалээм хотноо Алгасал баярт ирсэн байна.

Иэхүдаачууд жил бүр Алгасал баяр тэмдэглэдэг бөгөөд энэ үйл явдлаа баяртайгаар хүлээдэг байлаа. Бусад олон орныхон ч иэхүдаачуудтай хамт сүмийн баярт оролцдог тэрхүү Иэрүшалээмд зарим нь олон хоногийн аялал хийж ирдэг байж. Тэд тэнд, ард түмнээ хайрлаж, ямагт тусалдаг Бурханд магтаалыг өргөнө. Бүгд л баяр хөөрөөр дүүрэн бялхаж, ялангуяа, өнгөрөх жил арван хоёр нас хүрсэн хүүхдүүд бүр ч баярладаг байлаа. Яагаад гэвэл тэд энэ ёслол төгөлдөр баярт эрхийг анх авч байгаа юм.

Энэ удаа эцэг эх нь Иэсүсийг аваад айл хөршийнхөнтэйгөө Иэрүшалээмруу явжээ. Аян замын туршид Тэрээр юу эс үзэж, юуг эс сонссон гэхэв!

Иэрүшалээм орох замд олон сонин юм тааралдсан ч, хамгийн гоё нь уг хот өөрөө байлаа. Сүр жавхлан төгс сүм, нэг болж сүлэлдэх мянга түмэн дуу авиа. Иэсүс юуны түрүүнд, сүмийн алба үйлчлэл хэрхэн явдгийг сонирхож байв. Эцэг эх нь ч Хүүдээ энэ тэр үйл үйлдэл, ёс жаягийг нарийн тайлбарлаж өгөв.

Баяр долоо хоног үргэлжиллээ. Ингээд аянч мөргөлчид буцах замдаа оров. Харин Марии Иосээф нар хүүгээ хайгаад, хаанаас ч олсонгүй. Тэд Түүнийг, дандаа л хамт байдаг айл хөршийнхөнтэйгөө яваад өгсөн гэж бодож байж. Тэд сэтгэл амаргүйгээр замд гарлаа. Орой тийшээ тэд Назаараас ирсэн бусад мөргөлчдөө гүйцэж ирэв. Иэсүс нь тэдний дунд байхгүйг мэдээд эцэг эх нь айж сандран сүйд болов. Одоо яадаг билээ?

Иэрүшалээм руу буцахаас аргагүй болов. Арван хоёр насны хүүг хараагүй биз? хэмээн тэд тааралдсан болгоноос асууж сураглав. Энэ хэрийн насны хүүхэд харсан гэх боловч чухам тэдний хайж яваа хүүхэд мөн эсэхийг мэдэх хүн алга. Чухам өдийд хаана байж болохыг нь ч хэлээд өгчихмөөр хүн таарсангүй.

Иосээф Марии хоёрыг улам бүр айдас нөмөрч, сэтгэлийн зовлон нэмэгдсээр. Эцэст тэд сүмд дахин нэг орж, хуулийн багш нар Ариун Бичвэрийн талаар ном хаялцдаг тэр хэсэгт орохоор шийдэв. Тэндээс Иэсүсийг олно гэх найдвар тэдэнд бараг л байсангүй. Эрдэм номт томчуулын дунд жаахан хүүхэд юугаа хийхсэн билээ?! Тэдний яриаг ойлгох ч үгүй, үнэндээ бол Түүнд уйтгартай санагдана шүү дээ.

Гэтэл үнэн хэрэг дээр хамаг юм өөрөөр эргэж, нөгөөдүүл Хүүгээ сүм дотроос олох нь тэр. Марии Иосээф хоёр нүд чих хоёртоо арайчуу итгэв. Иэсүс нь хуулийн багш нарт эгэлгүй сүрхий асуулт тавьж, цаадуул нь чадан ядан хариулж, харин тэдний тавьсан асуултад Иэсүс тун ч мэргэн хариу өгч байна гэнэ. Тийм хариулт бүрийн дараа тэд гайхашран толгой сэгсэрч энэ Хүүгийн мэргэн ухааныг шагшиж байлаа.

Санаа амран баяр хөөр болсоор Марии Иосээф нар Хүүгээ тэвэрч авлаа.

Гэвч дараа нь Марии зэмлэнгүйгээр

– Чи чинь хааччихав аа? Чамайг бүр зөндөө хайлаа! гэхэд Иэсүс хариуд нь

– Энэ зуур Би дандаа л энд байсан. Би энд, тэнгэр дэх Эцэгийнхээ гэрт байна гэдгийг та нар мэдээгүй хэрэг үү? гэв. Иосээф ч, Марии ч хэлсэн үгийг нь ухаарсангүй. Тэд Хүүгээ аваад Назаар явлаа.

Том болохынхоо хэрээр, Иэсүс жилээс жилд улам л ухаантай болсоор байв. Тэрбээр, эцэг эхээ хайрлаж, үгэнд нь орж захирагдсаар арван найман нас хүрлээ. Иэсүсийг сүм дотроос олох үед Түүний хэлсэн үгийг эх Марии нь насан турш сэтгэлдээ хадгалсан ч эргэцүүлж тунгаагаагүй явжээ

Ярилцах асуултууд

4 асуулт
  1. Иэхүдаачууд ямар баярт оролцохоор Иэрүшалээм явсан бэ?

  2. Хүүхдийг хэдэн настайд нь сүмрүү Алгасал баярт авч явдаг байв?

  3. Иосээф Марии хоёр төөрүүлээд алдчихсан үед Иэсүс юу хийж байсан бэ?

  4. Анх сүмд очсоноосоо хойш Иэсүс хэдэн жил Назаарт амьдран эцэг эхийнхээ хараан дор байв?

54. Иэсүс гэр бүлдээ00:00 / 06:10